Төмөр байшинтай мангас эмгэн

Эрт урьд цагт төмөр байшинтай мангас эмгэн арван хоньтой амьдардаг байжээ. Мангас эмгэн арван хонио өдөрт нь тууж гараад хариулж явдаг байв. Амьтан хүн жирийн малчин юм байж гэж бодоод л хүрээд ирэхээр нь манайд очиж цай уу. Би хониноосоо нэгийг алж өгнө гээд, мэхлэж төмөр байшиндаа авч ирээд төхөөрчихөөд байдаг байж. Нэг өдөр их өлсөж цангасан нэг бадарчин явж байгаад тэр мангас эмгэнтэй тааралдаж гэнэ.... Эмгэн их баярлаад манайд очиж цай унд ууж хонож өнжиж амар. Би энэ хэдэн хониноосоо нэгийг алж өгье гэхэд нь бадарчин их баярлаад л яасан сайхан зантай эгч вэ? гэж бодоод дуртай зөвшөөрч эмгэнийг дагаж явжээ. Тэр эмгэний арван хонь тарган гэдэг учиргүй. Ёстой сүүлээ дааж ядсан иргүүд байжээ.
Бадарчин хэдэн хонийг нь туулцсаар гэрт нь ирсэн чинь нэг жижигхэн төмөр байшинтай юм гэнэ. Эмгэн төмөр байшингийнхаа хаалгыг онгойлгож хэдэн хонио оруулаад бадарчинг ор ор гэж гэнэ. Бадарчин орж ирсэн чинь баруун талдаа өндөр үргэлж ортой, зүүн талдаа хэдэн хонио хашдаг хашлагатай голд нь гал зуухтай юм гэнэ. Эмгэн хаалгаа дотроос нь цоожлоод гал түлж бадарчинд сайхан цай чанаж өгөөд нэг хонины гуя өгсөн учир бадарчин ч хагартлаа идэж цаджээ. Эмгэн өргөн орныхоо ар талд бадарчинд ор дэр засаж өгөөд, өөрөө бадарчингийн өмнүүр унтаж гэнэ.
Шөнө бадарчин нэг сэрсэн чинь учиргүй их гал түлчихсэн маш халуун, эмгэн зуухны аман дээр суучихсэн нэг их урт төмөр улайсгаад гарган ирж хэд цохиж давтаж байгаад буцааж гал уруу шургуулаад бадарчингийн урдуур хэвжээ. Бадарчин:
- Энэ мангас эмгэн байжээ. Одоо намайг энэ улайсгасан төмрөөрөө сүлбэж алаад шарж идэх гэж байгаа юм байж, гэж мэдээд унталгүй сэрүүн хэвтэж байсан чинь эмгэн хурхирч эхэлжээ. Бадарчин босч хувцаслаад гарах гэтэл хаалга нь цоожтой, эмгэн түлхүүрийг өөрөө биедээ авч явдаг учир харанхуйд яаж ч болохгүй болжээ. Ингэхээр мангас эмгэнийг алж байж түлхүүр олж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол мангас, эмгэнд идүүлэхээс өөр аргагүй болжээ.
Тэгээд бодож байснаа тэр галд шургуулчихаад байгаа улайсгасан төмрөөр мангас эмгэний хоёр нүдийг сүлбэвэл сохор эмгэн барьж идэж чадахгүй гэж бодоод ухасхийн улайсгасан төмрийг шүүрч аван унтаж байсан мангас эмгэний хоёр нүдийг сүлбэжээ. Мангас эмгэн цочин харайж босоод, аа чи тийм сүрхий шулам байсан юм бий гэж бадарчинг үнэртэн хөөж гарчээ. Эмгэн баруун талд гарахаар нь бадарчин зүүн талд гараад, зүүн талд гараад очиход нь баруун талд нь үсэрч гараад бүтэн шөнө хөөцөлджээ.
Үүр цайж гэрэл гэгээ орохоор мангас эмгэн их ядарч бадарчин ч сульдсан байж гэнэ. Тэгсэн чинь хэдэн хонь нь бэлчээрт гарах цаг болов гэсэн маягтай үүд рүү хошуурч байжээ. Эмгэн:
- За чамайг би хэдэн хонио гаргаж зайтай болгож байгаад барьж амьдаар нь цусыг чинь сорно доо гээд хаалгаа таглан зогсож байж хонио ганц ганцаар нь нуруу гэдэс, хавиргыг нь илбээд л гаргаад байж, тарган том иргэнүүд болохоор гэдсийг нь илбэхээр дээр дээр үсрээд гадагш гарч байжээ.
Бадарчин яг хаалгаа голлон зогсож байгаад, эмгэн нэг хонины нурууг илбэчихээд гэдсэн доогуур нь гараа хийх гэтэл хонины дээгүүр нохой харайгаад орхисон чинь хонины нуруун дээр хамт хаалганы гадаа гарч гэнэ. Бадарчин унаад бостол мангас эмгэн хормойн үзүүрийг хальт самардаад хараал тавиад хоцроход нь бадарчин хэдэн тарган хонийг нь тууж аваад яваад өгчээ. Мангас эмгэн сохор учир яаж ч чадалгүй харангадаж үхэж гэнэ ээ.


Цааш нь...

Үлгэр хаанаас үүссэн тухай

Өгүүлэх нь: Олон жилийн өмнө монголчуудын дунд аймшигт хар цэцэг тахал дэлгэрээд хүн амьтан хэдэн зуу мянгаараа хиаран үхэж байв. Эрүүл үлдсэн нь өвчилснөө зол заяа нь мэдэг гэж амь зулбан дүрвэн зугатааж байжээ.
Арван таван настай залуу эр Тарваа гэгч бас тийнхүү ганцаар хаягдаж ухаан алдсанд сүнс нь биеэсээ зайлан одож тамын газар эрлэг хаанд очжээ. Эрлэг номун хаан сүнсийг нь үзээд ихэд гайхаж, “Амь нь гараагүй бие орхиод юунд ирэв?” гэж асуужээ. ... Тэр сүнс: “Биеийг минь нэгэнт үхсэнд тооцоод хаясан учир би гүйцэд үхэхийг нь хүлээсэнгүй ирлээ” гэжээ. Тэрхүү сүнсний ийм дуулгавартай хүлцэнгүй нь эрлэг хаанд таалагдсан учир эрлэг хаан өгүүлрүүн:
“Цаг чинь хараахан болоогүй буй. Эзэндээ буцаж очиж орогтун. Харин явахаасаа өмнө надаас юу хүссэнээ ав!” гээд тамын орноор дагуулан явжээ. Тэнд баялаг, тансаг, зол заяа, жаргал цэнгэл, баяр баясгалан, зовлон шаналал, нулимс, зугаа хөгжөөн, инээдэм наадам, дуу хөгжим, үлэг домог бүжиг дэвсэл тэргүүтэн хүний амьдралд дайралдаж болох бүхэн цөм бүрэн байжээ. Сохор Тарваагийн сүнс энэ бүхнийг үзээд үлгэрийг шилж авчээ. Эрлэг хаан түүнийг нь өгөөд газарт нь буцаажээ.
Сүнс нь амьгүй болсон биендээ эргэн ирвэл хэрээ нүдийг нь ухсан байв. Төрсөн бие ийм болсныг үзэхэд их л харамсалтай байсан боловч эрлэг хааны үгийг аймшиггүй зөрчиж чадсангүй. Арга буюу биендээ оршжээ. Сохор Тарваа үүнээс хойш удтал амьд явсан бөгөөд улс зон бүхний үлгэр мэргэ төлгийг андахгүй болжээ. Сохор мөртөө хожмын юмыг урьдаас мэддэг байв. Тэр хүн Монгол орноор хэрэн явж, үлгэр ярьж, түүгээр ард амьтныг сургамжилдаг байв. Монголчуудын дунд үүнээс хойш үлгэр ярьдаг болж гэнэ.


Цааш нь...

Алтан ваар

Зарим нь үүнийг байсан, харин зарим нь байгаагүй гэж хэлэх байх, гэхдээ хорвоо дээр зальтай хэрцгий хаан амьдарч байсан гэдэг нь үнэн юм шүү. Тэр амьдралдаа хэнтэй ч сайнаар харьцаж байгаагүй аж. Түүнд өрөвдөж хайрласан хүн байсангүй, энхрийлэн хайрладаг нохой ч байгаагүй аж. Балчир хүүхдээс авахуулаад настан буурлууд хүртэл бүгд л хаанаас айдаг байлаа. Тэр өөрөө ганцхан зүйлээс л айдаг нь хөгшрөлт байв. Хаан бүтэн өдрөөр өрөөндөө суун өөрийгөө ... толинд хардаг байлаа. Үсээ бууралтасан байвал түүнийгээ будчихдаг байв. Үрчлээ олж харах юм бол гараараа тэнийлгэнэ. "Би хөгширч болохгүй" гэж хаан бодож байлаа.
Одоо бүгд надаас айж байгаа, миний өөдөөс хэн ч сөрж чадахгүй байна. Хэрвээ хөгшрөөд чадалгүй болчих юм бол ард түмэн шууд л миний үгэнд орохоо болино. Тэгэхээр би тэднийг яаж захирах билээ?
Тэгээд хаан хөгшрөлтийн тухай хэзээ ч санахгүй байхын тул бүх өвгөчүүлийг алахыг тушаажээ. Хүний толгой дөнгөж бууралтаж эхлэх л юм бол, тэр хүний төгсгөл ирдэг байлаа. Сэлэм, сүхээр зэвсэглэсэн хааны цэргүүд түүнийг барьж аваад, талбай дээр аваачиж толгойг нь тас цавчдаг байв.
Улсын өнцөг булан бүрээс эмэгтэйчүүд болон хүүхдүүд хаан дээр ирцгээн, түүнд баялаг бэлэг өргөн барьж, гашуун нулимс урсган байж эцгүүдээ болон нөхрүүдээ өршөөхийг хаанаас наминчлан гуйх болжээ. Хаан өдөр болгон тэдний гомдлыг сонсохоос залхсан байлаа. Тэр зараачдаа дуудан, бүх хот тосгодоор, бүх зам талбайгаар явж, хаан агуу өгөөмөр зан гаргаж байгааг зарла гэж тушаалаа. Зараачид мориндоо мордон ийш тийшээ явцгаалаа. Бүх зам гудамжуудаар, талбайгаар явцгааж бүрээгээ үлээн чангаар зарла:
- Бүгд сонсоцгоо! Хаан та нарт ивээлээ хайрлаж байна. Нуурын ёроолоос алтан ваар гарган авсан хүн эцгийнхээ амийг аварна, харин ваарыг шагнал болгон авах болно. Хааны ивээл ийм байна. Ваарыг авч чадахгүй нь эцгээ аварч чадахгүй бас өөрөө толгойгоо алдах болно. Зараачдыг улсын талыг ч туулж амжаагүй байхад зоригт залуус нууран дээр цугларч эхэлжээ.
Нуур эгц ганга эрэгтэй аж. Түүний өндөр эргээс цэвэр тунгалаг усанд маш нарийхан амтай, сийлбэр хээтэй, тахир бариултай алтан ваар тодхон харагдаж байлаа. Ингээд ерэн есөн өдөр өнгөрлөө. Ерэн есөн зоригтон өөрсдийн аз жаргалаар аз туршжээ. Хэрцгий хаан ерэн есөн толгойг цавчсан байлаа. Яагаад гэвэл нуурын ёроолоос ваарыг хэн ч авч чадахгүй байлаа.
Тэр яг л тарнидуулсан юм шиг байв. Дээрээс нь харахад ваар хүн болгонд харагдаж байлаа. Харин усанд орсон хойноо хэн ч түүнийг олж чадахгүй байсан юм. Тэр үед хаант улсад Аскер гэдэг залуу амьдардаг байлаа. Аскер эцэгтээ маш их хайртай, тиймээс эцэг нь хөгширч, нүүрэн дээр нь үрчлээ гарч, үс нь бууралтан саарал өнгөтэй болж байгааг хараад, эцгээ бөглүү хол уулын хавцал руу дагуулан явж, тэнд байшин барин нуужээ.
Өдөр болгон, уулсын цаагуур нар орсны дараа залуу нууцаар хавцал руу явж, эцэгтээ хоол аваачиж өгдөг байв. Тэр эцгийнхээ хажууд суугаад бодлогширов.
- Хүү минь чи юунд санаа зовоо вэ? гэж өвгөн асуулаа. Магадгүй өдөр болгон ийшээ ирэхээс залхаж байна уу?
- Үгүй ээ эцэг минь гэж залуу хариуллаа. Таны эсэн мэнд байгааг харахын тулд би өдөрт гурван удаа энэ уулсыг давахад ч бэлэн байна. Миний сэтгэлд өөр нэг бодол байна. Өдөр ч, шөнө ч, миний толгойноос хааны ваар гарахгүй юм. Хичнээн бодсон ч, эргээс тунгалаг усан дахь ваар маш тод харагддаг, бүр гараа сунгах л бол бариад авчихмаар харагддаг. Харин хэн нэгнийг усанд үсрэн ороход ус шууд булингартан, ваар ёроолд нь шигдэн, хэзээ ч байгаагүй юм шиг алга болдгийг ойлгохгүй юм гэхэд өвгөн хүүгээ дуугүй сонсон бодлогоширов. Эцэст нь өвгөн,
- Хүү минь, надад хэлээч нуурын эрэг дээр, ваар харагдаж байгаа тэр газарт ямар нэгэн мод байна уу?
- Тийм ээ аав аа гэж залуу хэллээ. Эрэг дээр мөчирхөг том мод ургасан байдаг гэхэд өвгөн дахин асуув,
- Тэгвэл чи сайтар сана даа. Тэр модны сүүдэрт тэр ваар харагддаг уу?
- Тиймээ аав аа гэж залуу хэллээ. Модны том сүүдэр усанд тусдаг, тэгээд тэр сүүдэрт нь л ваар байрладаг.
- Тийм бол хүү минь намайг сонс гээд өвгөн хэллээ,
- Тэр модон дээр авирч гар, тэгвэл чи түүний мөчир дундаас хааны ваарыг олох болно. Харин усанд харагдаж байгаа тэр ваар бол зүгээр л түүний ойсон дүрс. Залуу хаан руу сумнаас ч хурдан давхилаа.
- Би толгойгоороо дэнчин тавьж байна гэж тэр хашгирлаа. Өгөөмөр хаантаан би таны ваарыг авчирна аа! Хаан хөхөрлөө:
- Тэгш тоонд хүрэхийн тулд чиний л толгой надад дутаад байна. Би ерэн есөн толгой тасдсан, чинийх зуу дахь нь болох болно.
- Магадгүй тийм байж ч болох юм, үгүй ч байж болох юм гэж залуу хариулав. Гэхдээ энэ удаад таныг тоогоо тэгш болгож чадахгүй гэж би айж байна.
- За яахав азаа турш даа гэж хаан хэлээд зарц нартаа сүхээ улам хурцлахыг тушаажээ. Харин залуу эрэг дээр очоод юу ч бодолгүй шууд эрэг дээр ургаж буй модонд авирч эхэллээ. Эрэг дээр цугларсан хүмүүс гайхан дуу алдацгаав.
- Аллах түүнийг өршөөг! Айснаасаа болоод түүний ухаан самуурсан юм шиг байна! гэж зарим нь хэлж байлаа. Магадгүй тэр модноос ус рүү үсрэх гэж байгаа юм болов уу гэж зарим нь хэлнэ.
Харин залуу тэр үед модны орой дээр авиран гарч, мөчир дундаас нарийхан хоолойтой, сийлбэр хээтэй, тахир бариултай алтан ваарыг оллоо. Гэхдээ ваарыг модон дээр ёроолыг нь дээш харуулан өлгөсөн байв, тийм болохоор тэр ваар хүн болгонд усанд байх ёстойгоороо амсар нь дээшээ харан байгаа юм шиг санагддаг байжээ. Залуу ваарыг модон дээрээс аваад хаанд барьж ирэв.
Хаан гараа алдлан хэлсэн нь,
- Би чамаас ийм ухаан гарна гэж бодсонгүй. Ингэхэд чи өөрөө ваарыг олсон уу гэхэд,
- Үгүй ээ гэж залуу хариулав. Би өөрөө бодож олоогүй. Гэхдээ надад таны энэрэлт харцаас нуусан хөгшин эцэг бий, тэр л хаан таны ваар нуусан аргыг бодож олсон юм. Би зөвхөн түүний зөвлөснөөр хийсэн гэхэл хаан бодлогоширов.
-Хэрвээ нэг өвгөн ерэн есөн залуугийн олж чадаагүйг олж чадаж байгаа бол өвөгчүүл залуусаас илүү ухаантай юм шиг байна гэж тэр хэллээ.
Тэгээд тэр үеэс хойш тэр улсад хэн ч өвгөчүүлд хуруугаа ч хүргэж чадахаа больжээ. Бүгд л тэдний буурал толгой болон ухааныг хүндлэн, хэрвээ хөгшин хүнтэй тааралдах юм бол түүнд зам тавьж өгөн гүнээ мэхийдэг болжээ.


Цааш нь...

Үнэг ба хуц

Нэг удаа үнэг дээгүүр харан гүйж яваад ширгэхээ дөхсөн худагт уначихаж гэнэ. Үсрэн гарахаар олонтоо оролдсон ч чадсангүй. Яаж эндээс гарах вээ хэмээн аргаа баран бодон суув. Харин тэр үед хажуугаар нь нэгэн хуц явж байгаад худаг руу өнгийснөө... үнэг байхыг олж хараад,
- Үнэг ээ, чи наанаа юу хийж байгаа юм бэ? гэхэд үнэг:
- Амарч байна аа, хонгор минь гэж хариуллаа. Дээр халуун байна, харин энд сэрүүхэн сайхан байна шүү! Тэгээд бас хүссэнээрээ хүйтэн ус ууж болно!
Харин хуцны ам нь цангаж байлаа.
- Ус нь цэнгэг юм уу? гэж хуц асуув.
- Гайхалтай! гэж үнэг хариуллаа. Цэвэрхэн хүйтэн! Хэрвээ хүсэж байгаа бол ийшээ үсэр. Энд чамд ч надад ч зай байна гэхэд хуц худаг руу үсэрлээ, тэгтэл үнэг түүнд хэлж гэнэ:
- Өө чи чинь үсэрч чаддаггүй юм байна. Намайг тэр чигээр нь ус болгочихлоо гээд үнэг хуцны нуруун дээр үсрэн гараад, нуруунаас нь эвэр дээр нь дамжин худагнаас үсрэн гарлаа. Харин хуц худагт бараг л өлсөж үхэх шахсан юм. Түүнийг арай гэж олоод эвэрнээс нь татан худагнаас гаргажээ.


Цааш нь...

Буга тэмээ хоёр

Эрт цагт бурхан багш амьтдыг бүтээхдээ үхрийн бөөр, тэмээний засаа хоёрыг мартчихжээ. Үхрийг бөөрөө нэхэж ирэхэд нь үлдсэн бөөрний өөдөс эвлүүлж дэвлүүлж байгаад арай нэг юм бөөртэй болгож өгч гэнэ. Ингээд үхрийн бөөр үйж зүүсэн юм шиг эрээн алаг болсон юм байжээ.
Тэмээ засаагаа авах гэж ирэхэд нь мөн л үлдсэн жаахан засаагаа... өгсөн чинь,
- Би ийм том биетэй амьтан, наадах чинь даанч жижигхэн юм гээд голоод авсангүй гэнэ. Тэхлээр нь бурхан уурлаад ”Aвбал ав! Байвал бай!” гээд хойноос нь шидчихсэн чинь хоёр жижигхэн засаа ард нь очоод наалдчихаж гэнэ. Тэмээний засаа ардаа байдгийн учир энэ гэнэ.
Буга бурхан багшийг амьтанд юм хайрлаж байна гэж дуулаад эвэр гуйж очиж гэнэ. Бурхан бугад:
- Хамгийн сайхан эврийг тэмээнд өгсөн. Чи түүнээс авч чадвал аз гэж хэлээд явуулжээ. Буга тэмээтэй уулзаад,
- Эврээ ганцхан өдөр өгнө үү? Би амьтны хуриманд гоёод маргааш усан дээр уулзахдаа авч ирж өгье гээд гуйгаад байхаар нь тэмээ эврээ өгчээ.
Маргааш тэмээ усан дээр ирж эврээ авах гэж бугыг хичнээн хүлээвч тэр ирсэнгүй гэнэ. Үүнээс хойш тэмээ ус уух болгондоо буга эврийг минь өгөх болов уу гэж ийш тийшээ харж, алсын бараа харж зогсдог болсон гэнэ. Харин буга тэмээний эврийг мэхэлж авсан тул түүний эвэр нь жил болгон гуужин унадаг учиртай юм гэлцэнэ.


Цааш нь...

Хазаар өвс үндэсгүй болсны учир

Эрт урьд цагт нэг айхавтар хараалч эмгэн байж гэнэ. Тэр хараалч эмгэнийг хараал хэлэхийн завдалгүй харваж алах хүн хэрэгтэй байжээ. Чингис хаан Хасарыг энэ эмгэнийг хараал хэлүүлэлгүй харваж унага! гэж зарлиг болж гэнэ.
Хасар ч харваж, хараалч эм ч унаж гэнэ. Яагаад ч юм амь алдаж, харвасан учир тэр эм хазаар өвснөөс татаад өндийж босохыг оролдтол хазаар... өвсний үндэс нь тэрнийг даасангүй тасарчээ. Тэр эм амь тавихынхаа өмнө: “Хасарын удам мөхөг, Хазаар өвсний үндэс нь тасраг” гэсэн хараал амжиж хэлжээ. Тэрнээс болж хазаар өвс үндэсгүй болсон юм гэнэ. Хасарын удам угсаа ч бас тасарсан юм байх.


Цааш нь...

Ховдог өвгөн

Эрт урьд цагт нэг эмгэн, өвгөн хоёр амьдарч байжээ. Өвгөн нь маш хоолсог ховдог бөгөөд хэдэн малыг нь алж идсээр байгаад дуусгажээ. Эмгэн аргаа бараад ганц тугалтай үнээгээ харамлан хайрлаж, хамгаалж түүний сүүгээр амьдарч байв. Гэтэл нэг өдөр эмгэн аргал түлш түүж яваад эргэж ирсэн чинь өвгөн нь тугалыг нь алаад идчихсэн байжээ. Эмгэн уур хилэн, уй гашуу болж байж ганц үнээгээ сааж уусаар л байж гэнэ.... Нилээд хэд хоож байтал нэг шөнө хөгшин нь худлаа унтагч болж хэвтэж байгаад эмгэнийг унтмагц босч очоод ганц үнээг нь алаад идчихжээ. Эмгэн өглөө босоход зөвхөн дэлэн нь үлдсэн байж гэнэ. Тэгэхээр нь эмгэн дэлэнгий нь аваад ууланд гарч хаданд наачихаад сааж уугаад байжээ. Энэ дэлэн маш их сүү гардаг байсан болохоор, эмгэн ганцаараа ууж барахгүй бүр тараг айраг хийдэг болжээ.
Эмгэн ганцаараа баян тарган элбэг дэлбэг амьдарч гэнэ. Тэгээд нэг өдөр хөгшин маань яаж байдаг бол гэж бодоод нэг гүзээ айргийн тос, нэг тулам ааруул аваад өвгөнөө эргэхээр очжээ. Сэмхэн явсаар гэрийн нь гадаа очиж хатавчаар шагайн харвал өвгөн нь үүнийг өнөөдөр үүнийг маргааш иднэ гэсэн долоон хорголоо тоолж суужээ. Тэгэхээр нь өрхөөр нь ааруул тосоо шидэж оруулсан чинь өвгөн түүнийг авч үзээд, Ай хайрхан минь, Хаан аавын хишиг болов уу? Хатсан эмгэний хишиг болов уу? гэж хэлээд иджээ. Эмгэн сэмхэн буцаад явчихаж гэнэ.
Олон хоног өнгөрсний дараа намар болж хүйтэн сэрүүн орох үеэр эмгэн нь дахин нэг удаа хөгшнөө эргэж очжээ. Мөн л нэг гүзээ тос нэг тулам аарцтай очжээ. Гэтэл хөгшин нь хөдөлж чадахгүй болсон орон дээрээ хэвтжээ. Эмгэн мөн л өрхөөр нь тос ааруул хоёроо шидэж өгчээ. Гэтэл энэ удаад ааруул тос нь тулганы доод талд унаж гэнээ. Хөгшин ухасхийн өндийж ааруул тосны үнэр авангуут өрөвхөн залгихаар сорчихсон чинь замд нь байсан тулгаа давхар ховх сороод тулга нь хоолой дээр нь тээгэлдэж хахаж үхжээ.


Цааш нь...

Гурван алтан бэлзэг

Эрт урьд цагт нэг хаан байжээ. Тэр хаан айл зэргэлдээ олон гүрэнтэй дайтан, хамаг сан хөмрөгөө шавхаж гэнээ. Тэгээд сан хөмрөгөө аривтгахыг эрэлхийлж өдрийн бодол, шөнийн зүүдэнд дарагдан явах болжээ.
Нэг өдөр хаанд нэг бодол төржээ. Түүний албат ардын дотор алт эрдэнэ олж баяжсан нэгэн харц хүн бий бөлгөө. Тэр харц эд ...агуурсаа ядууст тарааж тэтгэдэг байжээ. Иймээс хаан тэр харцыг ялд унагаж эд агуурсы нь хураан авахаар шийдэж гэнэ. Дэлхийд лалын шашин, бурхны шашин, эрхүүдийн шашин буй бөлгөө. Энэ гурван шашны аль нь үнэн, аль нь худал буй хэмээн асууна. Хэрэв нэгийг нь үнэн, хоёрдохыг нь худал гэвэл чи тийм ариун шашныг худал гэв гээд ялд унагана. Одоо тэр миний гараас гарахгүй гэж бодоод хаантан нөгөө харцыг дуудаж:
- Орчлонд лал, эрхүүд, бурхны шашин буй бөлгөө. Энэ гурван шашны аль нь үнэн буй? Чи хэлж өгнө үү? гэсэнд харц язгуураас хэрсүү сэргэлэн, ухаан самбаатай болохоор хааны ямар урхи бэлдсэнийг тааварлаад,
- Ийм чухаг зүйлийг шүүхэд мунхаг миний ухаан яахин хүрэх билээ. Гэвч эртний нэгэн үлгэрийг жишээ татан хариулахыг бодъё, гээд өгүүлрүүн:
- "Эрт урьд цагт нэг их хаан байжээ. Тэр хааны удам судрыг сөхвөөс хаан залгамжлах хун тайждаа нэгэн алтан бэлзэг өгдөг байжээ. Алтан бэлзэг авсан хүү эцгийн орыг эзэлж өөрийн оронд суух хун тайждаа өгдөг тэр ёс улирсаар мянган үеийг өнгөрөөжээ. Гэтэл тэр хаан гурван хүүтэй тэдэндээ адилхан хайртай, тэгээд ийн боджээ. Алтан бэлзгийг ууган хүүдээ өгвөл хоёр бага нь гомдоно. Дунд хүүдээ өгвөл их, бага хоёр нь гомдоно. Отгон хүүдээ өгвөл хоёр ах нь гомдоно. Тэгээд нэг өдөр мэргэн ухаан олж, нэг дарханыг дуудан ирүүлээд нөгөө алтан бэлзгийг өгч чи үүнтэй адилхан хоёр алтан бэлзэг хий. Энэ нууцыг задалж хэрхэвч үл болно хэмээн хатуу тушаажээ. Дархан нөгөө бэлзэгтэй нь ав адилхан хоёр алтан бэлзэг хийгээд ирсэнд хаан ууган хүүгээ дуудаж нэгий нь өгөөд:
-Чи аавынхаа орыг эзлээрэй гэсэнд ууган хүү нь алтан бэлзгийг баярлан авч бусдаас нуун хадгалжээ. Хаан дараа өдөр нь дунд хүүгээ дуудан нэг алтан бэлзэг өгөөд:
-Чи аавынхаа их орыг эзлээрэй гэсэнд тэр алтан бэлзгийг баярлан авч олноос нуун хадгалжээ. Түүний дараа өдөр хаан, отгон хүүгээ дуудаж үлдсэн алтан бэлзийг өгөөд:
-Чи хаан аавынхаа их орыг эзлээрэй гэсэнд тэр мөн л алтан бэлзгийг баярлан авч түмнээс нуун хадгалжээ. Нэг сайн өдөр хаан насан өөд болжээ. Ууган хүү нуусан алтан бэлзгээ гаргаж:
-Би аавын их орыг эзлэнэ гэсэнд дунд хүү мөн л нуусан алтан бэлзгээ гаргаж.
-Би аавын их орыг эзлэн гэвэл отгон хүү нь бас л нэг бэлзэг гаргаж:
-Би бас эзлэнэ!- гэв. Албат ард цөмөөр тэр гурван бэлзгийг үзэж аль нь үнэн, аль нь хиймэл бэлзэг болохыг ялган салгаж ядааж эцэс сүүлд нь улс гүрнээ гурав хувааж, гурван хүүд адил хувь хүрээ гэсэн үг буюу хэмээн гурван хэсэг болгон гурван хүү алба барих болжээ". Таны асуусан лал, эрхүүл, бурхны шашин гурав дээрх гурван алтан бэлзэгний үлгэртэй адил буюу. Тиймээс би аль нь үнэн, аль хоёр нь худал болохыг хэрхэн ялган салгаж чадах аж дээ, гэсэнд хаан, харцын их ухаанд биширч ялд унагаж чадалгүй тавьж, харин их шан хүртээжээ. Ийнхүү харц, хартай хэрсүү хааныг давжээ.


Цааш нь...