Нүгэл нүдээрээ, буян буянаараа

Эрт урьд цагт нэг сүрхий анчин өвгөн насандаа олон амьтан алж нүгэл хийж байжээ. Анчин өвгөний ганц хүү нь лам болж ном сурахаар явсанд гэрт нь хөгшин аав ээж хоёр нь, хэвтэрт орсон нагац эмээтэй нь үлджээ. Залуу “Одоо би яваад гурван жил болж ирнэ. Муу нагац эмээ минь яадаг бол доо” гэж санаа нь зовсоор явав.

Залуу багшийндаа ирэхэд нэг гар нь тахир банди гэрт нь байв. Тэр бандитай хамт багшаасаа гурван жил ном сураад буцах болоход тахир гартай банди, ...
- Танай манай хоёр олон жил айл саахалт явж ирсэн хүмүүс. Би чамаар ээж аавдаа захиа дайя гэхэд залуу, - Танай гэр чинь манай гэрийн хаана байдаг юм бэ? Би яагаад мэдээгүй байдаг билээ? гэж асууж. Нөгөө банди,
- Танай гэрийн зүүн хойд зүгт өндөр бүүрэг* бий. Тэр бүүргийн бэлд манайх байдаг юм. Чи хажууд нь очоод “Аав аа, би танай хүүгийн захидлыг авчирлаа” гэж хашгирвал аав үүдээ нээж захиаг минь авна гэж хэлэв.

Залуу түүний захиаг авч гэртээ харьж ирчихээд захидлыг хүргэхээр явав. Гэрийнх нь зүүн хойд талд үнэхээр нэг бүүрэг байх ба түүний бэлд очиход ямар ч айл байсангүй. Залуу гайхаж хэсэг зогссоноо өнөө бандийн хэлснээр,
- Аав аа, би танай хүүгийн захиаг авчирлаа гэж хашгирав. Тэгтэл бүүргэн дотроос нэг өвгөн гараад ирэв гэнэ. Залуу түүнийг үзээд гайхаж “Манайх энд үе үеэрээ нутаглаж ирсэн хэрнээ ийм айл байдгийг мэдсэнгүй. Яасан сонин юм” гэж бодтол өвгөн,
- Хүү минь гэрт ор гэв. Залуу, айлд ороход гэрт нь тахир дутуу зарим нь хөлгүй, зарим нь гаргүй олон хүүхэд байв. Өвгөнд хүүгийнх нь захидлыг өгөөд явах гэтэл өвгөн,
- Чи яарах хэрэггүй. Ном эрдэм сурсан хүн учир мэдэх байх. Манай гэрийг тойрч үзээд ир гэв. Залуу гэрийг тойрч үзээд хамгийн сүүлчийн гэрт ороход нагац эмээг нь хөлөөр нь төмөр гохоор дүүжилчихсэн байв. Залуу манай нагац эмээ гэртээ байхад яагаад энд бас үзэгддэг юм гэж асуухад өвгөн,
- Танай аав чинь ан гөрөө хийж, хавх олныг тавьж, бидний үр хүүхдийн хөл гарыг хугалсаар ийм боллоо. Тэгээд бид аавыг чинь дийлэхгүй болохоор нагац эмээгийн чинь сүнсийг авчирч тамлаж байгаа нь энэ билээ гэв. Залуу ихэд зовж,
- Хөөрхий нагац эмээ минь хорхойд ч хоргүй сайн хүн юмсан. Одоо би яаж нагац эмээгээ аварч гарах вэ? гэж асуусанд,
- Чи үнэхээр тэгж бодож байгаа бол аавынхаа буу сум, хавхыг алга болгож, дахиж биднийг алж нүгэл хийхгүй болго. Тэгвэл нагац эмээг чинь тавьж явуулна. Харин би маргааш цагаан үнэгний дүрд хувилаад очиж шалгана гэж хэлэв.

Залуу өвгөний хэлснийг сонсоод гэртээ харьж ирээд аавдаа,
- Аав аа, та энэ өдрөөс хойш битгий ан гөрөө хий. Та энэ насандаа их нүгэл хийсэн болохоор нагац эмээгийн хөл нь тасарч зовж байна. Надад ч бас байсхийгээд барцад тохиолдох юм. Иймээс таны буу зэвсгийг үгүй хийхгүй бол болохгүй гэж үзсэн бүхнээ ярив. Аав нь сонсоод ан гөрө хийж, нүгэл их хийсэн хүн ийм үйлийн үртэй байдаг юм байна гэж мэдээд буу сум, хавхаа үгүй хийхээр болжээ. Тэгтэл нэг цагаан буурал толгойтой өвгөн орж ирэв. Залуу нөгөө өвгөн мөн байна гэж мэдээд хоймроо залж, цай унд хийж өгөв. Цагаан толгойтой өвгөн, залуугийн аавыг ажиглангаа хоол цай идэж уучихаад яваад өгөв. Залуу араас нь ажиглаж хартал зүүн бүүргийн цаана гараад цагаан үнэг болж хувираад идсэн хоолоо бөөлжиж гаргачихаад гэртээ орчихов. Анчин өвгөн буу зэвсгээ булж ан гөрөө хийхээ байсны маргааш нагац эмээ нь гэнэт хэвтрээсээ босч явдаг болжээ.

Түүнээс хойш “Нүгэл нүдээрээ, буян буянаараа” гэдэг үг гарсан юм гэдэг.

*бүүрэг - жижиг цохио толгой

Шошго: |

0 Сэтгэгдэл: