Муур ба хулгана

Эртийн Эрт цагт муур хулгана хоёр нэгэн сүмд амьдарч байжээ. Гэтэл нэгэн өдөр муур, хулганы нүхэн дээр ирээд,
-Хулгана авхай! Хоёулаа ер нь хонхны хонгилд хамт амьдарвал яасан юм бэ? Ганц хүн гал болдоггүй болохоор хоёулаа хамт амьдарвал хамаагүй хэмнэлттэй болно доо гэжээ.
Хулгана эхэндээ болгоомжлон сахлаа босгон, нүхнийхээ завсраар харвал ... муур туйлын эелдэг инээмсэглэн тун чиг найрсаг сайхнаар мяулан зогсож байв. Тэгээд хулгана "Ер нь хамт амьдарвал уг нь ч хямд л тусна даа. Болохгүй ч юм юу байх вэ дээ” хэмээн бодлоо.
- За тэгэхээр би зөвшөөрч байна. Оролдоод үзье хэмээн хулгана хэлэв.
- Сайн байна. Харин надад нэг асуулт байна. Одоо удахгүй өвөл болж, хоол хүнс хомсдоно. Тэгэхээр бид хоёр идэх юмаа нөөцлөх хэрэгтэй. Хаана хадгалбал зүгээр вэ? хэмээн муур лавлав.
Ийнхүү хадгалах нь үнэхээр сайн хэрэг гэж хулгана үзсэн тул хоёул хамтран ваар дүүрэн цөцгий худалдан авчээ.
-Одоо тэгэхээр хоёул энэ нөөцөө хаана нуухаа бодъё. Хүмүүс ч хэцүү шүү дээ. Сүмээс ч хулгай хийхээс сийхгүй. Хаана нууя гэж чи бодож байна? хэмээн муурыг асуухад хулгана хаана нуухыг бодоод бодоод олсонгүй.
-За би бууж өглөө. Харин чи нэг арга бод хэмээн тэр мууранд хандлаа.
Муур нэлээд удаан нүдээ онийлгон чихээ маажиж байснаа,
- Надад нэг сайхан санаа төрлөө. Ерөөсөө хоёулаа дээврийн хонгилд нуучихъя. Тэнд хэн ч очихгүй гэсэн санал гаргав. Хулгана ч уг саналыг дэмжин, хоёулаа нөгөөх цөцгийтэй ваараа дээврийн хонгилд аваачин нуулаа.

- Гэхдээ хоёулаа үүнийгээ идэхгүй шүү. Өвлийн хүйтэн нойтонд л идэх юм шүү хэмээн хулгана энэ үед хэлбэл, муур гомдсон дүр үзүүлэн,
- Яалаа гэж, би юу боллоо гэж идэх юм бэ. Ийшээ ёстой зүглэх ч үгүй гэж амлав.

Тэр явдлаас хойш тэр хоёр эв найртай амьдарсаар ганц долоо хоног дөнгөж өнгөрч байтал муур нөгөө цөцгийгөө идмээр санагдах нь тэр. Муур цөцгийн амтыг өдөр нь бодсоор, шөнө нь зүүдэлсээр сүүлдээ бүр тэсэхээ болив. Тэгээд нэг өглөө хулгана дээр явж очив.
-Хулгана авхай минь! Би чамд нэг юм ярих гэсэн юм аа. Миний зээ өнгөрсөн жил гэрлээд сая эхнэрээс нь зулзага гарчээ. Тэгсэн маш хөөрхөн зулзага гарсан байна. Тийм нэг хүрэн толботой цасан цагаан амьтан. Тэгээд миний зээ намайг уриад зулзаганыхаа загалмайлсан эцэг болохгүй юу гэсэн юм. Би тэгэхээр нэг яваад ирвэл чи юм бодохгүй биз дээ? хэмээн муур их л эелдгээр ярилаа.
-Тэгэлгүй яахав, тэгэлгүй яахав. Би гэрийнхээ ажлыг амжуулж байя. Харин чи миний мэндийг зулзаганд дамжуулаарай. Харин улаан дарс уухдаа намайг марталгүй жаахныг авчраарай. Би ганц нэг балгамаар байна хэмээн хулгана хариу өгүүлэв.
-Яг тэгье. Би бас жаахан бялуу ч аваад ирье.
Муур уруулаа долоон байж ийн хэлээд хонхны хонгилоос гарч одов. Тэгэхдээ нөгөө загалмайлах ёслол уруу огтхон ч зүглэсэнгүй, харин ч эсрэгээр дээврийн хонгил уруу харайж очоод нөгөө цөцгийнийхөө дээд хэсгийг нь долоож орхив.

Дараа нь мань муур доошоо буун тосгоны байшингуудын дээврээр ангуучилж явсаар орой нь гэртээ харив.
- За чи цагаа сайхан өнгөрүүлэв үү? хэмээн хулгана асуув.
- Тэглээ тэглээ. Янзын сайхан байлаа гэж муур хариулав.
- Надад дарс, бялуу авчрав уу?
- Өө яана аа. Би уг нь зөндөөнийг аваад ирж байтал нэг том нохой над уруу дайраад булаагаад авчихсан шүү.
- За, зүгээр зүгээр. Тэр нохойтой ярих юм гарч байх шиг байна. За тэр ч яахав. Зээ чинь зулзагандаа ямар нэр өгч вэ? гэхэд нөгөө амтат цөцгийнийхээ тухай бодон инээмсэглэж байсан муур "Дээдэх нь байхгүй" хэмээн хэлэв.
- Үгүй мөн хачин нэр ээ. Ёстой дуулж байгаагүй юм байна гэж хулгана хэлэв.
Түүнээс хойш мөн л хэдэн өдөр өнгөрч байтал муур нөгөө цөцгийг дахин хүсэмжлэх болов. Түүний нүдэнд дээврийн хонгил доорх цэнхэр ваар, тэр вааран доторх тослог шар цөцгий үзэгдэн, унтаж ч чадахаа бараг больж галзуурах шахав. Эцэст нь муур гал тогоонд очвол хулгана аяга, тавгаа угаан завгүй байв.
-Хулгана авхай минь! Миний бас нэг зээ зулзагатай болсон юм. Тэр нь ёстой хөөрхөн, хав хар, гэхдээ хүзүү нь цагаан. Тэгээл аав нь намайг загалмайлсан эцэг нь болооч гэж ёслолдоо уриад байна. Би яваад ирвэл яана? гэж муур асуулаа.
-Тэг тэг. Явалгүй яахав. Харин надад нэг жаахан бялуу, дарс аваад ирээрэй хэмээн хулгана зөвшөөрөв. Муур,
-За, за гэж амлаад тэр дороо эргэн гарч гүйсээр дээврийн хонгилд хүрээд нөгөө нөөц цөцгийний хагасыг нь үмхэж орхив.
Түүнийхээ дараа доош буун явсаар хотын даргын байшингийн дээвэрт авиран гарч, бүхэл өдөржингөө унтаж аваад орой нь л нэг юм гэрийн бараа харав. Түүнийг эргэж ирэхэд,
- Хүүе, сайн байна уу? гэсээр хулгана угтаад надад чи дарс, бялуу авчрав уу? гэлээ.
- Тэгсэн тэгсэн. Үгүй тэгсэн ч гэж дээ. Нөгөө өмнө нь миний чамд ярьж байсан том нохой бас л намайг хөөгөөд дээрэмдээд авчихлаа хэмээн муур хариулав.
-За яахав. Санаа зоволтгүй. Болохгүй юм болохгүй л байдаг гэж хулгана өгүүлээд, зулзаганд ямар нэр өгснийг лавлав.
Нүдээ анин цөцгийний тухай бодож байсан муур сандрахдаа "Хагас нь байхгүй" гэчихлээ.
- "Хагас нь байхгүй" гэнэ ээ гэж муур гайхан исгэрээд та юу хэлчихэв ээ? Би ёстой амьдралдаа дуулаагүй юм байна хэмээн гайхлаа.
Муур нүдээ нээн царайгаа атируулж, чи юу гээд байгаа юм бэ? Дэлхийн бүх нэрийг мэддэг гэж өөрийгөө бодоо юу гэж асуулаа.
- Үгүй, үгүй. Зүгээр л сонин сонсогдоод л тэр хэмээн хулгана хэллээ.

Дахин долоо хоног өнгөрөхөд муур цөцгийний тухай дахин бодож эхлэв. "Цөцгий, цөцгий. Би идмээр байна, идмээр байна. Идэх ч болно" гэж тэр боджээ.
Муур өглөө босоод хулгана дээр очлоо.
- Хулгана авхай! Миний бас нэг зээ зулзагалаад намайг загалмайлсан эцгээ болооч гэсэн юм.
- Бас дахиад л зулзага төрөө юү?
- Тийм ээ тийм. Гэхдээ маш онцгой зулзага гарсан. Цагаан тавхайтай хав хар муур. Биенд нь ганц ч цагаан үс байхгүй гээд бод доо. Тийм хөөрхөн зулзага долоон жилд ганц төрдөг гэсэн. Бн явъя даа. Тэгэх үү?
- Чи ч зөндөө олон зээнцэртэй боллоо доо. Эхлээд Дээдэх нь байхгүй төрсөн, дараа нь Хагас нь байхгүй гарсан. Одоо дахиад нэг зулзага төрлөө. Чи явах ёстой юм чинь явах л хэрэгтэй байхдаа.
- Баярлалаа. Би чамд бялуу, дарс авчирна аа.

Хулгана гэртээ үлдэн хоол хүнсээ төхөөрч байх зуур муур дээврийн хонгил руу гүйн очоод, нөгөө цөцгийг долоож орхиод санаа амрав.
Муурыг зургаан цагт эргэж ирэхэд нь загалмайлах ёслол хэр болсныг хулгана
сонирхлоо.
- Ёслолд бүх гэр бүлийнхэн цуглаад. Би нөгөө зулзагыг тэврээд л. Ёстой хөөрхөн зулзага байна лээ. Харин чи намайг ёстой уучлаарай, би жаахан бялуу, дарс аваад явж байсан чинь...
- За цааш нь яриад яахав. Нөгөө том нохой чинь бас л тааралдаж хөөгөөд дээрэмдчихээ биз. Тэгээд саяын шинэ зулзага ямар нэртэй болов?
Муурын нүд ногоорон амтат цөцгийг санагалзан хэл нь гозолзож байснаа тэр зулзагандаа "Бүгд байхгүй" гэдэг нэр өгсөн дөө гэв.
- Бүгд байхгүй гэнэ ээ? Энэ чинь ёстой хамгийн сонин нэр байна. Би Библийн судраас ч ийм нэр уншаагүй юм байна гээч. Сонинд ч гараагүй нэр байна хэмээн хулгана гайхширлаа.
- Энэ чинь бүүр хуучны нэр байхгүй юу. Ер нь манай орон эрх чөлөөтэй орон. Зулзагаа юу гэж нэрлэсэн ч яадаг юм. Муур ийн хэлээд саврынхаа хумсыг цухуйлгаж байв.
Хулгана муурын хумсыг үзээд толгой сэгсрэн,
-За яахав, яахав. Тэр бол чиний хэрэг гэлээ. Тэгээд хэсэгхэн ноосоор биеэ ороон унтахаар хэвтэв.
Зун өнгөрч намар болоод, намар өнгөрч өвөл боллоо. Харин муур дахин загалмайлсан эцэг болохоор уригдсангүй. Цас унан, хот тэр чигээрээ цагаан хучлагатай болон хүйтэрч хоол хүнс ч ховор живэр боллоо.
Хулгана нэгэн өглөө зоорио хараад толгой сэгсрэн, муурын дугжирч буй унтлагын өрөө рүү очив.
- Муур аа! Бид хоол ундгүй боллоо. Гэхдээ бид хоёр бурхны авралаар идэх юмаа нөөцөлсөн нь аз боллоо. Хоёул дээврийн хонгил руугаа очиж цөцгийнөөсөө идье хэмээн хулгана өгүүлэв.
- За хөөрхий, цаг нь болж дээ хэмээн муур бодсоор дээвэр лүү явахад хулгана араас нь гүйх ажээ.
Хулгана дээврийн хонгилд ирэн цөцгийгөө алга байхыг үзээд золтой л ухаан алдаад уначихсангүй. Тэрээр сахлаа сөрвийлгөн муур уруу ууртайгаар харж,
- Чи загалмайлсан эцэг болно гээд яваад байсан. Тэгж явахдаа хулгайлаад идчихсэн байна шүү дээ. За, одоо би бүгдийг нь мэдлээ. Тэр нэрнүүд ч гэсэн. Эхлээд Дээдэх нь байхгүй, дараа нь Хагас нь байхгүй, хамгийн сүүлд....
Хулганыг үгээ хэлж гүйцээгүй байтал муур уурсан хашгирлаа.
-Чамайг дахиад ганц үг хэлэх л юм бол...?
Энэ үед хулганы хувьд бүх юм дэндүү оройтсон байлаа. Тэр Бүгд байхгүй гэдэг үг хэлж байхдаа аль хэдийн муурын аманд орчихсон байлаа.
Түүний хэлсэн сүүлчийнх нь энэ үг муурын амнаас дөнгөж сонсогдоод л хөөрхий золгүй хулгана муурын ходоод руу орсон гэнэ билээ.

Шошго: |

1 Сэтгэгдэл:

  1. Anonymous Says:

    Зохиолч нь хэн юм бол