Удган мод

Эрт урьд цагт нэг удган модны хаяанд өвгөн эмгэн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нь өглөө, орой хоёр удган модыг тойрч улсын өргөсөн өргөлийг авч амь зуудаг байжээ. Нэг өдөр эмгэн нь,
- Галд хийх цучил түлээгүй боллоо. Чи ууланд гарч түлээ авчир! гэж өвгөндөө хэлсэнд өвгөн сүхээ авч гараад "Тэр хол ууланд яаж явган хүрэх вэ? Ойроор нь удган модны гишүү мөчрийг цавчин авч хоногийн түлээ аргалъя" гэж бодоод удган мод хүрч сүхээ далайвал,
- Өвгөн чи, сагсагар сайхан гишүү мөчрийг минь бүү цавч! Чамд хүссэн бүхнийг чинь өгье гэж мянган гишүү, буман навчаа сэрчигнүүлэн хүний хэлээр хэлсэнд өвгөн мэл гайхаж цэл хөхөрч гэнэ.
- Удган ээж минь та юу ярина вэ? Эрүү өвдөг нийлсэн эмгэн бид хоёр өндөр ээж таныхаа өргөн сугыг түшиж өглөгийн эздээс танд барьсан өргөл барьцыг идэж амь зуудаг билээ. Одоо цучал ч түлээгүй гал алдахад хүрээд таны хатсан гишүү мөчрийг авч, гал залгах гэсэн юмаа, гэж өвгөн хэлсэнд удган модны хатсан гишүү мөчир гэнэт ногоорон гөлөглөж ... навч нахиа навцас бавтас хийж,
- Өвгөн чи гэртээ харь! Мөнх тэнгэрийн ивээлээр гэрт чинь гал залгах түлээ мундахгүй бий болно гэжээ.

Өвгөн гэртээ ирвэл, гадаа нь уул овоо шиг түлээ овоорон байсанд нүд нь орой дээрээ гарч саяын үйл явдлыг эмгэндээ тоочин,
- Удган мод хүссэн бүхнийг чинь өгье гэлээ гэж ярьсанд эмгэн,
- Тэнгэр харах нь тэр. Бид зуны дэлгэр сайхан цагт хар цай ууж сууна шүү дээ. Чи саалийн ганц үнээ гуйж ирээч! гэсэнд өвгөн удган мод руу алхаж гэнээ. Тэр "Эмгэн үнээтэй бол сүүтэй цай ууна гэнэ. Тэр ч санадаг санаа. За би удган модноос юу гуйх вэ? Аа тийм, морь гуйя. Хэдий болтол гахай явган, нохой нүцгэн явах вэ?" гэж бодож гэнээ.

Удган мод мянган мөчир, буман навчаа сэрчингүүлэн өвгөнийг угтаж,
- За өвгөн чи ямар хэргээр ирэв? гэхэд өвгөн,
- Эмгэнд минь саалын ганц үнээ хэрэгтэй гэнээ. Өндөр ээж минь эмгэнд саалийн ганц үнээ хайрла! Бас би хэдий болтол гахай явган, нохой нүцгэн явах вэ? Надад чөдрийн ганц морь хайрла! гэсэнд,
- Өвгөн чи харь! Хүссэн бүхэн чинь мөнх тэнгэрийн ивээлээр сэтгэлчлэн бүтнэ гэж гэнэ. Өвгөн гэртээ ирвэл уяан дээр нь чонон чихтэй цолмон нүдтэй, хун цагаан морь дүүхэлзэж байна гэнэ. Бас эмгэн нь сэлмэн эвэртэй, газар шүргэсэн дэлэнтэй үнээ сааж сууна гэнэ. Өвгөн,
- Сайхан морь оо, мөн сүүтэй үнээ еэ! гэж дуу алдсанд эмгэн,
- Тэнгэр харах нь энэ ээ. Амандаа орсон өөхийг хэлээрээ түлхэж болохгүй гэдэг. Чи бушуухан удган модонд очиж араараа дүүрэн ай түмэн адуу, өврөөрөө дүүрэн үй түмэн тэмээ, хонхроор дүүрэн хой түмэн хонь, хадаар дүүрэн хай түмэн ямаа гуйгаад ир. Мал малын захтай болъё. Малтай бол баян, баян бол ноён гэж гэнэ. Өвгөн "Эмгэн тал дүүрэн таван хошуу малтай болох гэнэ. Малтай бол баян, баян бол ноён. Тэр ч санадаг л санаа. За би удган модноос юу гуйх вэ? Аа, тийм. Орд өргөө гуйя. Орд өргөөгүй ямар баян ноён байх вэ?" гэж бодож гэнэ.

Удган мод мянган мөчрөө арвалзуулан буман навчаа шидлэн өвгөнийг угтаж,
- За өвгөн чи, ямар хэргээр ирэв? гэвэл өвгөн,
- Эмгэнд минь араар дүүрэн ай түмэн адуу, өврөөр дүүрэн үй түмэн тэмээ, хонхроор дүүрэн хой түмэн хонь, хадаар дүүрэн хай түмэн ямаа хэрэгтэй гэнэ. Малтай бол баян, баян бол ноён! Эмгэнд минь тал дүүрэн таван хошуу мал хайрла. Бас орд өргөөгүй ямар баян ноён байх вэ? Өвгөн надаа орд өргөө хайрла! гэвэл удган мод,
- Өвгөн чих харь! Хүссэн болгон чинь сэтгэлчлэн бүтнэ гэж гэнэ.

Өвгөн гэртээ ирвэл оосор бүчгүй орд цагаан өргөө сүндэрлэж байна гэнэ. Бас тал дүүрэн таван хошуу мал налайж байна гэнэ. Өвгөн,
- Сайхан өргөө вэ? Мөн их мал аа! хэмээн дуу алдсанд эмгэн,
- Тэнгэр харах нь энэ ээ! Энэ олон малыг чинь харахад хөгшин бие минь хөшиж, эмгэн бие минь эцнэ шүү дээ. Чи бушуухан удган модонд очиж "Эмгэнд минь арван найман насыг нь буцааж өгөөч!" гэж гуйгаад ир гэж гэнэ.

Өвгөн "Эмгэн минь ахиад арван найман настай болох гэнэ. Тэр ч санадаг л санаа. Үгүй тэр залуу болчихвол намайг хөгшин гэж голно. Аа тийм, би бас удган модонд хэлж арван наймтай залуу болъё" гэж бодож гэнэ.
Удган мод зуун гишүүгээ тачигнуулан, мянган мөчрөө шидлэн өвгөнийг угтаж,
- За өвгөн ямар хэргээр ирэв? гэвэл өвгөн,
- Талаар дүүрэн таван хошуу малаа харахдаа эхнэрийн минь хөгшин бие нь хөшиж, эмгэн бие нь эцэх гэнэ. Түүнийг ахиад арван найман настай болгож хайрла! Бас намайг арван найман настай болгож хайрла! гэсэнд удган мод,
- Өвгөн чи харь! Хүссэн чинь сэтгэлчлэн бүтнэ, гэлээ.
- Өвгөн гэртээ ирвэл оосор бүчгүй орд цагаан өргөөнийхөө үүдэнд туурга нэвт туяатай, тунж ягаан хацартай хүүхэн зогсож байна гэнэ. Гэтэл өвгөний нугас ус нь тарчигнаж, нуруун бие нь тэнийж, гар хөл нь хөнгөрч ганган эр болоход,
- Залуу болох сайхан аа! гэж баясан хэлбэл эмгэн,
- Тэнгэр харах нь энэ ээ! Залуу ч боллоо, малтай ч боллоо. Мал мал гэх нэг шуурганд барагдана. Алт, эрдэнэгүй ямар баян ноён байх вэ? Чи удган модонд очиж алт эрдэнэ гуйгаад ир гэж гэнэ. Өвгөн "Нээрээ алт эрдэнэгүй ямар баян байх вэ дээ? Тэр ч санадаг л санаа. Удган модноос алт эрдэнэ гуйна. Тэгээд өөртөө юу гуйх вэ? Хүссэн бүхнийг бүтээдэг, морин толгойтой молор эрдэнэ гуйя" гэж бодож гэнэ.

Удган мод нааш цааш савлан зуун гишүүгээ шидлэн өвгөнийг угтаж,
- За өвгөн чи ямар хэргээр ирэв? гэвэл,
- Эмгэн бид хоёр залуу ч боллоо, малтай ч боллоо. Мал мал гэхэд нэг шуурганд барагдана. Алт эрдэнэгүй ямар баян байх вэ? Удган ээж минь, эмгэнд алт эрдэнэ хайрла. Бас надад хүссэн болгоныг бүтээдэг морин толгойтой молор эрдэнэ хайрла! гэсэнд удган мод,
- Өвгөн чи харь! Хүссэн болгон чинь сэтгэлчлэн бүтнэ гэж гэнэ. Өвгөн гэртээ ирвэл эмгэн нь алт эрдэнээ тоолж барахгүй дэнсээр дэнсэлж байна гэнэ. Дэргэд нь морин толгойтой молор эрдэнэ хэвтэнэ гэнэ. Өвгөн,
- Ямар их алт вэ? гэж дуу алдсанд эмгэн,
- Улс амьтан мэдвэл алт эрдэнийн минь хулгайлж дээрэмдэж авна. Чи бушуухан удган модонд очиж үзсэн хүн үнхэлцэгээ дэлбэртэл айх, харсан хүн халуун цөсөө хагартал айх тийм дүрээр бид хоёрыг дүрлүүлж өгөөч гэж гуй! гэв. Өвгөн "Энэ ч бас санадаг л санаа" гэж бодож гэнэ.

Удган мод гозгор хар гозууль болоод газар савлан яхир шахир дуу гарган өвгөнийг угтаж,
- Өвгөн чи ямар хэргээр ирэв? гэж асуужээ.
- Алт эрдэнэ ихтэй боллоо. Улс амьтан мэдвэл хулгайлж дээрэмдэж авна. Тиймээс бид хоёрыг үзсэн хүний үнхэлцэг дэлбэрэх харсан хүний халуун цус хагармаар дүртэй болгож хайрлаач! гэж гуйсанд,
- Өвгөн чи харь! Хүссэн хэрэг чинь сэтгэлчлэн бүтнэ гэжээ. Өвгөн гэртээ ирвэл эхнэр нь аврага том могой болоод алт эрдэнэ дээрээ цагираглан исгэрч хэвтэнэ гэнэ. Өвгөн сандарч,
- Могой! гэж уулга алдтал өөрөө бас могой болчихож гэнэ ээ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: