Ертөнц хийгээд хүний үүсэл

Эрт цагт дэлхий гэж байсангүй нэлэнхий их ус байв. Шагжамүни, Майдар, эцэг бурхан энэ гурав нийлж дэлхийг бий болгохоор усан дунд явж байсан чинь ангат гэдэг шувуу арван хоёр дэгдээхийгээ дагуулаад хөвж явжээ. Тэр гурван бурхан:
-Чи усны ёроолд шумбаж очоод тэндээс хар, улаан шороо, элс авчирч өгөөч гэж хэлжээ. Ангат шувуу гурван бурхны үгэнд орж усны ёроол уруу шумбаж ороод хар шороо улаан шороо, элс гурвыг зөөж авчирж өгөв. Гурван бурхан нөгөө шороо, элсийг нь усан дээр цацаж газар дэлхий бий болгоод мод, ургамал ургаж дэлгэрүүлж гэнэ. Дараагаар нь хүн бий болгожээ. ... Хүний биеийг улаан шавраар, ясы нь цагаан чулуугаар, цусы нь усаар бүтээв. Ийм янзаар тэр гурван бурхан эр, эм хоёр хүн хийсэн юм байна. Тэгээд энэ хоёр хүнээ яаж амь оруулж амьдруулах, хэн нь харж хандаж явах тухайгаа хэлэлцэж гэнэ. Тэгээд гурван бурхан бие биенийхээ өмнө ваар сав тавиад хэнийх нь саванд гэрэл цацарч байвал тэр нь хүнийг харж хандаж явахаар ярилцаж тогтоод унтаад өгчээ. Маргааш өглөө нь Шагжамүни бурхан хамгийн түрүү сэрээд харсан чинь Майдар бурхны өмнөх саванд гэрэл цацарч, цэцэг дэлгэрсэн байв гэнэ. Тэгэхлээр нь Шигмүни, Майдарын өмнөхийг өөрийнхөө өмнөхтэй сольж тавиад хэвтээд өгчээ. Дараа нь гурвуул сэрээд харсан чинь Шагжамүни бурхны өмнөх саванд цэцэг дэлгэрч, гэрэл цацарч байжээ. Тэгээд Шагжамүни бурхан харж хандаж явах болсон юм байна. Харин Майдар бурхан Шагжамүнийг өөрийнхөө өмнөх гэрэл, цэцгийг мэхлэж авч сольж тавьсныг мэдээд:
-Чи намайг залилж мэхэлсэн учир чиний хүмүүс чинь бие биенээ хуурч мэхэлж, худалч, хулгай хийж явах болно гэж хэлжээ. Тэгээд Майдар бурхан Эцэг бурхан хоёр тэнгэрт гарч, Шагжамүни хийсэн хоёр хүнтэйгээ газарт үлджээ. Бурхан анх хүнийг бүтээхдээ даарч хөрөхгүй байлгах гэж үстэй болгож, харин нохойг нүцгэн хийсэн юм байна. Шагжамүни хоёр хүнээ унтаж байх хооронд нохойгоор сахиулж орхиод өөрөө тэнгэрт гарчээ. Энэ хооронд нь чөтгөр хүрч ирсэнд нохойы хуцаж боргоогоод унтаж байгаа хүн уруу ойртуулахгүй байв. Чөтгөр тэгэхлээр нь:
-Чи намайг бүү боргоо! Би чамд идэх юм өгье бас хүн шиг үстэй болгож өгье. Чи даарахгүй болно шүү дээ гэв. Нохой чөтгөрийн үгэнд ороод хуцаж боорлохоо болив. Тэгээд чөтгөр нохойг хооллож, үс ургуулж өгөв. Тийм учраас нохойн үс бузар гаж хэлэлцдэг юм. Чөтгөр унтаж байгаа хүн уруу ойртож ирээд тал талаас нулимж нулимчхаад яваад өгчээ. Шагжамүни бурхан тэнгэрээс бууж ирээд чөтгөрт хорлуулсан хүмүүс, бас үстэй болсон нохойг хармагц маш их хилэгнэж нохойд:
-Чи хэзээ ямагт өлсгөлөн явах болно! Яс хэмлэж, даарч хөрч, хүний угаадас долоож, түүнд зодуулж жанчуулж яв! Гэж хэлэв. Дараа нь Шагжамүни бурхан хүний бузартсан үсийг авч цэвэрлээд, зөвхөн толгой болон бусад газрын нь цэвэр үсийг үлдээсэн юм санжээ. Хүн унтаж байхдаа гараараа толгойгоо таглаж байсан учир толгойн үс нь чөтгөрийн шүлсэнд бузартаагүй юм байна. Ингэж анхны хүмүүс үсгүй, нүцгэн болсон учиртай юм гэнэ.


Цааш нь...

Шинэ хичээлийн жил

Сайн байцгаана уу? Эрхэм уншигч авхай та дэлгэр зуны цагаар дэнж хотойтол наадаж, сайхан амарсан биз ээ. Би алтан намрын улирал айлчлан ирж амьтай бүхэн хатуу ширүүн өвөлдөө бэлдэн завгүй байгаа энэ үеэр эргэн та бүхэнтэй мэндчилж байгаадаа таатай байна. Би та бүхнийг өнөөдрөөс эхлэн монгол ардын аман зохиолын ширгэшгүй их далайн нэгээхэн цүнхээл болсон домог үлгэрүүдтэй танилцуулах болно. Таалан соёрхоно уу.


Цааш нь...