Цоохор тугалтай эмгэн

Эрт урьд цагт ганц цоохор тугалтай эмгэн байжээ. Эмгэн цоохор тугалаа Шар өвстийн хөндийд хариулдаг байв. Нэг өдөр эмгэн цоохор тугалаа хариулж явжээ. Тэгээд эмгэн гэртээ харьж жаахан юм уучихаад ирье гэж дөнгөн данган явж гэртээ иртэл гэнэт харанхуй хар салхи босчээ. Эмгэн сандарч тэр дороо цай ч уусангүй буцаж тугал байсан газраа иртэл салхи ч зогсож гэнэ. Тугал ч бараа сураггүй алга гэнэ. Эмгэн тугалаа алдчихаад уйлж унжин хайж явтал өмнө толгой дээр нэг том хүн сууж харагдав. ...
Эмгэн яваад хүрч очиход тэр хүн эмгэнээс,
- Хөгшөөн, та юунд уйлж байгаа юм бэ? гэж асуухад эмгэн,
- Би ганц цоохор тугалаа алдчихаад айж явна гэсэнд тэр хүйтнээр инээж,
- Намайг мангас гэдэг. Цоохор тугалыг чинь би идчихсэн. Энэ орой чамайг ч бас барьж иднэ. Мэдэв үү? гэж хэлжээ.
Эмгэн үүнийг сонсоод газар тэнгэр нийлэх шиг болж айн чичирч гэр үрүүгээ буцаж явтал замд нь нэг шөвөг таарч гэнэ. Тэр шөвөг эмгэнэээс,
- Хөгшин ээж ээ? Та юунд уйлж байгаа юм? гэж асуухад нь эмгэн,
- Мангас миний ганц цоохор тугалыг идчихээд энэ орой намайг барьж иднэ гэнэ гэж хэлэв. Шөвөг сонсоод,
- Та битгий санаа зов. Би таны аминд оръё. Та одоо хариад гурван жин гурилаар боорцог шараад тавьж байг гэж хэлэв. Эмгэн үүнийг сонсоод сэтгэл нь жаахан тайвшраад явж байтал хайч тааралдаад,
- Хөгшин ээж ээ, та юунд уйлж яваа юм бэ? гэж асуухад эмгэн,
- Мангас манай ганц цоохор тугалыг барьж идчихээд одоо бас намайг иднэ гэнээ гэж хэлжээ. Хайч түүнийг сонсоод,
- Хөгшин ээж, ээ та санаа зовох хэрэггүй. Би таны аминд оръё. Та харьж очоод гурван жин гурилаар боорцог шараад байж бай гэж захижээ.
Эмгэн түүнийг сонсоод сэтгэл нь жаахан тайвшраад явж байтал тахианы өндөг тааралдаж: -Хөгшин ээж, ээ та юунд уйлж яваа юм бэ? гэж асуухад эмгэн,
- Мангас манай ганц цоохор тугалыг барьж идчихээд одоо бас намайг иднэ гэнээ гэж хэлжээ. Өндөг түүнийг сонсоод,
- Хөгшин ээж ээ, та санаа зовох хэрэггүй. Би таны аминд оръё. Та гэртээ очоод гурван жин гурилаар боорцог шараад байж бай гэж захижээ. Эмгэнэ түүнийг сонсоод сэтгэл нь бүр уужирч, цааш явж байтал зам дээр нь том үхэр чулуу тааралдаж. Тэр,
- Хөөе, хөгшин ээж ээ, та юунд уйлаад явж байгаа юм бэ? гэж асуув. Эмгэн,
- Мангас миний ганц цоохор тугалыг идчихжээ. Бас намайг барьж иднэ гэсэн гэж хэлжээ. Том чулуу түүнийг сонсоод,
- Хөгшин ээж ээ, та санаа зовох хэрэггүй. Би таны аминд оръё. Та хариад гурван жин гурилаар боорцог шараад байж бай гэж захижээ.
Эмгэн түүнийг сонсоод “Хөөрхий энэ юмс бүгд миний аминд орох гэж хичээж байна” гэж туйлын их баярлаж гэртээ харьж ирээд тэр юмсын хэлсэн ёсоор гурван дөрвийн арван хоёр жин гурирлаар боорцог хийж тавьчихаад хүлээж суусан гэнэ. Тэгээд шөнө болоход өнөө дөрвөн юмсын сүүдэр ч харагдахгүй болохоор нь айж сандарсан эмгэн “Одоо хурдан ирэхгүй бол мангас ирнэ”гэж зовоод уйлж суутал гэнэт нэг юм газар тэнгэр доргиулан ирэх чимээ гарахад эмгэн “Өнөө дөрөв юмуу? Мангас юмуу” гэж харсан чинь өнөө дөрөв дөрвөн зүгээс сүртэй нь аргагүй ирж гэнэ. Эмгэн тэр дөрвийг ирэхийг хараад баярлахдаа ухаан алдан унажээ.
Тэр дөрөв эмгэний хийж тавьсан боорцгийг идчихээд яаж мангасыг дарах тухай ярилцахад, үхэр чулуу,
- Би гэрийн тоонон дээр сууж үүдийг нь харж сууя гэхэд, шөвөг хайч хоёр,
- Бид эмгэнийг сахиж сууя гээд орон дээр гаргаж хэвтүүлээд шөвөг нь,
- Би толгойг нь сахья гэхэд хайч,
- Би хөлийг нь сахья гэж тус тусын үүргээ хувааж авав. Өндөг,
- Би гал дотор манаж сууя гээд галтай тулганд орж суув. Тэгээд бэлтгэж дууссаны дараа мангас хүрч ирээд,
- Муу эмгэн, муу эмгэн чи хурдан үүдээ нээ гэж хашгирахад гэр дотроос хариу чимээгүй тул мангасын уур нь хүрч, гэрийн үүдийг ганц өшиглөж орж ирээд,
- Хурдан дэнгээ барь. Нэг муухай үнэр ханхалж байх чинь ямар амьтан ирсэн юм? гэж хэлээд харанхуйд нааш цааш тэмтэрч байтал үхэр чулуу тоонон дээрээс унаж ирээд мангасын нэг хөлийг нь хуга цохиход мангас,
- Хөл хугарчихлаа. Муу хөгшин золиг яасан хүчтэй юм? Би чиний хаанаас чинь эхэлж идэх үү? гээд эмгэн рүү дайрч очиход шөвөг эмгэнийг дуурайн,
- Толгойноос нь эхэлж ид гэж хэлжээ. Мангас эмгэний толгойноос нь идэх гэсэнд толгойг нь манаж байсан шөвөг мангасын уруулыг нэг сайн хатгасанд мангас өвдөхдөө,
- Ёо, ёо, муу хөгшин золиг чинь яасан сүрхий шүдтэй юм. Толгой нь шүдтэй бол хөлөөс чинь эхэлж идье гээд хөлд нь хүрч очиход хөлийг нь манаж байсан хайч уруулыг нь юу ч үгүй болтол хайчилж хаясан гэнэ. Мангас өвдөхдөө,
- Ёо, ёо муу хөгшин золиг чинь хөлийн хуруу нь хайч шиг ямар сүрхий юм. Миний байдаг уруулыг хайчилчихлаа. Одоо чамайг идэж чадахгүй юм байна. Энэ шөнө би энд хононо. Хаагуур нь унтах вэ? гэж асуусанд тахианы өндөг,
- Галын тулганы хажууд унт. Тэнд дулаан байгаа гэж хэлжээ. Мангас сонсоод тэгвэл тэгье гээд галын тулганы хажууд хэвттэл гал дотор байсан тахианы өндөг дэлбэрч, нурам цог нь мангасыг түлж алсан гэдэг.

Шошго: |

3 Сэтгэгдэл:

  1. miracle Says:

    Би үлгэрт одоо ч дуртай. Энэ үлгэрийг уншиж бгаагүй юм бна. Маш их баярлалаа. Бүх үлгэрүүдийг чинь уншинаа

  2. Unknown Says:

    2 хүүдээ дандаа үлгэр ярьж өгдөг. Баярлалаа

  3. Anonymous Says:

    Хүүдээ орой болгон үлгэр уншиж өгч унтаж бгаа. Баярлалаа