Үнэг, чоно, баавгай гурав

Нэг удаа үнэг, чоно, баавгай гурав хамтран хөх тариа тарихаар шийджээ. Тэгээд хөх тариаг боловсорч гүйцэхэд нь тэд түүнийгээ хурааж, юүж* болгон боож, юүжээ хатаагаад цохиж эхэллээ. Үнэгэнд юүж цохих нь залхуутай санагдав. Тэр нуур руу ан хийж, нугас барьж идэхээр гүйгээд явчихдаг байв. Харин баавгай өглөөнөөс шөнө болтол ажилладаг байлаа. Тэгээд тэр үнэгт хэлж ...гэнэ,
- Үнэг ээ, чи бага ажиллаж байна, харин би их ажиллаж байна. Үнэг ингэж хэлж гэнэ:
- Бид ургацаа шударгаар хуваах болно. Чи хамгийн ихийг нь, харин би хамгийн багыг нь авах болно гэв.
Тэгээд тэд юүжээ цохиж дууслаа. Сүрлийг нь нэг дор, хивэгийг нь нэг талд, харин будааг нь өөр газарт тавилаа. Сүрэл нь хамгийн их, хивэг нь дунд зэрэг, харин будаа нь хамгийн бага байв. Баавгай чоно хоёр ингэж хуваасанд нь ихэд баярлаж гэнэ.
- Үнэг ч шударгаар хувааж чаддаг юм байна шүү, гэж баавгай хэллээ. Надад хамгийн том овоо нь ноогдож байгаа нь зөв шүү гэв. Баавгай өөртөө сүрлийг авлаа, чоно хивэгийг, үнэг будааг авлаа.
Тэд өөрсдийн ургацаа тээрэм дээр аваачив. Тэгээд тээрэмдэж эхэлжээ. Үнэгний хуурай будааг тээрэм бяцалж байсан болохоор чангаар цохилон дуугарч байлаа. Чоно баавгайн хувьд тээрэм нь хивэг болон сүрлийг үрж байсан болохоор чимээгүйхэн л шуугиж байв. Баавгай асууж гэнэ,
- Үнэг ээ, чамайг тээрэмдэх болохоор тээрэм яагаад чанга цохилон дуугараад байгаа юм бэ? Харин биднийг тээрэмдэх болохоор яагаад чимээгүйхэн шуугиад байгаа юм бэ? гэв.
- Би тээрэмдээ элс нэмчихсэн юм, тэгээд л тэр цохилоод байгаа юм, гэж үнэг хариуллаа. Чоно баавгай хоёр бас тээрэмдээ элс нэмчихлээ, тэгтэл тэр нь цохилж, хахирч эхэлжээ.
Тэд гурилаа тээрэмдчихээд хөрөнгө чанаж эхлэв. Чоно баавгай хоёр харж гэнэ. Үнэгний хөрөнгө цайвар өнгөтэй бөгөөд пүр, пүр буцалж байв. Харин тэднийх бараан өнгөтэй бөгөөд дуугарахгүй буцалж байлаа. Тэд асуув,
- Үнэг ээ, чиний хөрөнгө яагаад цайвар өнгөтэй бөгөөд пүр,пүр гээд байгаа юм бэ? Чинийх илүү амттай байгаа байх аа. Амсуулаач гэхэд үнэг хэлж гэнэ,
- Эхлээд би та нарынхыг амсая. Дараа нь та нар минийхийг гэв. Үнэг тэдний тогоо тус бүрээс нэг нэг халбагадаж аваад мэдэгдэлгүйгээр өөрийнхөө тогооны захад тавьчихав. Дараа нь тэр хэлж гэнэ:
- Чоно оо, чи үүнээс амс даа, харин баавгай чи эндээс амс даа. Тэгээд тэд өөрсдийнхөө хөрөнгөнөөс нэг нэг халбагыг авлаа. Амслаа. Чоно хэлж гэнэ,
- Чиний хөрөнгө минийхээс илүүгүй юм аа гэхэд Баавгай, - Минийх амтгүй л дээ, гэхдээ бас чинийх ч гэсэн амтгүй юм байна гэхэд чоно,
- Үнэг ээ, харин чиний гурил яагаад илүү цагаан өнгөтэй байгаа юм бэ? гэхэд үнэг хариулав,
- Би түүнийг урсгал усанд угаачихсан юм, тэгээд л тэр илүү цагаан өнгөтэй байгаа юм. Чоно баавгай хоёр өөрсдийнхөө шуудайтайг аваад голын урсгалд хийчихэв. Тэгтэл урсгал ус тэдний гурилыг угааж бүгдийг нь хаман аваад явчихжээ.
Ингэж үнэг тэднийг хуурсан юм даа.
*Юүж - Тэвэр, боодол, баглаа.


Цааш нь...

Ачит баавгай

Нэг тугал сүргээсээ тасраад зөгийд хатгуулан оодогносоор алс бөглүү ойд төөрч гэнээ. Тэгж явтал хашир хөгшин чоно тааралдаад,
- Өөдлөхөд өнчин цагаан ишиг өөрөө гүйгээд ирнээ гэдэг боллоо. За чамайг иднэ, залгина! гэхэд тугал айн чичирч,
- Чоно гэдэг та юу? Ийм сайхан амьтан байж намайг иднэ гэхэд би л үнэмшихгүй гэхэд чоно,
- Чи намайг магтах нь уу? Эх чинь зааж өгсөн биз! Зоволтгүй,... магтаал надад хэрэггүй. Би хүн амьтанд хараалгасаар ирсэн түүхтэй гээд шүлсээ савируулан амаа ангайлган аахилав. Гэтэл ойн цоорхойгоос хүчит хүрэн баавгай гарч ирэхэд тугал хэлсэн нь
- Баавгай гуай энэ чоно гэгч амьтан намайг иднэ гэнээ. Энэ чоно намайг идэх ёстой юу? гэхэд баавгай хүрхрэн,
- Би бол энэ ан амьтны хаан юм. Чоно ч идэх ёсгүй. Би чамайг иднээ хөө. Чоно чамайг идэх гэвэл би үртэс болтол алгадна гэхэд чоно айн зугтлаа. Баавгай муухай хүрхрэн орилов. Тугал айгаад,
- Та яасан муухай дуугарна вэ? Би айгаад гэхэд баавгай,
- Тэгдэг юм. Чоно ч гэсэн айгаад зугтлаа. Надаас бүү ай! гээд тугалыг дагуулан ижилд нь хүргэж өгөөд Бух эцэг, Үнээ эхэд нь хандан,
- Үртэй амьтан байж үрээ бодохгүй яасан малууд вэ? Ёстой мал шиг мал байна шүү. Дахиад ингэвэл эцэг Бух тантай, эх Үнээ тантай хатуу ярина шүү, дуулав уу? гэхэд Бух, Үнээ зэрэг зэрэг мөөрч гэнээ. Баавгай мойтго мойтго цогион дундаа,
- Миний ачийг санаарай, Бухандай минь! гээд явсан гэнээ.


Цааш нь...

Хэрэгцээ

Олон хүүхэдтэй ядуу эр байжээ. Нэг хүүхэд нь ажилд тун дургүй бөгөөд өдрийн турш айл саахалтын хүүхдүүдтэй хамт дов толгодоор өдөржин дэмий тэнэнэ. Ядуу эр хүүгээ ажилд дургүй залхууг мэдэх учир нэг өдөр дуудаж,
- Хүү минь, чи одоо том болжээ. Бас эхнэргүй, тэгээд ажил хөдөлмөрт дургүй. Дов толгодоор хий дэмий тэнэж байна. Маргааш чи ойд очиж тэрэг мод авчир гэж даалгалаа. - Тэгье, аав аа гэж өөр аргагүй болсон хүү нь хариулав.
Маргааш өглөө ой уруу явахад хөгшин эцэг нь:
- Замд бэрхшээл тохиолдвол хэрэгцээг дуудаарай. Тэр л чамд тусална ...гэж захижээ. Хүү аавынхаа хэлснээр ой руу явлаа. Ойд очиж модоо ачаад буцаж явтал түлээ ачсан тэрэгний нь гол хугарчихжээ. Цаг орой болж байсан учир засах хэрэгтэй гэж залуу бодов. Гэнэт аавынх нь хэлсэн үг санагдлаа. Тэгээд л:
- Хэрэгцээ, хүүе Хэрэгцээ, хурдан ирж тусалаач! Чиний хэрэг гараад байна! гэж хашхирав. Гэвч хэрэгцээ ирсэнгүй.
- Хүүе хэрэгцээ! Ирж тэрэгний гол засаж өгөөч! Ирээч! Хэрэгцээ бас л байдаггүй. - Хэрэгцээ тэрэг засаж өгөөч! Би өлсөж байна! Би гэртээ хурдан харья! Хэрэгцээ бас л дүлий мэт бараа сураггүй. Түүнийг ирэхгүй болохоор залуу нэг мод аваад янзалж тэрэгний гол хийв. Тэгээд хийсэн голоо тэргэндээ хийж, сураар сайтар боолоо. Бүрэнхий болж байхад тэрэг дүүрэн модтой гэртээ иржээ.
- За хүү минь сайн явав уу? гэж эцэг нь асуулаа.
- Сайн явсан. Харин замд тэрэгний гол хугараад түүнийг сольж тавилаа. Таны хэлсэн ёсоор хэрэгцээг зөндөө дуудсан. Надад туслахыг гуйсан ч тэр ирсэнгүй. Өнөөдөр чих нь дүлийрчихсэн байсан байх. Хэрэгцээ ерөөсөө ирээгүй.
- За хүү минь хэрэгцээ гэдэг чинь тэр шүү дээ! Тэр чамд юу хийхийг сайн зааж өгчээ. Хэрэгцээ гэдэг чинь хүний нүдэнд харагдахгүйгээр хүрч ирээд чиний хүсээгүй боловч чамд хэрэгтэй зүйлийг зааж өгдөг юм хэмээн өвгөн инээмсэглэн өгүүлжээ.


Цааш нь...