Ерэндэй мэргэн хаан

Эрт урьдын нэгэн үед ерэн түмэн адуутай ерэн түмэн хоньтой, ерэн түмэн цэрэгтэй Цэцэн ухаан, Оюун ухаан, Мэргэн ухаан гэсэн гурван сайхан гоо үзэсгэлэн хатантай Ерэндэй мэргэн хаан гэгч байсан гэнэ.
Түүний ерэн түмэн адууны доторх цөсөн хээрэгч гүү нь жил бүрийн найман сарын арван тавны нар мандах үед эрдэнийн алтан унага гардаг гэнэ. Гэвч цөсөн хээрэгчийг унаглах үед Ерэндэй мэргэн хааны ерэн түмэн цэрэг нь манаж байтал нар гарах зүгийн Гарьд шувуу хулгайлж аваад явчихдаг гэнэ. Ингэж есөн унагаа алджээ.
Нэг жил Ерэндэй мэргэн хаан тэр хан гарьд шувууг аргалах ухаан бодож гаргажээ. ...Тэгээд нэг өдөр ерэн түмэн цэргээ дайчлан нар гарах зүгийн хан гарьд шувууг устгахаар явах болж, арын овоон дээрээ гарч арван найман ариун сангаа тавьж, өвөр овоон дээрээ гарч дөчин есөн ариун сангаа тавьж мөргөхөд гэнэт түүний дэргэд хоргой ёохор морьтой хожгор хүү ирээд зогсож байна гэнэ. Ерэндэй мэргэн хаан тэр хүүг үзээд их гайхан,
- Бяцхан хүү чиний зорьсон газар чинь хаана буй? Золгох хүн чинь хэн буй? гэж асуув. Хожгор хүү хариуд нь,
- Зорьсон газар минь бол Гарьд шувууны байлдааны талбай, золгох хүн минь бол хаан эзэн та болой гэв. Үүнийг сонсоод Ерэндэй мэргэн хаан хожгор хүүг дутуу зэмдэг хүүхэд байна гэж голсонгүй харин баярлахын ихээр баярлаж хожгор хүүг ордондоо залж ирээд салаа гэртээ орж саадаг нум сумаа авч өргөө гэртээ орж өмсч зүүхээ авч морио эмээллэн ерэн түмэн цэргээ чивхийтэл жагсаагаад хожгор хүүгээр цэргээ дайчлуулж, гурван хатнаа дуудаж ирүүлээд,
- Хайрт хатад минь, эдүгээ хаан болсон эзэн чинь нар гарах зүгийн Гарьд шувууг дарахаар ерэн түмэн цэргээ дайчлан мордохоор байна. Тэгэхэд та гурвуулаа намайг явахад юугаар үдэж, ирэхэд яаж угтах буй гэв. Их хатан нь,
- Хаан эзнийг мордоход суман хавтагаар үдэж, ирэхэд даллагын сангаар угтана гэв. Дунд хатан нь,
- Хаан эзнийг мордоход жадны хавтагаар үдэж, ирэхэд эрдэнийн сангаар угтмуй гэв. Хамгийн бага хатан нь,
- Хаан эзнийг мордоход малгай хүрмээр үдэж, ирэхэд алтан цээжтэй, мөнгөн бөгстэй хүүгээр угтъя гэхэд Ерэндэй мэргэн хаан бага хатныхаа хэлсэнд их баярлан ерэн түмэн цэргээ дайчлан нар гарах зүгийн хан гарьд шувуутай байлдахаар явжээ. Яван явсаар гадаад далайн дэргэд хүрэхэд алтан амтай, мөнгөн онгоцтой нэг худаг байна гэнэ. Энэ үед хожгор хүү хааны дэргэд ирээд,
- Энэ худаг бол Гарьд шувууны алтан унага усалдаг худаг мөн. Хаан эзэн минь, энэ шөнө бид энэ худаг дээр хоноод маргааш өглөөний нар гарахаас өмнө дөрвөн зүгт хуваагдан Гарьд шувууг харвахаар бэлтгэцгээе. Маргааш өглөө эрт хамаг урьд нь хан гарьд шувууны унадаг ирвэс цоохор морь нь ус уухаар худаг дээрээ ирэх юм. Тэгэхэд хаан эзэн та миний хоргой цоохор морь болон эзэн таны бугатай цоохор морь хоёрыг зэргээр гаргаж үзүүл. Учир нь энэ гурван цоохор морь бол Хан Хурмаст тэнгэрийн барсын цоохор гүүнээс гарсан ах дүү гурван унага тул янцгаалдан танилцах ба улмаар ирвэс цоохор морь гүйж ирэхэд түүнийг барьж ав. Тэгвэл даруй хан гарьд шувууны жигүүр нь хугарсан шиг болоод нисэх чадлаа алдах тул харвахад амар болно. Нар мандсаны хойно зүүн хойт зүгээс есөн ногоон унага худаг дээрээ ус уухаар ирэх юм. Тэгэхэд хаан та ташуураа бариад “гуруй, гуруй” гэж есөнтөө хэлэн гуруйлаад цөсөн хээгч гүүгээ үзвэл тэр есөн ногоон унага бол хаан эзний алтан унага тул эхээ үзмэгц таниад янцгаасаар гүйж ирэх юм. Тэгвэл хурдан барьж ав. Түүний дараа хан гарьд шувуу ирвэс цоохор морь болон есөн ногоон унагаа услахаар худаг дээрээ ирж наран зүг хандан хүлээж суух тэр үед түүнийг сайн ажиглавал цагаан элгэн дээр нь хуруу дарам нэг хар мэнгэ буй. Бидний харвах ерэн есөн сум нэг л тэр мэнгээр нь нэвтэлж гарвал сая алж дийлнэ. Хэрвээ нэг сум алдагдвал түүнийг алж дийлэхгүй мөртөө гэдрэг бид алагдах болно гэв.
Ерэндэй мэргэн хаан хожгор хүүгийн хэлсэн ёсоор бэлтгэн байтал өглөө болоход ирвэсийн цоохор морь нь ирэхэд хаан ташуураараа гуруйлан “гуруй, гуруй” гэж есөнтөө дуудаад хоргой цоохор морь болон бугатай цоохор морийг үзүүлсэнд ирвэсийн цоохор морь янцгаасаар гүйж ирсэнд бариад авчихжээ. Яг нар гарах үед зүүн хойноос есөн ногоон унага ирэхэд хаан мөн ташуураараа гуруйлан “гуруй, гуруй” гэж есөнтөө дуудан цөсөн хээгч гүүг үзүүлсэнд есөн ногоон унага нь янцгаасаар эхийнхээ дэргэд ирэхэд нь бас бариад авчихжээ.
Тэгж байтал нэг бүдүүн хар шувуу худгийн аман дээр нар гарах зүг уруу хандан суув. Ерэндэй мэргэн хаан болон ерэн түмэн цэрэг тэр шувууг сайн ажигласанд цагаан элгэн дээр нь үнэхээр хуруу дарам хар мэнгэтэй байна гэнэ. Үүнд Ерэндэй мэргэн хаан хожгор хүүг улам бишрэн, төрийн түшмэдэд мэргэн ухаан нь хэтэрсэн хүү байна хэмээн дотроо магтан ерэн түмэн цэргийнхээ ерэн түмэн нумыг жирийтэл татуулж байгаад харавсанд ерэн есөн сум цөм мэнгээр нь нэвтэлж хан гарьд шувуу тэр дороо үхэв гэнэ. Тэгээд ерэн түмэн цэрэг түүнийг хурц сэлмээрээ мөч мөчөөр нь салган, үе үе эвдлэн далан дээрээ ачаад хаан ордондоо буцах зам зуураа нэгэн нүд алдам тэгш талд хүрээд хоногложээ. Шөнө хаан унтаж байтал алтан цээжтэй мөнгөн бөгстэй жаахан хүү өмнө нь ирээд,
- Хаан аав та амгалан гэж мөргөхөд хаан их гайхаж дав гээд боссонд харин зүүд байжээ. Хаан ийм зүүд зүүдэлсэндээ их баярлан маргааш өглөөний үүрийн гэгээгээр аян замдаа орж, бага хатан минь лавтай хэлснээрээ алтан цээжтэй мөнгөн бөгстэй хүүгээрээ намайг угтах биз гэж бодож явж гэнэ. Ерэндэй мэргэн хааныг дайнд мордсоны дараа их хатан болон хоёрдугаар хатан нь бага хатныг үнэхээр алтан цээжтэй мөнгөн бөгстэй хүү төрүүлчихвэл бид хоёрт ашиггүй гэж муу санаа гарган бага хатныг хөнгөрөх үед аргалахаар тогтжээ. Тэгтэл бага хатан хөнгөрөх болсонд хоёр их хатан нь хүрч ирээд,
- Хөнгөрөх бол тийм амархан явдал биш, зовохын далайн нэг нь болох тул эрхбиш нүд толгойгоо чанга боож чихээ бөглөх хэрэгтэй. Тэгэх мөртөө тэр явдал бас их бузар буртаг тул амаа таглаж, гурав хонотол хүүхдээ үзэж болохгүй гэжээ.
Бага хатан нь нас бага, цус шингэн, ааш бүр цайлган сэтгэлтэй тул тэр хоёрын үгээр нүдээ аньж чих, хамар, амаа таглажээ. Хоёр их хатан нь эх барин байтал бага хатан үнэхээр алтан цээжтэй, мөнгөн бөгстэй хөвгүүн төрүүлжээ. Үүнд хоёр их хатан яаруу сандруу нялхын ам хамрыг ч алчуураар таглаж үүд босгын доор нүх малтаж булж тавиад хүүхдийнх нь оронд нь нэг нохойн гөлөг авчраад, бага хатнаар гурав хоног хөхүүлж, хаан ордон даяр,
- Хааны бага хатнаас нэг нохойн гөлөг гарлаа гэсэн цуурхал тархаажээ. Ерэндэй мэргэн хааныг дайснаа ялаад ирэхэд хоёр их хатан нь гурван өдрийн газарт угтан очиж даллагын сан, эрдэнийн сангаар угтахад хаан бага хатнаа асуусанд хоёр их хатан нь,
- Бага хатнаас нэг нохойн гөлөг төрөөд байна. Ямар гэгч үйлийн үрийг бүү мэд. Хүнээс бас нохойн гөлөг гарав гэгч? Хаан эзний нэр төрийг гутааж байна шүү. Тэгэвч яана даа? Бид хааны нэр төрийн төлөө ордны бүх хүмүүст хэн ч энэ хэргийг гадагш задруулж болохгүй хэмээн зарлав гэжээ. Хаан үүнийг сонсоод хэдийгээр цочиж гайхсан боловч өөрийн нүдээрээ үзье гэж хааны дээлийн хормой үүдний босгонд татагдсан шиг болсонд хоёр их хатан нь,
- Юманд татагдсан биш, эзний дээлийн хормой харин үүдэнд хавчигдав гэв. Хаан бага хатнаа үзэхэд дэргэд нь үнэхээр нэг нохойн гөлөг хэвтэж, бага хатан нь уйлж байв. Хааны бодож санасан нь саарснаас их гайхал болж гадагш гарахад дээлийнх нь хормой мөн үүдэнд татагдах шиг болоход хаан эргэж харахад хоёр их хатан нь мөн,
- Юу ч үгүй, эзэн урагш, урагшаа гэв. Түүнээс хожим хоёр их хатан нь үргэлж хаанд худал үнэн хов үг зөөн бага хатныг ордноос гаргаж ард нь араг гарт нь савар атгуулж хаан ордны аргал түүгч боол болгожээ. Бага хатныг арай гэж явуулмагц хоёр их хатан нь үүдний босгон доор булсан хүүг малтаж гаргаад хогийн овоон доор аваачиж булсан байжээ. Дараа өглөө нь хоёр их хатан нь эрт босмогц хогийн овоон дээр хүрч үзсэн чинь хүүг булсан газраас алтан мөнгөн хоёр сайхан цэцэг ургасныг үзээд, лав тэр хүүгийн сүнс байх гээд хүрэгч үнээнд аваачиж идүүлжээ.
Хоёр дахь жил нь болоход тэр хүрэгч үнээнээс нэг сайхан алаг тугал гарсан гэнэ. Нэг өглөө хаан гаднаа гарч үхэр малаа бараалахад хүрэгч үнээнийх нь дэргэд цээжин биеэс нь алтан гэрэл, бөгсөн биеэс нь мөнгөн гэрэл цэцарсан нэг сайхан алаг тугал хааныг харан зогсож байна гэнэ. Хаан үүнийг үзээд их гайхаж хоёр хатнаасаа асуусанд хоёр хатан нь,
- Өөө, мянган үхрийн манлай, түмэн үхрийн түрүү болох шинжтэй тугал биз гэв. Тэгээд хоёр хатан хоорондоо,
- Тэр алаг тугал бол бараг сайхь бага хатнаас гарсан хүүгийн сүнс байх магад. Түүнийг тугалчин хүүгээр алуулахгүй бол хожим хойш лав хэрэг болно гээд тугалчин хүүд алаг тугалыг маргааш заавал хорлох хэрэгтэй хэмээн зарлигджээ. Тэр үдэш алаг тугал хүн хувилан тугалчин хүүг хорлоод тугалчин хүүгийн оронд хааны тугалчин болсон байжээ. Өглөө нь болоход үхэр сүргийн дотор алаг тугал үзэгдэхгүй болсонд хоёр хатан дотроо их л ханамжтай болжээ. Тэгтэл нэгэн шөнө Ерэндэй мэргэн хаан харин ардаа хадмал хатгуулж өмнөө түнхээ зүүв гэсэн муу зүүд зүүдлэжээ. Маргааш өглөө нь хаан энэ зүүдэндээ их сэжиг төрж босмогцоо арын овоон дээрээ гарч арван найман ариун сангаа тавьж даатгасанд гэнэт агаар тэнгэрт,
- Баруун газрын шар могойн шумнас гарч ирээд хамгийг чинь алж хаан төрийг чинь эзэлнэ гэж байна гэсэн тэнгэр газрыг донсолгом их дуун гарсан гэнэ. Үүнд хаан их л цочиж өвөр овоон дээрээн гарч дөчин есөн ариун сангаа тавьж залбиран даатгасанд гэгээн агаар тэнгэрээс,
- Түүнийг тугалчин хүүгээс өөр дарах чадалтай хүн байхгүй гэсэн дуун гарсан гэнэ. Ерэндэй мэргэн хаан харьж ирмэгцээ тугалчин хүүг дуудаж ирүүлээд,
- Баруун газрын шар могойн шумнас гэгч одоо удалгүй хамаг түмнийг минь алж, хаан төрийг минь эзлэх гэж аашилж байна гэнэ. Түүнийг дарахад чамаас өөр хүн байхгүй гэнэ. Иймээс чи одоогоор тэрхүү аюулт их дайсныг дархаар явах хэрэгтэй. Тэгэхдээ чи хаан сангийн дотроос аль авах дуртай зүйлээ санаа дураараа ав гэсэн гэнэ. Тугалчин хүү,
- Зөвхөн хашин бор даагаа унаж, хугархай жад, ноорхой нум сумаасаа өөр юу ч авахгүй гэв. Үүнд хааны сэтгэл амаргүй сандрахдаа,
- Хэрэв чи дайснаа дараад дархан цолоо олоод ирвэл чамд гүнжээ хатанчилж өгье гэв. Тугалчин хүү хариугүйгээр хашин бор даагаа унаж, хугархай нум сумаа үүрээд баруун зүгийг чиглэжээ. Тэгж явж байтал гэнэт шар могойн салхи шаралтлаа ирэв гэнэ. Энэ үед бор даага нь уйлж,
- Их салхины ард юу үзэгдэж байх буй гэсэнд тугалчин хүү,
- Шар хадан уул үзэгдэж байна гэв. Бор даага нь,
- Тэгвэл тэр бор уул биш харин шар могойн шумнас байна шүү. Чи одоо нүдээ таг аньж, чихээ чанга бөглөж, амаа тас жимийгээд яв. Би чамайг цавч гэсэн газарт цавч, харва гэсэн газарт харва, хар гэсэн газарт хар, хэл гэсэн газарт дуугар гэсэн гэнэ. Тэгж яваад дэмий удсангүй бор даага нь,
- Цавч гэсэнд тугалчин хүү мориныхоо зүүн баруун хоёр талаар сугартал цавчив. Тэгж байтал морь нь,
- Харва гэхэд мөн мориныхоо зүүн баруун хоёр талаар тоогүй олон харвасанд морь нь,
- Хар гэв. Тугалчин хүү нүдээ нээхэд төөм төөм хотгор могой, толгой толгой дов орой мангийн аврага могойн үхдэл уул шиг овоорон, цус нь мөрөн далай шиг нялайж байна гэнэ. Тэгээд морь нь,
- Эзэн минь одоо нэгэнтээ могойн шумнасыг гүйцэд дарчихсан тул дуугаа дуулаад хаан төрдөө буцаж болно гэв. Тугалчин хүүг дайснаа дараад дархан цолоо мандуулж харьж ирэхэд Ерэндэй мэргэн хаан замд нь угтуул бэлтгэж өөрийн биеэрээ угтаж хаан ордондоо ирүүлээд гурван сарын их найр наадам хийж, тугалчин хүүд гүнжээ шагнах гэсэнд тугалчин хүү гадар хувцсаа тайлсанд цээжин биеэс нь алтан гэрэл цацарч, бөгсөн биеэс нь мөнгөн гэрэл цацарсан тул Ерэндэй мэргэн хаан их л гайхан учрыг асуухад тугалчин хүү,
- Би бол хаан аавын бага хатан ээжээс гарсан алтан цээжтэй, мөнгөн бөгстэй хүү мөн. Гэвч тэр үед хоёр их хатан ээж намайг мэндэлмэгц ээжээс нууж үүд босгынхоо доор булж тавьсан юм. Хаан аавыг ирэхэд би таны дээлийн чинь хормойноос татсанд хоёр их хатан ээж мэдээд тэр шөнө даруй намайг үнсэн овоонд аваачиж булав. Дараа өглөө нь би алт мөнгөн хоёр цэцэг болон хувирч ургаснад хоёр хатан ээж бас намайг гэж мэдээд хүрэгч үнээнд идүүлэв. Тэгээд дараа жил нь би хүрэгч үнээний алаг тугал болж гарсанд хаан аав үзээд их сонирхон хоёр хатан ээжид хэлсэнд тэр хоё мөн намайг хэмээн алахаар бэлтгэж байтал би амжин тугалчин хүүг хорлож түүний оронд тугалчин хүүгээр хувирч явав. Иймээс сая эдүгээ болтол амьд явж хаан аавынхаа төрд зүтгэж хорт могойг дайлав гэжээ. Хаан эзэн үүнийг сонсоод хүүгээ тэврэн авч гашуудан уйлаад тэр дороо зарлиг буулган хоёр их хатны ард нь араг хадаж гарт нь савар атгуулж насан туршид хааны сангийн аргалчин боол болгон шийтгэж бага хатнаа хааны үнэнч шударга хатан гэж ордондоо залж авчирав. Ерэндэй мэргэн хаан, хаан ширээгээ алтан цээж мөнгөн бөгстэй хувилгаан увидастай хүүдээ шилжүүлэн, өөрийнхөө насан туршийн хийсэн алдаандаа гэмшин нэг уулын оройд гарч даяанч ламын шавь болж, ном бясалгаж хойт мөрийнхөө үнэн ёсны төлөө сүсэглэн хичээж суусан гэнэ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: