Мэргэн тавнан

Эрт урьд цагт ойт мэргэн Тавнан гэж их элдэвтэй хүн байжээ. Хааны гүнжийг аваад Алшаад буцах замд нь гүнж ойт мэргэн Тавнангаас,
- Алшаа ноён гэгч ямархуу хүн байдаг вэ? гэж асуухад мэргэн Тавнангийн саваагүй зан нь хөдөлж,
- Манай ноён сайн ч хүн, сайхан ч хүн. Ганцхан үмхий гэж авахын аргагүй гэж хэлжээ. Ойт мэргэн Тавнан, хааны гүнжийг Алшаад залж ирээд шууд ноёны ордонд очсонгүй өөрийнхөө гэрт оруулаад,
- За, гүнж та энд сууж бай. ... Би ноёнд мэдэгдээд ирье гэж хэлээд явжээ. Ойт мэргэн Тавнан ноёныд яваад орсонд, ноён,
- За гүнж хаана байна? Ямархуу бүсгүй байна? гэж асуусанд, мэргэн Тавнан,
- Залаад ирлээ, залаад ирлээ. Манайд жаахан амсхийж байгаа. Гүнж сайн ч хүн байна. Сайхан ч хүүхэн байна. Бага ч хүн байна. Ганцхан хамаргүй юм байна гэж хэлжээ. Ноён, гүнжийг хамаргүй гэж сонсоод “Би хамаргүй хүүхнээр яах билээ” гэж бодон,
- Өө тийм үү, тэгвэл гүнжийг гэртээ долоо хонуулаад цэцэрлэгт оруулж надтай уулзуул гэв. Мэргэн Тавнан гүнжийг гэртээ долоо хонуулаад цэцэрлэгт дагуулж ирж ноёнтой нүүр учруулжээ. Гүнж ноёныг үмхий гэж бодоод хамраа дараад орж иржээ. Ноён түүнийг үзээд “Энэ хүүхэн хамраа нуугаад дарж байна” гэж бодоод бусад биеий нь ажигласанд мэргэн Тавнангийн хэлснээр сайхан ч хүүхэн, хөөрхөн ч хүүхэн байв гэнэ. Тэгээд ноён гүнжийг тоож уулздаг байжээ. Гүнж, ноён хоёр нэлээд хэдэн өдөр ийм байдалтай уулзжээ. Нэг өдөр гүнж цэцэрлэгт явж байтал хуй салхи гарч, хамрын даруулгыг нь хийсгэж унагасанд хамар нь ил гарч иржээ. Ноён түүнийг үзээд,
- Чи чинь хамартай л юм байна ш дээ. Чамайг хамаргүй гэсэн биш үү? гэж асуусанд, гүнж цочиж,
- Хаан таныг авахын аргагүй үмхий гэсэн биш билүү? гэж гайхан асуув. Хаан үүнийг сонсоод “Энэ лав мэргэн Тавнангийн хийсэн мэх биз” гэж бодоод,
- Мэргэн Тавнанг барьж ир гэж зарлиг буулгав. Мэргэн Тавнан, ноёнд үнэнээ хэлсэнд ноён уур нь хүрч гэнэ. Инээд нь ч хүрч гэнэ. Тэгээд мэргэн Тавнан урьд нь ноёнд олон удаа тус хүргэж байсан тул толгойг нь авсангүй шийтгээд өнгөрчээ. Мэргэн Тавнан өөрөө нэг тэнэг хүүтэй байжээ. Хүү нь өсч том болоод эрийн цээнд хүрч эхнэр авах цаг нь болжээ. Гэвч хүүг тэнэг болохоор эхнэр олддоггүй байж гэнэ. Мэргэн Тавнан хүүдээ заавал эхнэр олж өгнө гэж бодоод хүүдээ гурван хуц барьж өгөөд,
- За, чи энэ гурван хуцыг туугаад Бээжин ор. Гэхдээ гурван хуцаа зарж болохгүй. Харин гурван хуцандаа мөнгө ачиж ирээрэй. Үгүй бол толгойг чинь авна гэж хэлээд явуулжээ. Ойт мэргэн Тавнангийн тэнэг хүү гурван хуцаа хөтөлж Бээжинд хүрээд “Аав минь намайг хуц худалдаж болохгүй гэсэн мөртөө гурван хуцандаа мөнгө ачиж ир гэсэн юмсан. Энэ их мөнгийг яаж олох билээ?” гэж санаа зовон зээл дээр уйлж суув. Хааны гүнж зээлийн хажуугаар өнгөрч яваад, тэнэг хүүг уйлж суухыг хараад гайхаж,
- Чи юун хүн бэ? Хаанаас ирсэн юм? Юунд уйлж суугаа юм бэ? гэж асуухад, тэнэг хүү учраа хэлэв. Хааны гүнж тэнэг хүүгийн хөтөлж яваа гурван хуцыг хэсэг харж зогссоноо,
- Чи яасан унхиагүй хүн бэ? энэ гурван хуцныхаа эврийг тайраад манай аавд худалдвал гурван хуц мөнгөтэй болж чадна. Энэ аргыг намайг хэлсэн гэж хэнд ч хэлж болохгүй шүү гэж хэлчихээд яваад өгөв. Тэнэг хүү гүнжийн хэлсэн ёсоор гурван хуцныхаа эврийг тайрч хаанд худалдаад гурван хуцандаа дүүрэн мөнгө ачаад харьж ирэв. Мэргэн Тавнан хүүгээсээ,
- Энэ их мөнгийг яаж олов? гэж асуухад, тэнэг хүү нь,
- Гурван хуцныхаа эврийг худалдаж олсон гэв. Мэргэн Тавнан,
- Чамд энэ аргыг хэн зааж өгөв? гэж асуухад хүү нь,
- Хааны гүнж хэлж өгсөн гэв. Мэргэн Тавнан үүнийг сонсоод,
- За, тэгвэл тэр хааны гүнж чинь миний бэр байна. Би бэрээ залж ирнэ гэж хэлээд хүүгээ дагуулаад хааныд хүрч ирэв. Мэргэн Тавнан хааныд очиж гүнжийг нь тэнэг хүүдээ гуйсанд хаан,
- За, яахав. Зуун хүн гуйдаг. Зөвтэй хүндээ өгдөг ёс бий. Гэвч чиний хүү миний гурван мөрийг авч чадвал би гүнжээ хүүд чинь өгье. Нэгд үнсээр дээс томж ир. Хоёрт эр үхрийн сүүгээр элгэн тараг бүрж ир. Гуравт хоёр толгойтой морь авч ир гэж хэлэв. Ойт мэргэн Тавнан хэдийвээр мэргэн хүн боловч энэ гурван мөрийг гүйцэж чадахгүйдээ санаа зовж суутал, хааны гүнж тэнэг хүүд,
- Тэр гурван мөрийг би хэлж өгье. Гэвч намайг хэлсэн гэж аавд хэлж болохгүй. Үнсэн дээс гэж өвсөөр томж галд шатаагаад аваад оч. Хоёр толгойтой адуу гэж унагалж байгаа гүү аваад оч. Эр үхрийн таргийг “Аав төрөх гээд бүрж чадсангүй” гэж хэл. Тэгвэл аав “Эр хүн төрөх гэж юу байдаг юм?” гэж асуух байх. Өөдөөс нь “Эр үхэр тугална гэж юу байдаг юм?” гэж асуугаарай. Тэгвэл аавд хэлэх үг олдохгүй гэж хэлж өгчээ.
Мэргэн Тавнан хааны гүнжийн аргыг сонсоод ухаантай охин байна гэж улам тоож, түүний хэлсэн аргаар хийсэнд хааны гурван мөрийг бүгдийг авч гэнэ. Тэгээд хаан хэлсэн үгэндээ хүрч гүнжээ өгч явуулжээ. Хаан гүнжийнхээ араас харуусан “Энэ ойт мэргэн Тавнан яаж миний мөрийг мэдсэн юм бол?” гэж бодоод зурхайгаа татаад үзсэн чинь өөрийн охин нь хэлж өгсөн байжээ. Хаан уурлаж олон цэрэг томилж "тэднийг хурдан барьж авчир" гэж тушаав. Ойт мэргэн Тавнан хүү бэр хоёроо дагуулан нутагтаа дөхөж явтал хааны цэргүүд хөөж ирэв. Мэргэн Тавнан хэрэг биш боллоо гэж санаа зовж явтал бэр нь эр нөхрийнхөө өмнө байгаа том хар чулууг зааж,
- Чи тэр хар чулууг түлхэж холдуулаад доош нь гурван алд нүх малт. Тэгвэл доороос нь цагаан, хар хоёр судал гарч ирнэ. Хар судлыг нь тасалж хая гэж хэлэв. Нөхөр нь хатныхаа хэлсэн ёсоор том хар чулууг булга татаж холдуулаад доош нь гурван алд газар малтаж, хар цагаан судал гарч ирэхэд хар судлыг сэт татсанд, өнөө хар судал далайн хүйс байсан тул тэр дороо ус цоргин харч нуур болж, хааны цэргүүдийн замыг хаав. Тэгээд ойт мэргэн Тавнан, бэр хүү хоёртойгоо харьж гэнэ. Хааны цэргүүд тэднийг барьж чадалгүй буцаж ирэхэд хаан зурхайгаа татаж үзвэл далайн хүйсийг тавьсан нь бас өөрийн охиных нь арга болохыг мэдээд, улам уурлаж,
- Харьд мордсон охин хар элгээ өгдөг гэж хараагаад зурхайгаа хаяжээ. Хожим тэр нуурыг Хөх нуур гэж нэрлэжээ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: