Алт мөнгө бол чулуу, арвай буудай бол амьдрал

Эрт урьдын цагт алт мөнгө хоёроос өөр үнэтэй зүйл хорвоо дэлхийд байхгүй гэж боддог нэгэн хомхой хаан байж. Тэр хаан энэ дэлхийн алт мөнгөн эдлэл болгоныг гартаа оруулж авахсан гэж өдрийн бодол, шөнийн зүүд болдог юмсанж. Тиймээс бусдын хөлс хөдөлмөрөөрөө олж авсан үнэт зүйлсийг ямар ч аргаар тонон дээрэмдэхээс буцдаггүй байж. Хаан харьяат албат иргэдийнхээ хамаг алт мөнгийг хамж дуусчээ. Тэгээд өөрийн нэр төрөө мандуулах гэж гоёмсог орд харш босгохоор шийдэж гэнэ. ...
Тэрээр албат түшмэддээ,
- Мөнгөн дээвэртэй алтан туургатай эрдэнийн чулуун чимэгтэй, алсаас гялалзан харагдахаар орд харш барь гэж тушаажээ. Тэгтэл тэр нутагт ган гачиг болж газар тариалан хувхайрч өлсгөлөн тохиолдов гэнэ. Ийм гай гамшиг олонтоо тохиолддог учраас зовлон үзсэн ард олон өнөөдөр ганц аяга будаа олсон бол маргаашаа мартаж болохгүй хагасыг нь үлдээе хэмээн ярилцдаг байж.
Туранхай хонь, хивэгтэй атга будааны үнэ тэнгэрт хадаж түүнийг ард олон алт мөнгөн эдлэл, ээмэг бөгж хувцас хунарынхаа чимэг мөнгөн товч тэргүүтнээр солин авахад хүрч гэнэ. Тэгтэл нөгөө хомхой хаан баярлахын эрхээр баярлаж арвай буудай адуу малаа алт мөнгөөр арилжаад л арилжаад л байж. Нэг мэдсэн чинь атга будаа ч үгүй, алж идэх ганц төлөг ч үгүй бүгдийг нь солиод дууссан байжээ.
Эд юмандаа бах нь ханасан хаан өлсөхийн эрхэнд алт мөнгөнийхөө хагасыг идэх хоолоор солихоос доо гэж харамсан бодоод арвай буудай адуу малаар солих гэтэл харин үүнийг нь авах хүн олдсонгүй. Алтаа идэж, мөнгөө мэр гээд арвай буудай өгөх хүн гарсангүй. Өлбөрч үхтлээ туламтай алтан дээрээ сууж бай гэж хүмүүс хашгиралдав. Чамайг алтан хувалз сорж мөнгөн могой багалзуурдана гэж зүхэж гэнэ. Шунаг хаан ордондоо очоод алт мөнгөнийнхөө авдрыг нээж,
- Олон түмэн минь алтнаас авч ганц шуудай гурил өгөөч дээ гэж хашгирчээ. Нэг ч хүн хариулсангүй. Өглөө нь хаан дахиад л хаалгаа дэлгэж,
– Ардууд аа алт мөнгө, бүх эрдэнэсээ аяга гурилаар өгье, авах хүн байна уу гэж хашгирчээ. Бас л хариулсангүй. Дараа өдөр нь хаан,
- Бүх хөрөнгөө зүсэм талхнаас өгнө гэж хашгирсан ч хэн ч авсангүй. Ингэж тэр хомхой сэтгэлтэй тэнэг хаан алтан ордондоо өлбөрч үхжээ. Түүнийг үхсэний дараа ордных нь чулуун довжоон дээр "Алт мөнгө бол чулуу, арвай буудай бол амьдрал" хэмээн сийлсэн ажээ.

0 Сэтгэгдэл: