Мэлхий хүү

Эрт урьд цагт үр хүүхэдгүй эмгэн, өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нь их ааш муутай юм гэнэ. Тэр үргэлж эмгэнээ хүүхэд төрүүлсэнгүй гэж харааж загнадаг байв. Нэг намар өвгөнөө аянд явсан хойгуур эмгэний гарын алга загатнаад болохоо байчихав. Эмгэн гарынхаа алгыг маажиж суутал дороос нь мэлхий гараад иржээ. Эмгэн мэлхийг үзээд “Мэлхий ч миний үр” гээд манцуй оёж манцуйлаад хүүхэд шиг арчилж суудаг болж гэнэ....
Хэдэн сарын дараа өвгөн нь аянаасаа буцаж ирэхэд эмгэн,
- Өвгөөн бид үртэй болсон шүү гээд манцуйтай мэлхийгээ харуулсанд өвгөн үзээд ихэд уурлаж,
- Пэй, бузар гэм. Чи чинь яасан муухай юм гаргадаг юм бэ? гэж хэлээд өнөө мэлхийг алах гэтэл эмгэн нь,
- Тэгвэл та өөрөө мэд. Бид хоёр үр хүүхэдгүй арга ядаж байхад мэлхий ч гэсэн үр заяасан байхад та ална гэж байдаг хэмээн уйлахад өвгөн зөрүүдэлж ална гээд хутгаа гаргаж мэлхийг дүрэх гэтэл мэлхий гэнэт,
- Аав аа, та намайг алах гэж байгаа бол ууранд хийгээд цохиж ал. Тэгэхгүй бол би үхэдгүй юм гэж хэлжээ. Өвгөн мэлхийг ууранд хийгээд цохих гэтэл уурнаасаа бултгас гээд гараад ирэв. Дахиад хийсэнд мөн л бултгас гээд гарч ирээд тун болсонгүй. Өвгөн түүнийг үзээд элгээ хөштөл инээгээд,
- Энэ муу золигийг чинь алахаа больчихьё гэж хэлээд алсангүй гэнэ. Хавар болж өвгөн тариа тарихаар явах болсонд мэлхий,
- Аав аа, би явж тариа тарья гэхэд өвгөн,
- Элэнцгийн чинь тариа тарих. Чи тариа тарьдаг байсан бол би юунд ингэж зовж явах билээ гээд үгийг нь тоож авсангүй. Эмгэн үүнийг хараад,
- Хүүхэд ажил хийнэ гэж байхад сайн хэрэг биш үү. Яваг яваг гэж хэлээд мэлхий хүүг газар хагалдаг хар илжигнийхээ чихэн дээр суулгаад явуулжээ. Тэгсэн чинь мэлхий хүү илжгийг унаад нааш цааш нь явуулж, тариа сайхан тарьж, өвгөнд их тус болжээ.
Ингээд гурван жил болжээ. Нэг өдөр, мэлхий хүү,
- Аав аа, ээж ээ? Энэ хойд зүгт нэг хөөрхөн охинтой айл байна. Би тэр охиныг эхнэрээ болгож авна. Та хоёр сүй төхөөрөөд өгөөч гэж гуйсанд өвгөн,
- Цөг гэм. Чи эхнэр авчих байсан бол бид юунд зүдэрч байдаг юм. Би лав төхөөрч өгөхгүй гэж зандраад нэг ч зоос өгсөнгүй. Эмгэн нь аргагүйн эрхэнд,
- Байг байг. Та төхөөрөхгүй юм бол би төхөөрье. Яасан ч миний гаргасан үр гэж хэлээд өөрт байсан таван лан мөнгөө гаргаж даалинд хийж мэлхий хүүдээ өгч явуулжээ. Мэлхий хүү өнөө айлд хүрч очиход айлын нохой хуцаж эхэлжээ. Айлын өвгөн гарч хараад,
- Өмнө айлын хар илжиг гадаа ирчихсэн зогсож байна гэхэд эмгэн нь гарч хараад,
- Тэр хоосон айлын мэлхий хүү хар илжигнийхээ чихэн дээр суучихсан ирж байна гэхэд өвгөн нь,
- Муухай амьтныг хөөж явуулья гэхэд эмгэн нь,
- Хөөж болохгүй ирчихлээ гэж хэлээд мэлхий хүүгийн ачаа хөсгийг дэмнэж буулгаад гэртээ оруулжээ.
Мэлхий хүү айлд ороод учир байдлаа хэлсэнд эмгэн нь дуугүй суугаад байв. Харин өвгөн нь ихэд уурлаж,
- Чам шиг шулам миний хүүхнийг авна гэнэ ээ. Одоохон чамайг алчихья гээд дайрахад мэлхий,
- Та намайг ална гэвэл алж болно. Гэхдээ намайг тээрмийн нүхэнд хийж цохь. Үгүй бол би үхдэггүй юм гэжээ. Өвгөн мэлхий хүүгийн хэлснээр тээрмийн нүхэнд хийгээд цохих гэтэл мэлхий бултгас гэж гарч ирээд тун цохих завшаан өгөхгүй байв. Түүнийг үзээд айлын хүмүүс элгээ хөштөл инээгээд, өвгөн нь охиноо:,
- Муу хүүхэн чи дагах дуртай бол хурдан дагаад яв гэж хэлээд охиноо мэлхий хүүтэй хамт явуулжээ.
Мэлхий хүү охиныг хар илжгэн дээрээ мордуулаад гэртээ харьж явах замдаа нэг сайхан хавтгай мод олоод, охинд,
- За, чи энэ дээр унтаж бай. Би гэртээ хариад ирье гэж хэлээд даалингаа өгч дэрлүүлээд явчихаж гэнэ.
Охин унтаж унтаж нэг сэрсэн чинь хавтгай модон дээр таван ханатай сайхан гэр босчихсон, тойроод таван хошуу мал бэлчиж байв гэнэ. Охин гэрт орж үзэхээр хажууд нь очсоноо “Энэ арай чөтгөрийн гэр биш биз” гэж хэсэг тээнэгэлзэн зогсож байгаад “За юу болвол болог” гээд хөгшдийн хэлдгээр: “Чөтгөрийн гэр буюу хойшдын заяагаа гэрийн буруу хатавчаар нь сөхөж үздэг юм гэсэн” гэж бодоод гэрийн зүүн талаар очиж, үүдийг нь сөхөж харвал гэр дүүрэн эд хогшил хураасан байх ба мэлхий хүү өндөр цагаан залуу болж хувираад нааш цааш холхиж байжээ. Охин гэрт гүйн орж залууг тэвэрч аваад,
- Миний хань чинь ийм сайхан хүн байсан юм уу? гэж хэлэхэд, залуу инээмсэглээд,
- Одоо энэ бүхэн бүгд бид хоёрынх болсон гэж хэлээд эхнэртээ хуримын учраа хэлэлцэж, хорин хүний зарцтай, наян хүний дагуултай, сарын хурим хийж, түмэн хүн залахаар тогтжээ.
Мэлхий хүү эхнэртэйгээ аав ээжийгээ хуримдаа залж, шинэ гэрийн цай уулгах гэсэнд аав нь,
- Би очихгүй гээд явсангүй. Ээж нь,
- Хөөрхий миний үр айл гэр болж байхад очиж хүүгийнхээ шинэ гэрийн цайг ууна гээд мэлхий хүүгийнхээ шинэ гэрт очиж цайг нь уужээ.
Тэр жилийн хавар орчлон дэлхий дулаараагүй байтал гэнэт луу дуугарч бороо орж, солонго бууж иржээ. Мэлхий хүү эхнэртэйгээ ээжийгээ аваад солонгын дээр гарч суугаад тэнгэрт гарч амьдрахаар явжээ. Муу санаатай өвгөн тэндээ үлдэж насаараа тариа тарьж амьдарсан гэдэг. Учир нь мэлхий хүү бол лус байсан бөгөөд сайн санаатай эмгэнд хүү болж заяажээ. Мэлхий хүүгийн шинэ гэрийн цай бол рашаан байсан бөгөөд түүнийг уусан хүн бүр сахиус болж, тэнгэрт гарч амьдрах хувь заяатай байжээ. Тиймээс монгол хүн үр хүүхэддээ “Хүнд битгий муу юм сана”, “Сайн санааны үзүүрт тос, муу санааны үзүүрт ёр” гэж сургаж захисаар иржээ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: