Тал дугуй

Эрт урьд цагт ганцхан шавьтай нэг багш лам байж гэнэ. Багш нь шавьдаа ном заахаас гадна элдэвт сургаж, зарцлахыг их боддог байсан юмсанжээ. Үүн дээрээс болж багш шавь хоёрын хооронд өөг төөг яриа бишгүй л гардаг болсон юм гэнэ.
Багш нь нэг өглөөгүүр хуралд явахдаа гавжийн нэг бүтэн дугуй авч өгөөд “Чи үүнийг гадаа байшинд хийж орхи, харин битгий идчихээрэй” гээд гарчээ. Багш хуралд хурж ядраад оройхон хэрд харьж ирэв. Гэтэл ашгүй багшийн манж халуун байхад нь баясч “За хүү минь нөгөө дугуйгаа аваад ир” гэжээ. Хүү удалгүй тал дугуй барьсаар орж ирэв гэнэ.
Багш “Хүүе тал нь яав аа?” “Багш аа? Тал нь энэ байнаа” гэж шавь хүү уриалгахан хэлээд, барьж байв.
Багш “Үгүй ээ? Нөгөө хагас нь хаана байна вэ?” гэв.
Шавь улам сайхан эелдгээр “Багш минь ээ? Нөгөө л хагас нь энэ л байна даа!” гээд барьж байсан дугуйг эргүүлэн бариад зогсч байлаа.
Багш “Хөөе гэм! Хагас нь хаана байнааа?” гэсэнд шавь “Аяа багш минь ээ! Толилон соёрхож хайрлана уу? Хагас нь энэ л байж байна даа. Осолгүй хагас нь энэ мөөн.
Мөнөөр барахгүй мөн чанарын мөөн” гэжээ.
Багш ихэд бухимдаж “Үгүй ээ, ердөө нөгөө хагас нь яасан бэ гэж би асууж байна шүү! гэв.
Шавь “Ээ багш минь! Та яагаад болгоож хардаггүй юм бэ? Яахын аргагүй л нөгөө хагас нь энэ мөн дөө” гээд эргүүлж бариад зогстол багш босон харайж “Чи яасан юм ойлгодоггүй тархи вэ?” гээд шавь хүүг гэр тойруулан хөөсөөр явав.
Тэгтэл шавь хүү зугтааж явах зуураа хэлсэн нь: “Багш минь ээ! Хүн харвал аягүй юм биш үү? Бид хоёрын хэн нь хэнийгээ хөөж явааг хэн олж мэдэх билээ! Нэг харахад багш нь шавиа, нэг харахад шавь нь багшаа хөөж яваа юм шиг үзэгдэх юм аа” гэж хэлээд л инээж явж гэнэ.
Багш нь энэ үгийг сонсоод “Еэ дээ, чи зовлонтой шавь юм даа” гэж инээд алдаад больжээ. Багш “За чи битгий ингэж бай! Ихийн шийр барьж явсан нь дээр шүү дээ! Үүнээс хойш томоотой байгаарай, мэдэв үү! Баахан ихийн шийр барьж бай!” гэв.
Маргааш нь багш хуралдаа явж шавь гэртээ үлдэв. Багш гэртээ орой иртэл гэр нь хав харанхуй байсанд гайхаж “Хүүе, чи хаана байна аа?” гэж хашгиртал “Багш аа! Би энд л байна даа” гэж шавь хүү гэр дотроо дуугарав. Багш шалавхан гэрэл асаагаад хартал шавь хүү гэрийн хойморт хоёр гартаа тэмээний шийр бариад маш томоотой янзтай сууж байв.
Багш “Чи чинь яаж суугаа нь энэ вэ?” гэхэд шавь хүү “Би багшийн зарлиг ёсоор ихийн шийр барих гэсэн чинь тэмээний шийрээс томхон юм надад олдсонгүй” гэлээ.
Багш “Еэ дээ чи дээ! Чамайг үхсэн хойно би чиний толгой дээр ерөөл уншиж өгнө гэж бүү сана даа” гэв. Хойтон зун нь багшийн хөдөөлөх цаг болсон тул морь тэмээн хөсөгтэй хөдөөгийн нэг хүн иржээ.
Багш шавь хоёр баясч хөдөө гарах боллоо. Ачаатай хоёр тэмээг хөдөөнөөс ирсэн хүн хөтлөж багш шавь хоёр тус тусдаа морьтой дагаж гарлаа. Тэд хийдээс нэгэнт холож хөдөөгийн дардан замыг дагаж алхуулахад нөгөө шавь ачааны өмнө хойно гарч давхих зэргээр энэ тэрийг сонирхон явна.
Багш лам ачаа дагаж уншлагаа базаана. Ингэж баахан явсаар нэг хамар дээгүүр гараад очтол замын хажууд нэг хүнийг тун саяхан нутаглуулсан бололтой нүүр нь хадгаар бүтээлгээтэй хэвтэж байх дайралдав гэнэ.
Багш мориноос бууж үхсэн хүний толгойн дэргэд суугаад ерөөл уншин ламын ёсыг гүйцэтгэжээ. Тэгээд босч мориндоо мордоод явах гэтэл морь нь үргэв. Нөгөө үхсэн хүн нь босоод “За багшаараа амьддаа ерөөл уншуулж авлаа” гээд шавь нь инээж байхыг багш лам хараад зэвүүцсэн сэтгэл нь онгойж юу ч хэлсэнгүй цаашаа гэлдэрч явтал удалгүй шавь гүйцэж ирсэн гэнээ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: