Бөхсэлэм

Эрт урьд цагт Алшаа хошуунд Бөхсэлэм нэртэй нэгэн барилддаг хүн байжээ. Нэг жил халхад их найр наадам болов. Бөхсэлэм тэр найранд орохоор явж байхад нь зам нь нэг хүүхэн чулуун онгоцонд тэмээ услаад зогсож байв. Бөхсэлэм хүүхнээс,
- Танай халхын их найр хаана болж байна? гэж асуухад, хүүхэн Бөхсэлэм рүү нэг харснаа, ус ууж байсан нэг бүдүүн атыг хоёр боривноос нь шүүрч аваад,
- Тэнд байдаг юм гэж зааж өгөв. Бөхсэлэм энэ хүүхэн ч нэлээд тэнхээтэй юм байна гэж бодоод өмнөх чулуун онгоцыг шүүрч аваад,...
- Тэнд гэнэ үү? Гэж хүүхний заасан зүг рүү хаячихаад явчихав. Бөхсэлэм цааш явж байтал замд нь нэг монгол гэр таарч орсонд настай өвгөн, эмгэн хоёр сууж байв. Хоёр хөгшин,
- Та хаанаас хаа хүрэхээр явж байна? гэж асуусанд Бөхсэлэм,
- Би Алшаа хошуунаас ирлээ. Танай энд их найр наадам болж байна гэж сонсоод үзэхээр явж байна гэв. Өвгөн, эмгэн хоёр Бөхсэлэмд цай унд хийж өгөхөөр болж, эмгэн нь нэг бүдүүн хожуулыг хуруугаараа бяц хагалан, тулгандаа хийж, дээрээс нь хэтээ цахиж галаа асаав. Бөхсэлэм дотроо “Ийм хөгшин хүн байж яасан сүрхий тэнхээтэй юм” гэж бодож суув. Цай ууж суух зуураа нүд алдуулж байгаад өнөөх хожуулыг авч хуруугаараа эмтэлж үзсэн чинь огт дийлсэнгүй. Тэгээд цааш явж найрын газар очиход халхын хүчит бөхчүүд барилдах гэж байв. Тэдний дунд Янжиндулам нэртэй их тэнхээтэй бөх учраа бөхчүүдээ нуга нуга дарж, алж байгаа харагдав. Сайн ажиглаад байсан чинь өнөөх бөх чинь замд чулуун онгоцонд тэмээ услаад зогсож байсан хүүхэн мөн байна гэнэ. Бөхсэлэм “Энэ охин хэдий их хүчтэй юм бол, бөхчүүдийг алаад дуусах нь, нэг барилдаад үзье” гэж шийдээд бөхийн даамалд нэрээ бичүүлээд барилдаж эхлэв. Бөхсэлэм, Янжиндулам хоёр таарсан бөхчүүдээ унагаж давсаар, хамгийн сүүлд барилдахаар тунаж үлдэв. Тэр хоёр барилдсаар бүтэн өдөр болж, орой болсон хойно Бөхсэлэм Янжиндуламыг арайхийн дийлж, толгойгоор нь газарт тохой шааж алав. Халхын ноён өөрийн бөхийг нь алсанд уурлаж,
- Алшаагийн бөхийг хурдан барьж, шийтгэ гэж тушаав. Бөхсэлэм олон хүн үймэлдэж эхлэхэд, сиймхийг нь ашиглан дутаан гарч, амь мултран давхисаар өнөөх эмгэн, өвгөн хоёрынд хүрч ирэв. Хоёр хөгшин баярлан, өлсөж ядарсан Бөхсэлэмд цай унд хийж, үхрийн мах чанаж өгөв. Бөхсэлэм үхрийн мах идэж, чөмгийг нь хуруугаараа имирч хугалаад сорж идэхийг өвгөн хараад “Жирийн хүн үхрийн чөмгийг юмаар цохиж иддэг, энэ хүн имирч балбаад идэж байхыг бодоход их хүчтэй хүн байна” гэж бодож суутал, гадаа хүмүүс үймэлдэж,
- Хүүе, та минь ээ Алшаагаас ирсэн бөх Янжиндуламыг дийлж алаад зугтаасан гэнэ хэмээн шуугилдаж гарав. Өвгөн,
- Энэ хүү, үхрийн чөмгийг хуруугаараа имирч хугалаад идэж байсан. Тэр Алшаа бөх чинь энэ биш биз дээ? гэж хэлэхэд эмгэн нь хаалгаа дарж зогсов. Бөхсэлэм “Одоо ч хэрэг биш боллоо” гэж бодоод ухасхийн босоод нэг гараараа айлын гэрийг хананаас нь өргөж хаячихаад зугтааж гарав. Ингээд Бөхсэлэм халхын бөхчүүдийг алдаг цуутай эмийг дарчихаад аав, ээжид нь баригдалгүй нутагтаа ирж дархан цолоо мандуулсан гэнэ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: