Хатан голын* ус яагаад булингартай болсон бэ?

Эрт цагт ганц охинтой эмгэн өвгөн хоёр амьдардаг байжээ. Охиноо харийн нутагт хадамд гаргаад гурван жил болсон хойно махчин болсон гэж сонсов. Энэ үгийг сонсоод ээж нь итгэж чадахгүй, өөрийн нүдээр очиж үзэхээр шийдээд өвгөндөө хэлсэнд,
- Явж болохгүй, чамайг ч бас иднэ гээд явуулсангүй. Гэвч эмгэн өдөр бүр уйлж унжин,...
- Охин минь махчин болсон байлаа ч арай ч эхийгээ барьж идэхгүй байлгүй гэж гуйсаар байж зөвшөөрүүлж гэнэ. Учир нь махчин хүн их хурдан болдог ч сувай ингийг гүйцэж чаддагүй юм гэнэ. Ингээд эмгэн сувай ингээ унаад охиноо үзэхээр явжээ. Охин нь хатан голын цаад эрэгт суудаг байв.
Эмгэнийг хүрч очиход Хатан гол үерлээд эргээ халин урсаж байв. Эмгэн голын эргээр явж явж арай гэж нэг гарам олоод гаталж гарав. Ээжийгээ очиход хүүхэн гэрээсээ гарч ирээд,
- Хүүе, ээж минь ирлээ. Яасан сайн юм бэ? гэсээр тосон ирж, гэртээ оруулав. Гэрт нь хэн ч байсангүй, охин нь ганцаараа суудаг бололтой байв гэнэ. Хүүхэн аяга цай хийж өгөөд ээжийнхээ эрүүг илж үзсэнээ,
- Манай ээж нэлээд мярайтай болсон байх чинь гэж хэлээд тас тас инээв. Ээж нь дотроо “Миний охин үнэхээр махчин болчихсон юм биш биз? Яагаад эрүү илж үзээд байгаа юм бол?” гэж сэжиг авч цайгаа ууж суув. Хүүхэн нь,
- Ээж цайгаа уугаад сууж бай би хурдхан ус аваад ирье гэж хэлээд гараад явчихав. Охиноо гарсны дараа эмгэн “Миний охины авдарт юу байдаг юм бол?” гэж бодоод баруун талын авдрыг нь сөхөөд харсан чинь хүний гавлын яс дүүрэн байв. Зүүн талын авдрыг нь нээгээд харсан чинь хүний хаа гуя дүүрэн байв. Эмгэн үүнийг үзээд айн балмагдаж, хүний хэлдэг үнэн юм байна. Миний охин махчин болжээ. Одоо усаа авчраад намайг ч бас идэх юм байна гэж бодоод гэрээс гарч тэмээгээ аваад явах гэтэл тэмээний шонгийн цаахан тал нэг хуурай худаг байв. Хажуугаар нь гарах гэтэл охин нь худаг дотор хутгаа билүүдээд сууж байв. Хүүхэн ээжийгээ үзээд,
- Ээж та хаашаа явах гэж байгаа юм? гэж асуусанд ээж нь айж байсан ч арга гаргаж,
- Би чамайг усаа даахгүй байгаа болов уу гээд тэмээгээр ачихаар ирлээ гэв. Хүүхэн сонсоод,
- Ээж та намайг хүлээж байгаарай гэж хэлээд худаг дотроос мацан гарч ирэв. Энэ хооронд эмгэн ингээ унан зугтаж явав. Хүүхэн ээжийгээ зугтаасныг мэдээд,
- Бөөн, бөөн өөх минь, бөгтөр буурал ээж минь, сэмж сэмж өөх минь сэгсгэр буурал ээж минь та зогсож бай гэж хэлээд хөөж гэнэ. Ээж нь сувай ингээрээ нисэх мэт тэшүүлсээр Хатан голын эрэг дээр ирэн,
- Хатан ээж минь ээ одоо би ачлалгүй үрдээ идүүлэх нь. Та надад зам тавьж хайрла гэж хашгираад мээмээ Хатан голын тунгалаг усанд саасанд Хатан голын ус тэр дороо цагаан зураас татуулж, нарийхан цагаан зам гаргаж өгч гэнэ. Эмгэн тэмээгээ ташуурдаж тэр замаар зугтааж гарахад араас нь хөөж ирсэн хүүхэн,
- Ээж гаталж болсон юм чинь би яагаад гаталж чаддаггүй юм гээд хутгаа барьсаар өнөө замаар ортол зам нь хаагдаж, махчин хүүхэн усанд унаж, барьсан хутга нь биеийг нь сүлбэж алжээ. Түүнээж хойш Хатан голын ус ээжийн сүү, хүүхний цус хоёртой холилдож булингартай болсон юм гэдэг.

* Хатан гол - Шар мөрний өөр нэг нэр

0 Сэтгэгдэл: