Бэлэвсэн эхнэрийн хүү Иван (Орос)

Хөхрөх тэнгисийн тэртээ, хөлгүй далайн цаана Буянт нэртэй арал дээр бүхлээр нь шарсан шарын мах бий. Шарын махны нэг сүвээнд хурц балиус хатгаж, нөгөө сүвээнд нухсан сармис тавьжээ. Шарын махнаас хурц балиусаар огтол, сармисанд түрхээд дураараа ид! Бүхэл шөнөжингөө найрла, сайхан биз дээ?

Заа. энэ бол үлгэрийн эхлэл, үгийн хэлхээ. Шарсан боов идээд шар айргаар даруулаад жинхэнэ үлгэрээ эхэлье....

Эрт урьд цагт, энэ замбуутивийн нэгэн улсад залуу сайхан бэлэвсэн эхнэр жаал хүүтэйгээ ядуу зүдүү амьдран суудаг байжээ. Хүүгийн нэрийг Иван гэдэг, хөрш хавийнхан нь харин бэлэвсэн эхнэрийн хүү гэнэ. Бэлэвсэн эхнэрийн хүү Иван тоолох нас нь бага ч, төөлөх бие нь өндөр, төрөлх хүч нь их тул харсан бүхэн магтаж, үзсэн бүхэн гайхна.

Мөн тэр улсад нэг харамчийн харамч худалдаачин байжээ. Анхны эхнэрээ харангадуулж алсан, удаах эхнэр нь удсан ч үгүй нас баржээ. Худалдаачин дахиад ганц бие хоцорч эхнэр авах санаатай эрж хайж гарч гэнэ. Харин түүнд эхнэр болох хүн олдохгүй, эмс хүүхнүүд зугтаадаг байж гэнэ. Худалдаачин бэлэвсэн эхнэрийг гуйж,

- Өнчин ганцаар зүдрээд яахав, эхнэр минь болооч гэжээ. Бэлэвсэн эхнэр бодож бодож «Эр нөхөр болох хүнд амьтны ам муу байлаа ч яая гэх вэ, амьдрал залгуулах юмгүй хойно эхнэр нь болж суугаад үзье! Өөрт минь ямар байсан ч яах вэ, өөдсөн чинээ хүүгээ өсгөж авъя» гэж шийджээ. Хурим найр хийжээ.

Худалдаачин гэрлэснийхээ маргааш нөгөөдрөөс дагуул хүүгээ ад үзэж, суусан ч зэмлэнэ, боссон ч зэмлэнэ. «Энэ хоолны савыг өсгөхөд хичнээн их юм үрэгдэх бол! Хоосорч гүйцэх нь!» гэж худалдаачин дотроо бодон идсэн уусныг нь нэгд нэггүй тоолно. Хөөрхий эх чадах чинээгээрээ зүтгэж, үүрийн гэгээнээс өмнө босож, үдшийн шөнөөс хойш хэвтэж, хорин хүний хийх ажлыг хийвч ховдог нөхрийн санаанд үл нийцнэ. Өдрөөс өдөрт худалдаачны уур хилэн ихсэнэ. «Энэ хүүгээс бүрмөсөн салж амрахсан» гэж хар санаандаа бодох болжээ. Өөр хотод зах зээлийн газар очих цаг болжээ. Худалдаачин,

- Иваныг дагуулаад явъя. Ажил ч сураг, бас эд барааг харж хамгаалж байг. Ямар ч гэсэн тустай гэж эхнэртээ хэлж гэнэ. Харин дотроо «Хүний газар аваачаад төөрүүлчихье» гэж боджээ. Эх нь хүүгээ өрөвдөвч эр нөхөртэйгөө зөрж зүрхэлсэнгүй. Уйлж, уйлж Иванушкаа алс замд явуулахаар зэхжээ. Тосгоноос гартал даган явж үдэхэд Иван хүү малгайгаараа далласаар салан одож гэнэ.

Холуур нэг тойрч, ойроор нэг эргэж, өргөн замд гарч, өндөр байцыг ороон яв явсаар ойд ороод амрахаар зогсоцгоожээ. Морьдоо суллан бэлчээжээ. Худалдаачин ачаа тэргээ шалган тоолж байснаа гэнэт уурлан харааж загнаж эхлэв.

- Нэг хайрцаг боов дутаад байна! Иван, чи л идсэнээс зайлахгүй!
- Би тэр тэрэг рүү ойртоо ч үгүй! гэж Иван хариулна. Худалдаачин улам их уурла,
- Идчихээд идээгүй царай гаргана гэнээ. Чам шиг ийм амьтныг мангас авбал таарна! гэж хараав.
Энэ хараалыг хэлмэгц гачуур, хусан ой ганхан шуугиж эргэн тойрон харанхуйлж, ойн гүнээс өргөн мөртэй, өндөр биетэй, өвсөн бухал шиг толгойтой, аягын чинээ нүдтэй, аймаар өвгөн гарч ирээд,

- Чи надад энэ хүүгээ өгөөд хайрцагтай боовоо ав май! гээд нэгэн хайрцаг шидчихэв. Тэгээд Иваныг шүүрэн авахад ой мод шуугин шаагьжээ. Худалдаачин айсандаа тэргэн доогуураа оржээ. Дуу чимээ намдсан хойно тэргэн доороос цухуйж харвал морьд нь айн дагжин дэл сүүл нь дэрвэх алдан боссон байна гэнэ. Хайрцагтай боов газар хэвтэж харагдана гэнэ.

Худалдаачин жаахан сэхээ орж, тэргэн доороосоо мөлхөн гараад эргэн тойрноо харваас хүү алга байжээ.

- Заа яахав. Хоолны савнаас салж амарлаа. Бараа таваар бүрэн бүтэн байна гэж баярлан бодоод морио тэргэндээ хөллөв.

Бэлэвсэн эхнэрийн хүү Иван яах ийхийн зуургүй аймаар өвгөнтэй хоёулхнаа байж байна гэнээ,

- Бүү ай. Бэлэвсэн эхнэрийн хүү Иван, чи энэ насаараа одоо миний зарц боллоо. Хэлсэн бүгдийг минь даган биелүүлбэл хооллож ундалж тэжээнэ, хичнээн л бол идэж уу, харин үгнээс минь зөрвөл хар үхэл амдан байна гэдгийг ойлго гэж өвгөн хэлэв.

- Надад айх юм алгаа. Хаана ч байсан хойд эцгийн гарт байснаас доргүй байх. Зөвхөн ээж минь л хөөрхий байна. Надгүйгээр элэг нь хатах байхдаа гэж Иван хариулав. Өвгөн модны навчийг унатал, цэцэгсийг газарт налтал, өвс ногоог хорчийтол чанга исгэрэв. Гэнэт түүний өмнө гурван алд сүүлтэй, уул мэт том морь гарч ирж гэнэ. Мангас Иваныг шүүрч аван мордоод хуй салхи шиг давхицгаав.

- Зогсоорой, зогсоорой, би малгайгаа унагачихлаа! гэж Иваныг хашгирахад өвгөн:
- Чиний малгайг хаана гэж эрэх вэ! Чамайг хэлэх хооронд чинь бид таван зуун мод газар явчихлаа. Одоо бол бүүр мянган мод газар өнгөрөөд байна гэжээ.

Ой тайга, намаг, нуур усны дээгүүр дүүлэн хурдлахад гагцхүү исгэрэх дуу чихэнд сонсдоно. Орой нь мангасын ордонд ирлээ. Ойн дунд өндөр ордон байх агаад хашааг тойрон бүдүүн бүдүүн мод хашаалан шигүү ургажээ. Хашаа тэнгэр тулам өндөр бас хаалгагүй болохыг Иван ажиглажээ. Морь нь үүлэнд тултал огло үсрээд хашаанд оров. Мангас мориныхоо эмээл хазаарыг аваад улаан буудай цацаж өгөв. Тэгээд Иваныг дагуулан ордондоо оржээ.

- Өнөөдөр би өөрөө хоол хийнэ, чи амар. Маргаашаас эхлэн ажиллаарай гэж мангас хэлээд пийшингээ галлан амбан шарын бүхэл мах шарж, дөчин хувин дарстай торхоо өнхрүүлж авчрав гэнэ. Тэгээд,
- Заа суу, хоолоо ид! гэж гэнэ.

Иван энэхэн тэрхнээс идэж цадаад булгийн усаар даруулжээ. Өвгөн шарын махыг бүгдийг идэж, дарсаа дуустал уучихаад унтаад өгчээ. Маргааш өглөө нь Иван эртийн эрт босоод нүүр гараа угааж, үсээ самначихаад хог шороог шүүрдэж цэвэрлээд пийшинг галлаж,

- Одоо өөр юу хийх вэ! гэв.
- Морь малаа усалж, өвс өг! Тэгээд арван тарган хонь шар. Одоо иднэ! гэжээ. Иван хэлсэн бүх ажлыг нь харсан хүн бахархмаар хурдан сайхан хийжээ.

Бүгдийг бэлтгээд ширээгээ засчихаад өвгөнийг,

- Та ундаа уу! гэв. Мангас хүүг магтан:
- Сайн байна! Авхаалжтай, юманд дүйтэй хүү байна, харин бяр чадал суугаагүй бага балчир юм. Аяндаа бяр орно гээд нэгэн домбо авч өгөн,

- Гурав балга! гэжээ.

Иван гурав балгасанд хүч чадал нь гурав дахин нэмэгдэв гэнэ. Өвгөн,

- Одоо чиг орон гэрийн ажилд алзахгүй ээ гэв. Идэж ууж аваад мангас өвгөн ширээнээс босож,
- Одоо чамд хөрөнгө зоорио үзүүлнэ гээд хэлхээтэй олон түлхүүрээ авч Иваныг дагуулан орд харш сан хөмрөгөө үзүүллээ.
- Энэ зооринд алт, тэнд мөнгө бий гэв. Гурав дахь агуулахад оров. Тэнд элдэв зүйлийн эрдэнийн чулуу, сувд шүр өрөөстэй. Дөрөв дэхэд нь үнэг суусар, минж булга өнгө өнгөөрөө хураалгаастай гэнэ. Доошоо буун нэг зооринд орвол тэнд амтат дарс, бал бурам, ариун ундаа арван хоёр зоорь дүүрэн гэнэ. Энэ бүгдийг үзээд дээш гарч ирэн өвгөн нэгэн хаалгыг нээхэд Иван босгон дээгүүр хөл тавимагцаа дуу алдав. Ханаар нь нэлдээ хуяг дуулга, эмээл хазаар өлгөөстэй гэнэ. Алтан мөнгөн тоногтой, үнэт чулуун чимэгтэй, галын өнгөөр гялалзаж гэрэл туяа цацруулна.

Иван илд жад, эмээл хазаар хараад нүд салгаж чадахгүй зогсов. «Би ийм сайхан хуяг дуулгатай, бас үнэнч сайн хөлөгтэй болоосой!» гэж бодлоо. Мангас Иваныг хамгийн захын нэгэн төмөр хаалганы дэргэд дагуулж очоод,

- Энэ бүх түлхүүрийг чи ав. Буян хишгийг хамгаалан харуулд. Аль ч агуулах, ямар ч зооринд орсон чиний дур, цөмийг чи хариуцна, харин чи эзэн хүн шиг байна шүү. Тэгээд төмөр хаалгыг зааж,

- Зөвхөн энд л миний зөвшөөрөлгүйгээр орж болохгүй. Үгнээс зөрвөл өөртөө гомдоорой, амьд үлдэхгүй шүү гэжээ.

Ингээд Иван мангасын хамаг ажлыг хийдэг болжээ. Амьдран сууж, аж төрсөөр өдөр хоног өнгөрөн байтал нэг удаа өвгөн:

- Маргааш би гурван жилээр юманд явлаа чи ганцаараа үлдэнэ шүү. За тэгээд дураараа амьдар, захиж хэлсэн үгийг битгий мартаарай. Өөрөө буруудвал өршөөл бүү горьдоорой! гэжээ.

Маргааш өглөө нь үүрийн харанхуйгаар морио эмээллэж унаад хашаан дээгүүр харайлган бараа нь үзэгдээд алга болжээ. Иван гав ганцаар үлдэв. Ярих хэлэлцэх ч хүн үгүй. Хоёр жил өнгөрчээ. Иван уйдаж уйтгарлаж эхлэв. Нэг ч болтугай хүний үг сонсохсон гэхээс сууж байж чадахаа болив. Тэгээд гэнэт мангас төмөр хаалгыг онгойлгож болохгүй гэснийг санажээ. «Тэнд хүн хоригдож байгаа юм биш байгаа? Онгойлгоод үзье, өвгөн юу ч мэдэхгүй» гэж сэтгэжээ.

Түлхүүрийг авч хаалгыг онгойлгов. Хаалганы цаана шат, шатыг хөвд өвс урган бүрхжээ. Иван шатаар уруудан газар зооринд оров. Тэнд аварга том нэгэн морины хөлийг шаланд гинжээр хүлжээ. Толгойгий нь гэдийлгэн цулбуураар нь дээврийн хөндлөвч модноос уяжээ. Яс арьс болтлоо турсан морь байна гэнэ. Иван морийг өрөвдөн цулбуурыг нь тайлж улаан буудай, ус авчирж өглөө.

Дараа өдөр нь ирэхэд морь овоо тэнхэрсэн байж. Дахин улаан буудай, ус авчирж өгөв. Ингэж ханаж цадтал нь усалж ундаалжээ. Нөгөөдөр нь ортол,

- Сайн санаат залуу минь, амийг минь чи аварлаа. Энэ насандаа мартахгүй! гэх сонсдов. Иван гайхан хартал морь ярьж байна гэнэ.
- Дахиад есөн долоо хоног намайг ундалж тэжээ. Газар доороос өглөө болгон гарга. Гучин удаа шүүдэрт хөрвөөвөл урьдын хүч чадал минь эргэж ирнэ гэжээ.

Иван морийг ундалж, тэжээж, өглөө болгон гаргаж ногоон дээр бэлчээдэг болжээ. Морь нэг өнжөөд л нугын шүүдэрт хөрвөөдөг байж. Ингээд есөн долоо хоног морийг усалж тэжээж, арчилж торджээ. Гуч дахь удаагаа шүүдэрт хөрвөөгөөд морь тун сайхан тарган цатгалан болоод иржээ. Тэгээд морь,

- Иванушка минь, урьдын хүч чадал минь мэдэгдэж байна. Над дээр морд, сайн бариарай гэв.

Аварга том моринд Иван арайхийж мордов. Энэхэн хоромд эргэн тойронд харанхуйлж, үүл манан бүрхэх мэт болоод мангас харайн орж ирэв.

- Үгэнд минь орсонгүй, зоориноос морь гаргачихаж! гээд Иваныг ташуурдав.

Иван долоон алд газар үсрэн унаж ухаан алдав.

- Энэ чамд сануулга болог! Амьд үлдвэл аз чинь, эндээ үхвэл элээ хэрээний хоол болог! гэж мангас Иваныг харааснаа морь луу үсрэн очиж ташуурдахад хөөрхий морь өвдөг сөгдөн унав. Мангас морийг гуядан балбаж,

- Арьсыг чинь хуулна даа, чонын хоол! гэж нүдэж нүдэж газар зооринд аваачин хөлийг нь гинжлэн, толгойг нь гэдийлгэн уяв.
- Миний гараас яасан ч гарч чадахгүй, эрхэнд минь орох цаг ирнэ гээд гарчээ. Хэчнээн удсаныг бүү мэд, Иван ухаан орж толгойгоо өндийлгөхөд,
- За, амь орсон аз чинь болж. Анх удаа юм байна, өршөөе. Ажил төрлөө хий! гэж мангас хэлжээ.

Маргааш нь нэгэн хэрээ нисэн ирж гурван удаа «Гуаг, гуаг, гуаг!» гэж гуаглав.

- Гай дайрсан хэрэг! Атгаалжин хар могой ах минь, дэмий хэл ирүүлээгүй нь магад гээд мангас яаран сандран аян замд төхөөрөв. Тэгээд явахдаа Иванд:

- Би удахгүй. Дахиад буруудвал амьд үлдэхгүй шүү! гэж хэлээд явжээ.

Иван ганцаар үлдээд «Мангас намайг алсангүй, морийг яагаа бол? Юу л болбол болог, очиж үзье» гэж бодов. Газар зооринд орж үзвэл морь амьд байв.

- Хайрт морь минь, чамайг амьд байгаа гэж бодоогүй! гээд Иван баярлав. Иван цулбуурыг тайлахад морь дэл сүүлээ сэгсрэн толгойгоо хаялан,

- Чамайг дахиад наашаа ирж зүрхэлнэ гэж би бодсонгүй. Нас чинь бага, цус чинь шингэн ч авхаалж зоригтой хүү юм чи. Мангасаас айлгүй над руу ирсэнд чинь гялайлаа. Харин одоо бид энд байж болохгүй гэв.

Ингээд Иван морь хоёул газар зоориноос гарав. Морь нугад очсон хойноо:

- Урд хөлий минь доорх газрыг ух гэв. Иван ухаж ухаж нүх рүү харав.
- Юу харагдаж байна?
- Нүхээр дүүрэн алт оргилж байна.
- Гарынхаа тохойг хүртэл алтанд дүр.

Иван гараа дүрвэл гар нь тохойгоо хүртэл алт болжээ. Морь дахин:

- Энэ нүхээ бул, тэгээд хойд хоёр хөлий минь доорх газрыг ух гэв.

Иван нүх ухлаа.

- Заа, юу харагдаж байна?
- Мөнгө оргилж байна.
- Хөлийнхөө өвдгийг хүртэл мөнгөнд дүр. Иваны хөл өвдгөө хүртэл мөнгөөр бүрхэгдэв.
- Нүхээ бул, энэ гайхамшгийг мангас мэдэхгүй байг. Иван нүхийг шороогоор бултал морь гэнэт шилгээн:
- Иванушка минь, түргэлээрэй. Мангас буцах гэж бэлтгэж байх шиг байна! Баатар эрийн
хэрэгсэл хадгалдаг агуулахад очоод зүүн талаасаа гурав дахь тоногийг аваад ир гэжээ. Иван яваад хоосон буцаж ирэв.
- Чи яав? Иван дуугүйхэн хөлөө солбин, толгойгоо унжуулан зогсоно. Морь тааж мэдээд:
- Ай Иванушка минь, би мартчихжээ. Чиний бяр одоохондоо дутуу, миний тоног гурван
зуун пүү хүнд. Гэвч бүү гут, тэнхээ хүч авч болно. Тэр зоорины баруун буланд нэг сагсанд гурван болор домбо бий. Нэг нь ногоон, нөгөө нь улаан, гурав дахь нь цагаан ундаатай. Чи домбо бүрээс гурав гурван балгыг уугаарай. Илүү уувал би чамайг даахгүй шүү гэлээ.

Иван гүйж одоод удсангүй тоногийг авчрав.

- Заа, яав? Бяр чинь нэмэгдэв үү?
- Би маш их бяртай боллоо! Морь дахин толгой өргөн шилгээснээ,
- Хурдлаарай, Иван. Мангас гэр лүүгээ гарлаа гэв.

Иван шалавхан морио эмээллэв.

- Одоо ордонд ор, зуны өрөөнд авдар бий. Тэр авдраас саван, сам, гар нүүрийн алчуур авчир. Замд хэрэг болно гэж морь хэлэв. Иван саван, алчуур, сам авчраад.

- За явъя? гэхэд морь,
- Байз, Иван. Чи цэцэрлэг рүү гүй. Хамгийн цаад буланд нь алтан алимтай сайхан мод байгаа. Тэр мод нэг өдрийн дотор ургаж, нэг өдөр цэцэглэж, гурав дахь өдрөө алим нь болдог юм. Энэ модны дэргэд мөнхийн устай худаг бий. Чи тэр мөнхийн уснаас нэг шанага утгаад ир, бидэнд хэрэгтэй. За хурдал, эгшин ч бүү саат. Мангас замынхаа талд ороод байна шүү гэв.

Иван цэцэрлэгт орж, мөнхийн уснаас домбоор дүүргэж аваад алимын модыг хартал алтан алим дүүрэн гэнэ. «Энэ сайхан алимаас гэртээ аваачих юмсан! Хүмүүс тарьж суулгаж, алтан алим ургуулж харан баясаг. Нэг өдөр ургаж, хоёр дахь өдрөө цэцэглэж, гурав дахь өдрөө алим нь боловсордог гэнээ. За, юу л болбол болог, хэдэн алим түүж авъя» гэж бодоод гурван шуудай алтан алим түүж аваад цэцэрлэгээс гүйн гарав.

Морь туурайгаараа газар цавчлан, чихээ солбилзуулан,

- Хурдал, хурдал! Мөнхийн уснаасаа өөрөө уу, надад жаахан уулга, үлдсэнийг аваад явна гэв.

Иван шуудайтай алимаа эмээлээсээ уяад мөнхийн уснаас мориндоо уулгаж, өөрөө уув. Тэр үед газар ганхан чичэрч эрэлхэг Иван хөл дээрээ арайхийн тогтов.

- Түргэл! Мангас ойртоод ирлээ гэж морь нь хэлэхэд Иван эмээл дээрээ үсрэн мордов. Морь урагш харайж хашаан дээгүүр дүүлэн гарлаа.

Мангас ордондоо нөгөө талаас үсрэн орж ирээд,

- Хөөе, зарц. Морь ав! гэж хашгирав. Баахан хүлээтэл Иван алга. Мангас ийш тийш хартал газар зоорины төмөр хаалга дэлгээстэй байв. Мангас,

- Өө, муусайн адсагнууд, зугтаачихаж! Заавал гүйцнэ дээ! гэж хашгираад мориноосоо,
- Гүйцэж чадах уу? гэхэд морь нь:
- Гүйцэх ч гүйцэх байх, гэхдээ эзэн та бид хоёрын толгойд халтай аюул тулгарах вий! гэв. Мангас уурлан харааж,

- Өө муу, чонын хоол өвсний тулам чи, аюул гайгаар намайг айлгана гэнээ гээд морио хондлойгий нь тас гуядан,

- Оргодолуудыг гүйц! Гүйцэхгүй бол үхтэл чинь ороолгоно! гэж хашгирав. Морь нь тэнгэрт тултал дүүлэн хашаан дээгүүр харайн гарав.

Ингээд мангас тэдний хойноос хуй салхи мэт нэхэн хөөв. Иван өндөр уулыг өвөрлөн намхан газрыг нарлан давхиж явтал морь нь,

- Мангас тун ойрхон ирж явна. Самаа гарга. Мангас дөхөн ирж гал сумаар харвахад нь самаа ардаа шид гэжээ. Удалгүй хашгирах исгэрэх чимээ, морин төвөргөөн сонсдон ойртов.

- Надаас хэн ч зугтаж чадаагүй юм. Тэр тусмаа та нар гараас минь гарахгүй! Амьдаар чинь шатаана! гэж мангас хашгирч гал сумаар харваж эхлэв.

Иван самаа шидэхэд тэр даруй мангасын замыг халхлан өтгөн ой бий болов гэнэ. Явган хүн явашгүй, морьтой хүн нэвтрэшгүй, араатан амьтан ч мөлхөшгүй, жигүүртэн шувуу ч нисэшгүй өтгөн ой ургаж гэнээ.

Мангас баруун тийшээ нэг гүйж, зүүн тийшээ нэг гүйж нэвтрэн гарч чадахгүйдээ уур нь буцалж шүдээ хавиран:

- Заавал гүйцнэ дээ, шидэт сүхээ аваад ирье гээд авч ирж ойн модыг цавчин унагаж, хожуул ёзоорыг холдуулан цэвэрлэв.

Унагаж цэвэрлэсээр уужим чөлөөнд гараад ирэв. Иваныг дахин нэхэн хөөж:

- Одоохон гарт минь ороод ирнээ, гайгүй! гэж орилов. Энэ үед Иваны морь дахин шилгээн:

- Иван, савангаа гарга. Мангас яг гүйцэж ирээд гал сумаараа харвахад нь савангаа ардаа шид гэв.

Морь ийн өгүүлмэгц газар шуугин салхи босож мангас:

- Шидэт самыг минь авчихжээ, гэхдээ мултарч чадахгүй дээ! гэж хараан зүхэх сонсдов. Гал сум мөндөр мэт бууж эхлэв.

Иваны хувцас долоон газар түлэгдэн цооров.

Иван савангаа шидтэл ард нь тэнгэрт тулсан чулуун уул тогтов. Мангас уулын цаана хоцров.

- Ай, шидэт савангий минь авчихаж! Одоо яах билээ? Тойрвол их цаг алдана. Чулуун уулыг хагалж, шууд явбал дээр.

Мангас ингээд гэртээ эргэж очин зээтүү, хамуур авчрав. Тэгээд чулуун уулыг цохиж цавчиж гарчээ. Асар их дуу чимээ гарч, чулууны хэлтэрхий зуун бээрт үсэрч, амьтан шувууд үхэтхийн унаж байжээ.

Мангас өдөржин чулуун уулыг хагалан зам гаргасаар шөнө нь нэвтэлж чаджээ. Дахиад л Иваны хойноос шинэ мөрөөр нь шинжилж, хуучин мөрөөр нь мөшгөн нэхэн хөөв.

Энэ үед Иван морио идүүлж, өөрөө ч амарч амжаад цааш явж байжээ. Мангас гурав дахь удаагаа тэднийг гүйцэх шахаж гал сумаараа харвахад Иваны хувцас хунар шатаж, өөрөө ч морь нь ч энд тэндээ түлэгдэж шархаджээ.

Морь нь:

- Иванушка, цаг бүү алд, алчуураа гарган шид гэжээ.

Иван алчуураа гарган шидтэл тэдний ард гал гол урсав гэнэ. Голд ус урссангүй, гал асаж, улаан дөл нь ой модноос өндөрт өрвөлзөж, эргэн тойронд шатам халуун болжээ. Иван мориныхоо хамт шатаж үхэхийн даваан дээр арайхийн зугтан холдов.

Мангас морио зогсоож амжилгүй хар эрчээрээ гал руу орчихов.

- Өө, бас алчуурыг минь авчихаж! За яах вэ, та нарыг! Нэг гараад авбал одоо ч та нарт намайг саатуулах юм байхгүй! гээд морио хүчтэй гуядахад морь нь гал дээгүүр харайх гээд чадсангүй. Дөлөнд нүд нь сохрон, галд бие нь түлэгдлээ. Ингээд мангас морьтойгоо цуг галд унаж шатаж үхжээ.

Иваны морь амьсгаа даран зогсож хэлсэн нь:

- За Иванушка минь, мангасын гараас мултарч чадлаа, ард олныг ч мангасын аюулаас ангижрууллаа. Мангас морьтойгоо шатаж үхлээ!

Иван мориноосоо эмээл хазаарыг авч түлэгдсэн шарханд нь мөнхийн ус түрхжээ. Өвчин нь намдаж, шарх нь анив. Өөрөө амарч унтахаар хэвтэв. Гурван өдөр баатрын нойронд дарагдан нам унтжээ. Дөрөв дэхь өдрийн өглөө сэрээд орчин тойрноо нарийвчлан харснаа:

- Энэ дотно сайхан газар байна. Энэ л миний нутаг мөн гэжээ. Энэ үед морь нь давхин ирж:

- За Иванушка, амарч унтах чинь гүйцлээ, ажил явдлаа бод! Аз заяагаа эр. Харин намайг ногоон нугад бэлчээж орхи. Хэрэг болвол цэлгэр хөндий, цэнхэртэх талд гарч чангаас чанга исгэр, эрэлхэг баатрын дуугаар «Эрдэмт чун хүрэн морь минь, эрээн уулыг эрэлзтэл, эрэг газрыг жирэлзтэл давхиад ирээч!» гэж дууд, тэр даруй би ирнэ гэжээ.

Иван морио суллан тавиад «Одоо би хаачих вэ? Хүмүүст яаж үзэгдэх вэ? Хувцас хунар минь шатаж нүцгэн үлдсэн билээ» гэж дотроо бодов.

Бодож гайхаж байтал холгүйхэн хэдэн шар бэлчиж яваа харагдав гэнэ Нэгийнх нь эврээс шүүрэн авч газар цохин сэгсэрвээс шарын мах вандуй мэт өнхрөн унаж гарт нь арьс нь үлдэв.

«Яаж ийгээд нүцгэн биеэ далдлах хэрэгтэй!»

Шарын арьсаар биеэ ороогоод, хурдан болдог алтан алимаа үүрээд хандсан зүг рүүгээ явж гарав.

Явж явж нэгэн хотын их хаалганы дэргэд иржээ

Хаалганы дэргэд ардууд цугларчихсан, хааны элчийн үгийг сонсоцгоож байв

- Нэг өдөр цэцэрлэг суулгаж, хоёр дахь өдөр нь ургуулж, гурав дахь өдөр нь тэр цэцэрлэгт болсон алим бондойлгож чадах тийм цэцэрлэгчийг хаан эрж байгаа гэнэ. Хаана ч юм тийм алим ургадаг гэдгийг хаан сонссон гэнэ. Хэн хааны хүслийг биелүүлж, сэтгэлийг амраах вэ? гэнэ

Хааны элчид хэн ч хариу хэлсэнгүй. Бүгд л дув дуугүй. Иван «Азаа үзье!» гэж бодоод элч рүү ойртон очиж:

- Хэзээ ажиллаж эхлэх вэ? гэв.

Цөм гайхан харж, хаанаас ийм хачин хүн гараад ирэв гэж хачирхаж гэнэ. Шарын арьсаар биеэ ороосон, сүүлийг нь газраар чирсэн нэг хачин жигтэйхэн амьтан зогсоно.

Хааны элч дооглож

- Маргааш үд дунд хааны хашаанд очоорой. Чамайг цэцэрлэгийн мануухай болгоё. Нэг ч шувуу ойрхон нисэхгүй, нэг ч амьтан ойртож очихгүй амар гэжээ.

- Яаран шоолох хэрэггүй? Дараа нь амаа барих цаг чинь ирэх вий! гэж Иван хэлээд оджээ. Маргааш нь Иван хааны хашаанд ирвэл тэнд олон цэцэрлэгч цугласан байв.

Хаан довжоон дээрээ гарч ирэн:

Та нарын хэн нь миний сэтгэлийг амрааж, улсынхаа нэрийг мандуулах вэ? Гурван өдрийн дотор алтан алим ургуулах хүн байна уу? Ургуулж чадсан хунд хүссэн бүгдийг нь өгнө гэв.

Нэгэн өвгөн цэцэрлэгч хаанд бөхийн мэндлээд:

- Дөчин жил алим жимс ургуулахдаа ийм сонин юм сонссонгүй. Гурван өдрийн дотор цэцэрлэг суулгаж, цэцэглүүлж, болсон алимаа хураана гэдэг ухаанд багтахгүй байна. Харин гурван жилий хугацаа өгвөл хийж үзнэ гэв.

Өөр нэг цэцэрлэгч хоёр жилийн хугацаа гуйв, Гурав дахь нь нэг жилд чадна гэв. Зарим нь хагас жил хүрэлцээтэй гэнэ. Энэ үед Иван

- Би гурван Өдрийн дотор мод тарьж ургуулж, алтан алим болгож чадна гэв. Дахиад л цөм түүнийг гайхан хачирхан харцгаав.

Хаан Иванаас нүд салгалгүй ширтэн «Энэ хачин хүн хаанаас гараад ирэв?» гэж бодоод:

- Ам алдвал барьж болдоггүй гэдгийг мэднэ биз дээ. Гурван өдрийн дараа шинэ цэцэрлэгээс болсон алим авчирвал юу дуртайгаа хүс. Хэрвээ хуурвал өөртөө гомд, толгойг чинь авна гээд хажуудаа байсан ноёнд,

- Шинэ цэцэрлэгт зориулж газар зааж өг. Хэрэгтэй бүгдийг энэ хүнд өг гэжээ.

- Надад юу ч хэрэггүй. Хаана мод суулгахыг л заагаад өгөөрэй гэж Иван хариулав.

Маргааш орой нь Иван цэлгэр хөндий, цэнхэртэх талд гарч чангаас чанга исгэрч, эрэлхэг баатрын дуугаар:

- Эрдэмт чунхүрэн морь минь, эрээн уулыг эрэлзтэл, эрэг газрыг жирэлзтэл давхиад ирээч! гэж дуудав.

Мориных нь чихнээс утаа савсаж, хамрынх нь нүхнээс дөл бадарч, дэл нь салхинд хийсэн дэрвэнэ. Газар чичрүүлэн давхисаар ирж уясан мэт зогсов.

- Иванушка, юу хэрэгтэй болоо вэ?

- Би гурван өдрийн дотор цэцэрлэг тарьж ургуулан алим хураана гэж ам алдлаа.

- Өө, энэ амархан. Намайг унаад, туурайгаараа гишгэсэн нүх болгонд нэг нэг алим хийгээд бай.

Ингээд морь нь алхах тоолондоо туурайгаараа бөөн шороо ухан гаргасаар Иван тэр нүхнүүдэд алимаа хийсээр явав.

Бүх алимаа суулгаад Иван морио суллан тавьжээ. Тэгээд алим бүрийн нүхэнд мөнхийн ус цацжээ. Дараа нь мөрийн хоорондуур явж тарьсан алимаа шороогоор булж газрыг тэгшитгэн цэвэрлэв. Тэр даруйхнаа модод ургаж эхэлжээ. Төдөлгүй цэцэрлэг нэлдээ ногооров. Өглөө болоход модод хүний бүсэлхий хүрэх өндөр болов. Нөгөөдөр орой нь болоход бүүр өндөр ургаж цэцэглэжээ. Алимын модны сайхан амтат үнэр хотоор дүүрэн тарж хүмүүсийг баярлуулав!

Иван хоёр өдөр хоёр шөнө нүд анилгүй гар хумхилгүй цэцэрлэгээ усалж хамгаалжээ. Ингээд тун ч их ядарсан тул модны ёроол налан сууж зүүрмэглэн байснаа өвсөн дээр өнхрөн унаж унтаад өгчээ.

Хаан гурван охинтой юмсанжээ. Бага гүнж:

- Эгч нар минь, шинэ цэцэрлэгт очиж үзье. Өнөөдөр тэнд алимын мод цэцэглэсэн, явцгаая гэжээ.

Хоёр эгч нь за гэжээ.

Гурван гүнж цэцэрлэгт ортол алимын мод цэцэглэн цагаан хөөс бургилах мэт сайхан харагдана.

- Алимын мод цэцэглэчихэж, хараач, хараач!

- Хэн ингэж тариад, ийм хурдан ургуулчихаа вэ?

- Тэр хүнийг харах юмсан!

Гурван гүнж цэцэрлэгчийг эрээд эрээд олсонгүй. Дараа нь модны ёроолд нэгэн хүн хэвтэж

байхыг харцгаав. Хүн гэтэл хүн биш, амьтан гэтэл амьтан биш. Хамгийн эгч гүнж ойртон харснаа хурдан эргэж:

- Аймаар амьтан хэвтэж байна. Эндээс холдъё! гэжээ. Дунд гүнж хараад:

- Эгч дүүс минь, ийм муухай амьтныг харахаас дотор муухайрна! Энэ амьтан цэцэрлэг тарьж Ургуулчихлаа гэж үү?

- Заа, хаанаас даа, хачин юм бодох юм! гэж хамгийн эгч гүнж зэвүүцэв. Бага гүнж Наталья:

- Хол битгий яваарай. намайг хүлээж бай. Би нэг хараадхья! гээд модыг тойрон ойртон очив. Тэгээд шарын арьсыг аяархан сөхөж харвал сайхан залуу унтаж байна гэнэ. Тун ч сайхан, сэтгэлд багташгүй, сэтгээд олшгүй, үзгээр бичишгүй, үлгэрийн баатар шиг сайхан залуу унтаж байхыг үзэв гэнэ. Гар нь тохойгоо хүртэл алт, хөл нь өвдгөө хүртэл мөнгө ажээ. Бага гүнж Наталья харж үл ханаж, зүрх нь зогсолтгүй догдолно. Тэгээд өөрийн нэртэй бөгжөө Иваны чигчий хуруунд зүүчихжээ.

Эгч нар нь

Наталья! Наталья! Гэртээ харьцгаая' гэж дуудав. Бага гүнж Наталья гүйн ирэхэд хоёр эгч нь угтан

- Яагаад тэнд удав, аймаар муухай амьтныг юугий нь хараа вэ? Яг л мануухай шиг юм! Ер нь тэр юу вэ? гэцгээв. Харин бага гүнж Наталья:

- Яагаад хүнийг доромжилно вэ? Та нарт муу юм юу хийсэн билээ? Ямар сайхан цэцэрлэг ургуулсныг хараач. Хаан эцгийг минь тайтгаруулж, хаант улсыг минь алдаршууллаа биш үү! гэж хариулжээ.

Хаан өглөө сэрээд цонхоороо харвал цэцэрлэг нэлдээ цэцэглэсэн байв Хаан баярлаж «Цэцэрлэгч хэлсэндээ хүрчээ, сайн байна! Зочиддоо үзүүлэн гайхуулах юмтай боллоо. Өнөөдөр харь газрын гурван хааны хүү, хүргэн болох гурван хүн ирнэ. Шадар ноёдоо ч найрандаа урья. Охид минь заяаныхаа ханийг сонгож аваг» гэж бодлоо.

Зочид орой нь ирцгээв Маргааш өдөр нь ихийн их найр өрнөж, идээлж ундаалж, наргиж цэнгэх болно.

Иван унтаж унтаж сэрээд чигчий хуруунд нь шигтгээт алтан бөгж байхыг үзэв. «Юун бөгж вэ?» гэж гайхав.

Хуруунаасаа мултлан үзвэл бөгжин дээр бага гүнжийн нэр байна гэнэ.

«Нэг удаа ч болов харахсан, ямар сайхан гүнж бол?» гэж Иван бодов.

Алтан алим боловсорч нарны гэрэлд цэцэрлэг нэлдээ алтан шаргал өнгөөр тунарна. Иван хамгийн болсноос нь сагс дүүргэн ордонд авчрав. Босгоор алхаж ормогц алимын амтат үнэр сэнхийж, ноёд зочид цэцэрлэгт байгаа мэт болжээ.

Сагстай алимыг хаанд өргөв. Цөм алимыг нүд салгалгүй ширтэнэ. Хаан яах ухаанаа олохгүй алимыг барьж тавин дуугүй суув. Тэгснээ сэхээ орж:

- Сэтгэлийг минь тайтгаруулсан. чамд гялайлаа! Ийм алим энэ дэлхийн өөр хаанаас ч олдохгүй. Гурван өдрийн дотор алтан алим тарьж ургуулж чадсан чамайг ордны тэргүүн цэцэрлэгч болгосугай! гэв.

Хаан Иванд ийнхүү хэлэх зуур гурван гүнж зочиддоо дарс барьж нөхөр болох хүнээ шилж авах болов.

Хамгийн эгч болон дунд гүнж нар хаан хөвгүүдийг сонгон авцгаав. Бага гүнж зочиддоо дарс барьж ширээг нэг тойров, хоёр тойров, хэнийг ч шилж авсангүй. Гурав дахь удаагаа тойрохдоо Иваны өмнө зогсож, эрэлхэг залууд мэхийн ёслоод:

- Сэтгэлд таарсан залуу минь, хувь заяаны минь эзэн бол! гээд цомтой дарсаа барьжээ. Иван цомыг авч гүнжийг эгцлэн харваас үзээд үзээд ханашгүй үзэсгэлэнтэй сайхан ажээ!

Баярлахдаа юу хэлэхээ мэдэхгүй зогсоно.

Найрын олон бага гүнжийн үгийг сонсоод ууж идэхээ орхин Иваныг нэг харж, бага гүнжийг нэг харж гайхан үг дуугүй сууцгаана.

Хаан суудлаасаа үсрэн босож:

- Эй, бүү үзэгд! гэхэд Иван:

- Эзэн хаантан минь, та бид тохиролцсон биш билүү. Гурван өдрийн дотор алтан алим ургуулж чадахгүй бол миний толгойг авах, хэрвээ чадвал хүссэн бүгдийг минь өгнө гэж та айлдсан ажгуу. Алтан алим ургуулж танд авчирлаа, зөвхөн ганц л юм гуйя. Бага гүнж Натальяг миний эхнэр болгон өгөөч!

Хаан гараа савчин, хөлөө дэвслэн:

- Аах, барлаг чи, өмсөх хувцасгүй, өгүүлэх нэргүй гөлөг! Ийм үг хэлж яаж зүрхэлнэ вэ! гэхэд гүнж эцэг эхдээ мэхийн:

- Эрэлхэг залууг би өөрөө сонгож авсан. Өөр хүний эхнэр болохгүй гэвээс хаан бүр уурлан дэвэрч:

- Хайртай охин минь байлаа чи, харин одоо ийм тэнэг үг хэлж байгаа бол охин минь биш, би чамайг мэдэхгүй чи намайг танихгүй явъя! Энэ өрөвгөр барлагтайгаа дуртай зүг рүүгээ миний ордноос зайл. Нүдэнд минь дахин бүү үзэгд!

Хатан нулимсаа цувруулан:

- Алдар нэрийг минь гутааж, алд биеийг минь зовоолоо! Бузар энэ явдлаас болж булшинд ч тайван хэвтэхгүй нь!

Хатан ийнхүү уйлж гуншин байснаа:

- Хаантан минь, уур хилэнгээ орхи! Тэнэг ч гэсэн охин чинь билээ. Орон улсаасаа битгий хөө. Хаа нэгэн газар заагаад өг, тэндээ амьдраг. Ордонд орж ирэх эрхгүй байг, гэхдээ охин амьд эсэхийг мэдэж дуулж сууцгаая! гэжээ.

Хаан хатныхаа нулимсанд зөөлөрч:

- Манай дархан ойд хуучин модон байшинд сууцгаа! Нийслэл хотод үзэгдэх эрхгүй шүү! гэв.

Хаан ийнхүү бага гүнж Наталья Иван хоёрыг хөөж, хамгийн том охин дунд охин хоёроо ёс төртэй гэрлүүлжээ. Хурим найр хийж тараад ахмад хоёр хүргэндээ улсынхаа тэн хагасыг өгөх зарлиг буулгажээ.

Харь газрын хаан хөвгүүд хатангуудтайгаа хааны ордонд сууж, найр хурим, баяр цэнгэлд умбаж, баян тансаг амьдрах боллоо.

Иван ойн жижигхэн байшинг засаж шинэтгээд хэсэг газрын мод унагаж цэвэрлээд тариа тарьжээ. Ингээд залуу эхнэрийнхээ хамт өөрийн чадал тэнхээгээр амьдарч, нийслэл хотод үзэгдэхгүй байв.

Тийнхүү хэсэг хугацаа өнгөрөхөд хаант улсыг гэнэт их гай дайрлаа.

- Улсын эзэн-хаантан минь, үй түмэн цэрэгтэй харийн хаан улсын хилийг нэвтрэн орж ирлээ! Гурван хот дүүрэг, суурин гацаа олноороо үнсэн товрог боллоо. Хилийн цэрэг биднийг хэмх цохин устгалаа гэж элчийн мэдээлэхэд хаан суугаа чигээрээ хөшиж, хөөрөгдүүлсэн мэт өндөлзөвч хөл дээрээ гишгэн босож чадахгүй тэвджээ. Тэгээд сэхээ орж:

- Титэм аваад аль, хүргэнүүд, шадар ноёдыг дууд! гэж тушаав. Хүргэнүүд, шадар ноёд ирж мэхийн ёслов. Хаан титмээ засан:

- Хаан Гвидон үй түмэн цэргээрээ манайхыг дайрахаар орж ирлээ. Ард олныг цуглуулж атаатан дайсныг сөрөн устга.

Хоёр хүргэн-хаан хөвгүүд бардан байдлаар:

- Улсын эзэн-хаантан минь, сэтгэлийг бүү зовоо, бид таныг хамгаална! Гвидоны цэргийг хиар цохин, Гвидоныг өөрийг нь дөнгөлөн авчирна гэж амлав.

Хороо хороогоор цэргээ цуглуулан аян дайнд мордоцгоов.

Хаан зургаан шилдэг морь хөллөсөн сүйх тэргэнд суун цэргийнхээ араас хөдлөв.

- Залгамжлагчид минь дайн тулалдаанд ямар болохыг алсаас ч болов харья гэж шийджээ. Хааны сүйх өндөр довцог дээр зогсож тэндээс дурандваас довтлон дайрагчдын цэрэг ярайн харагдахад хааны зүрх палхийв. Гвидоны цэргийн зах нь үл харагдан, шонхор шувуу гурван өдөр нисээд ч тойршгүй их үзэгдэнэ. Хаашаа л харвал Гвидоны дайчид талыг бүрхэн харанхуйлна.

Атаатны нэгэн баатар нисэх мэт давхин «Надтай хүч үзэлцэн халз тулалдах баатар байна уу?» гэж дуудан хааны цэргүүдийг доог тохуу хийж байв.

Хааны цэргээс хэн ч хариу хэлсэнгүй. Хоёр хүргэн-хаан хөвгүүд шадар ноёдын араар нуугдан, ноёд тайжууд ухран ухарсаар хороо цэргээ сул орхин ой мод руу зугтан оджээ.

Энэ үед хааны цэрэг аян дайнд мордсон мэдээ Иванд иржээ. Иван цэлгэр хөндий, цэнхэртэх талд гарч чангаас чанга исгэрч, эрэлхэг баатрын дуугаар:

- Эрдэмт чун хүрэн морь минь, эрээн уулыг эрэлзтэл, эрэг газрыг жирэлзтэл давхиад ирээч! гэж дуудав.

Тэр дорхноо морь нь баатрын хуяг дуулгыг нь тохон давхиад иржээ.

Мориных нь амнаас гал бадарч, чихнээс нь утаа савсаж, хамрынх нь нүхнээс оч үсэрнэ. Гурван алд сүүл нь сугсалзаж, хур дэл нь туурайгаа шүргэн намирна. Иван морио эмээллэв. Эхлээд тохмоо тавьж тохом дээрээ зузаалга тавьж, түүний дээр эмээлээ тохож мяндсан олмоо чавхартал татаж алтан аралд нь дэгээдэв. Бардамнан гоёх гэсэндээ бус бат бөх гэж ийнхүү бөхөлжээ.

Мяндас үл тасарна, болд үл шантарна, шижир алт үл зэвэрнэ.

Иван өөрөө баатрын хуяг дуулгаа өмсөж эмээл дээрээ үсрэн мордоод чун хүрэн мориныхоо хангал ташааг шавхартал хурдлан давхихад гайхамшигт хүлэг нь ган дөрвөн туурайгаараа газрын хөрсийг онгилж, гишгэсэн газраас нь булаг ундарч байв гэнэ.

Гвидоны цэргийн зүг Иван шонхор шиг нисэн очиж харь газрын хүчирхэг баатрыг харав. Иван дун бүрээ дуугарах мэт чанга хашгирахад ургаа мод ганхаж газар шүргэн бөхөлзөв.

Харийн баатар ханхалзан:

- Халз тулалдах хүн газрын хаанаас олоов! Хоёр алганыхаа хооронд бяц дарна, хог новш, ус болоод л үлдэнэ шүү! гэв.

Иван хариу хэлсэнгүй. Зуун пүү шийдмээ барин бардамнагч баатрын өөдөөс давхив.

Уул мөргөлдөх мэт сүртэй учир Иван дайснаа эмээл дээрээс нь ховх цохин унагав. Тэр баатар нойтон газар унаад эргэж боссонгүй.

Баатрынхаа үхэтхийн унахыг харсан дайсны цэргүүд сүнс нь зайлан зугтан одоцгоов.

Хүргэн-хаан хөвгүүд, ноёд тайж бут модны араас гарч сэлмээ гялалзуулан цэргүүдээ уриалан зугтаагчдыг элдэн хөөв. Иван мориныхоо жолоог эргүүлэн шонхор шувуу нисэх мэт хурдлан давхив. Хэн ч түүнийг таньсангүй. Хааны хажуугаар давхин өнгөрөхөд хаан, баатар эрийн гар нь тохойгоо хүртэл алт, хөл нь өвдгөө хүртэл мөнгөн юм гэдгийг л харжээ.

Хаан:

- Эрэлхэг баатар эр минь, аль хотын, хэний хүү вэ? Алдар нэр хэн бэ? Хэн чамайг илгээсэн бэ? гэж хашгирахад Иван хариу хэлсэнгүй далдрав. Цэлгэр хөндийд очоод мориныхоо эмээл хазаарыг авч суллан тавив. Баатрынхаа хуяг дуулгыг ч тайлав. Бүгдийг хурааж янзлаад, шарынхаа арьсаар биеэ ороож гэртээ орон шууд л пийшин дээрээ гараад унтаад өгчээ.

Хоёр өдөр өнгөрөв үү, хүргэн-хаан хөвгүүд цэргүүдийнхээ хамт буцаж иржээ. Ордонд дайснаа дарсан дархан цолоо олсны их баяр хийж өргөн найр өрнөв.

- Хааны бага гүнж, хайрт Наталья минь, ээж аавдаа очиж цом архи, даруулах өөхтэй авчирч өгнө үү гэж Иван эхнэрээ ордон руу явуулжээ.

Бага гүнж Наталья ордонд уригдаагүй зочин залагдаагүй гийчин болон очив. Эцэг эхдээ мэхийн золгож ирсэн зочидтой хүндэтгэн мэндлэв.

- Иванд минь цом архи, даруулах өөхтэй хүргүүлнэ үү? гэвээс хаан эцэг нь:

- Гар хөдлөхгүй бол ам хөдлөхгүй. Чиний нөхөр Дайнд мордоогүй. Дулаахан пийшин дээрээ дуниарч хэвтсэн атлаа найрлах дуртай! гэж уурлахад хатан эх нь:

- Хаантан минь, ийм баярыг бодож уур хилэнгээ тайтгаруул! гэж гуйжээ.

- Тааллаар болгоё. Зочдоос үлдсэн юмыг Иванд явуулъя гэжээ. Бага гүнж Наталья гомдон:

- Ахмад хүргэнүүд ууж идэж наргиг дээ. Тэд дайнд мордоод Гвидоны цэргийг бутны араас харж байсан гэж дуулсан. Гэтэл Иван бид хоёр тавагны ёроол долоох нь зүйн хэрэг үү! гээд буцаад явчихжээ.

Хаан зочдынхоо хамт найрлаж дуусаагүй байтал элч давхин ирж:

- Эзэн хаантан минь! Гвидон цэргийнхээ хамт дахин улсын хилийг нэвтрэн орж ирлээ. Тэдэнтэй цуг алагдсан баатрын ах ирж явна. Тэр баатар «Дүүгийн минь алсан эрийг авчрахгүй бол амьд хүн үлдээхгүй улс гүрнийг чинь түйвээнэ» гэж шаардаж байна.

Хаан энэ үгийг дуулмагц идсэн хоолоо ч залгиж чадахгүй хөл гар нь чичрэв. Согтсон хүргэн-хаан хөвгүүд бардамнан:

- Тэнгэр эцэг минь, тэвдэж сандарсан цагт чинь үнэнч түшиг болсон бидэнд найд! гэж хашгирцгаав.

Тэгээд цэрэг ардаа цуглуулан, морьдоо эмээллэн аян дайнд мордоцгоов. Хаан айн чичирч, ёолон хэвтэнэ.

Хааны цэргүүд атаатан дайсантай улаан халз тулалдав. Гвидоны баатар дийлдэшгүй их хүчээр дайрч, цуст тулалдаан өрнөв.

Хааны цэргүүд харийн дайсантай хүч сорин, нэг нь аравтай, хоёр нь мянгатай сөрөн тэмцэлдэв. Хааны хоёр хүргэн дайсны эрэлхэг баатар, тоо томшгүй олон цэргийг хармагцаа сүр сүлд нь буугаад өгөв. Хоёр хүргэн ноёд тайжийн араар орж, ноёд тайж өвс бутны цаагуур нуугдан зугтсаар ухрав.

Энэ үед Иван цэлгэр хөндий, цэнхэртэх талд гарч чангаас чанга исгэрч, эрэлхэг баатрын дуугаар:

- Эрдэмт чун хүрэн морь минь, эрээн уулыг эрэлзтэл, эрэг газрыг жирэлзтэл давхиад ирээч! гэж дуудав.

Энэ дуудлагаар нь үнэнч морь нь газар доргион давхин ирэв. Мориных нь амнаас гал бадарч, хамрынх нь нүхнээс оч үсчин, чихнээс нь утаа савсана гэнэ.

Иван морио барьж эмээллээд баатрын хуяг дуулгаа өмсөв. Тэгээд мордон тулалдааны талбар луу давхив. Гвидоны цэргийг дайран орж өвс хадах мэт ханаруулан цохиход нь явсан газар нь зам гарч эргэсэн газар нь эрэг гарч байжээ.

Эрэлхэг Иваныг амьдаар залгихад бэлхэн Гвидоны баатар эмээл дээрээ уул мэт дүнхийж Иваныг чиглэн ирэв.

Шагайж шагайж шидсэн жад нь хэн хэнээ гэмтээсэнгүй хуга хуга үсрэв. Хоёр морь нь цээж тулан зогсоход хоёр баатар хурц сэлмээ шүүрэн авцгаав. Харийн баатрыг Иван хага цавчин хоёр хуваахад баатрын бие эмээл дээрээсээ багласан өвс шиг өнхрөөд өгөв.

Үүнийг харсан Гвидоны цэргүүд зүрхээ хагартал айцгааж жад сэлмээ хаяад жалга бутаар тарцгаав. Манай хааны цэргүүд хүч орон сэргэж үлдсэн дайсныг үлдэн хөөв.

- Одоо надгүйгээр дайснаа дийлнэ! гээд Иван мориныхоо амыг эргүүлэв.

Өөдөөс нь хааны ахмад хоёр хүргэн шадар ноёдын хамт өнөр олон цэргээ гүйцэх гэж давхиж явав. Сэлмээ даллан «урай» хашгирч эрэлхэг Иваны хажуугаар харалгүй өнгөрөв.

Иван цэлгэр хөндийд очин морио суллан тавьж баатрынхаа хуяг дуулгаа тайлав. Тэгээд шарын арьсаар биеэ ороогоод гэртээ орон пийшин дээрээ гараад амарч хэвтэв гэнэ.

Бага гүнж Наталья энэхэн мөчид гүйн ирж.

- Иван, манай цэргүүд дайснаа даран байлдаж явахад хаашаа нуугдан дахин алга болов оо!

Иван юу ч хариулсангүй. Бага гүнж Наталья уйлан:

- Хүний нүүр харахаас ч ичих юм! гэв. Дараа өдөр нь ялан дийлсэн цэргүүд нийслэл хотдоо буцаж ирцгээв. Ард олон баяр хөөр болон угтав. Хоёр хүргэн нь хаанд яаж Гвидоны цэргийг цохин дийлснээ хөөрлөнө.

Хаан цэргийн жанжнуудаа гар таталгүй шагнав. Архи дарстай торх авчирч, дайнд тулаанд явсан цэргүүдийг дайлж, их буугаар буудаж, хонх дэлдэхийг тушаав.

Энэ нутагт ийнхүү ялалтын баяр хийж байхад алагдсан хоёр баатрын ах Росланей, хаан Гвидоныг гурав дахь удаагаа аян дайнд мордъё гэж зөвшөөрүүлээд өөрийн хороо цэргээ жагсаажээ.

Гвидон урьдахаасаа их цэрэг цуглуулж, хадам эцэг Салтаныгаа ч аян дайнд босгожээ. Цэрэг нь түм бум болов.

Гвидоны цэргүүд дуу дуулан, хэнгэрэг дэлдэн сүр бараатай хөдлөв. Их цэргийн урд сарацины морьтон, түүний ард Гвидоны улсын хамгийн хүчирхэг, хамгийн эрэлхэг баатар Росланей явна.

Хилийн цэргийг нь бут цохин, захын хотуудыг нь эзлэн аваад хаанд бичиг бичжээ. «Манай эрэлхэг хоёр баатрыг ялсан морьтноо бидэнд өг, зуун жилийн алба урьдаас төл, эс биелүүлбээс гүрэн улсыг чинь түйвээн сүйтгэж чамаар үнээ хариулуулна» гэжээ.

Хаан бичгийг уншаад царай нь хувхайран чичирч хоёр хүргэн, шадар ноёдоо дуудуулав.

- Одоо яах билээ? Их хүргэн:

- Гвидоны баатруудыг хэн алсныг мэдсэн бол уу, олноороо байлдаж зовсноос нэгийг өгсөн дээр гэв.

Дунд хүргэн:

- Дахин байлдсанаас алтыг төлсөн дээр. Хэд л хэрэгтэй бол төчнөөнийг худалдаачин урчууд, тариачин эрчүүдээс цуглуулъя. Хааны хөрөнгөнд гар хүрэхгүй байж болно шүү дээ!

Ингээд зөвлөлдөж тохиров. Гвидон, Салтан хаадад бичиг явуулав. «Газар нутгийг минь бүү түйвээ. Албыг төлье. Хоёр баатрыг алсан хүнийг ч олж явуулъя. Гурван сарын хугацаа хайрлагтун» гэжээ.

Гвидон Салтан нар «Гурван долоо хоног»» гэж тогтоожээ.

Хоёр хүргэн, шадар ноёд, тайж бүгд л яаран мэгдэн улс гүрнийхээ хот тосгодоор элч илгээв.

- Худалдаачин, урчууд, тариачин эрсээс алт мөнгө хурааж цуглуул! Гвидоныг гомдоогчийг эрцгээ!

Хаан гэнэт санаж:

- Тохойгоо хүртэл алтан гартай, өвдгөө хүртэл мөнгөн хөлтэй шүү, сайн хараарай. Миний нэрийн өмнөөс гавлан гинжилж авчир! гэв.

Бага гүнж Наталья энэ зарлигийг сонсоод «Баатрыг ялсан хүн миний нөхөр мөн! Тулалдааны үед гэртээ байхгүй байсан нь ийм учиртай аж» гэж таамаглан мэдээд сэтгэл нь сэргэж баярлав.

Тэгснээ эрж олоод гинжилж авчир гэснийг санан зовонгуйрлав. Гэртээ гүйн ирж, нөхрөө тэврэн авч:

- Иванушка, тэнэг эм намайг уучлаарай! Чамайг дэмий гомдоожээ. Хоёр баатрыг чи дийлсэн гэдгийг би мэдэж байна гээд нөхөртөө хааны зарлигийн тухай ярьж,

- Сайн нуугд, хааны элч нар үүгээр битгий ирээсэй гэжээ.

- Бүү уйл, бүү гашууд, эхнэр минь. Хааны элчээс би айхгүй. Одоо хамгийн эхлээд Гвидон Салтан хоёрыг дарах хэрэгтэй. Эх нутгийг минь дайрч алба гувчуур авах гэдэг юу болохыг тэдний ухаанд нь шингэтэл, удамд нь үлдтэл харуулъя гээд Иван залуу эхнэртэйгээ салах ёс хийгээд цэлгэр хөндий, цэнхэртэх талд очив.

Чангаас чанга исгэрч, эрэлхэг баатрын дуугаар:

- Эрдэмт чун хүрэн морь минь, эрээн уулыг эрэлзтэл, эрэг газрыг жирэлзтэл давхиад ирээч! гэв.

Морь нь давхин ирж:

- Иванушка, өнөөдөр халуун тулалдаан болж чи бид хоёрын бүлээн цус асгарах чигтэй! гэхэд Иван:

- Алба гувчуур төлж, алхах газаргүй амьдарснаас үхлийн хор уусан дээр! гэж хариулав. Тэгээд морио эмээллэн, баатрынхаа хуяг дуулгыг өмсөөд хот тосгоноор явж:

- Алдар нэрээ хамгаалах ардуудаа! Эхнэр хүүхэд, эцэг эхийнхээ төлөө эцсийнхээ цусыг шавхартал үзэлцье! Эх сайхан нутгаа эзэрхэг Гвидон Салтан хоёроос хамгаалъя! гэж зарлан дуулав.

Иваны дуудлагад худалдаачин урчууд, тариачин эрчүүд хошуу хошуугаараа цуглав.

Иван гурван өдөр цэрэг цуглуулж, дөрөв дэх өдрөө цэргээ хороо хороогоор хувааж, тав дахь өдөр дайсны өөдөөс явжээ.

Хол ойрын хот хошуу бүрээс эрчүүд ирж, цэрэг нь нэг захаасаа нөгөө зах нь харагдахгүй их болов! Иваны цэргүүд харийн дайснуудтай нүүрлэн тулав. Сарацины морьтон эгнээнээсээ гарч ирэн:

- Ээ, гувчуур төлөхийн оронд эр цэргээ явуулжээ! Цэргийг бут цохин алба гувчуур авахдаа л авна! гэж хашгирахад Иван бардамнагчийг жадлав. Сарацины морьтон хадагдсан өвс шиг налан унахад Иван:

- Инээд аваарай, өлөн бар! гэв.

Энэ үед атаатны дундаас хамгийн хүчирхэг баатар Росланей дүүлэн гарч ирэв. Хангайн чинээ биетэй, хавцлын чинээ амтай морин дээрээ уулын чинээ баатар урагш хойш хөндөлдөн сууна гэнэ. Мориных нь туурай хүрсэн газар нуур тогтоно гэнэ.

- Надтай халз үзэх зоригтон байна уу? гэж дуудав. Иван өөдөөс нь очиход харийн баатар хөхрөн:

- Халз үзэх зоригтон гэж үү! Хатан зоригт баатартай хүч үзэлцэхийн оронд хатан ээжийнхээ хөхийг хөхөж хэвтэхгүй яагаав? гэхэд Иван:

- Атаатан чи, арай эрт баярлахаа боль, бардамнахаа тат! Чамайг эхлээд оршуулна! гэж хашгирав.

Ингээд хоёр баатар арван хоёр мод газар ухарч ухарч дайралцах нь аянгат үүлс мөргөлдөх мэт, асгат уулс харшилдах мэт. Зуун пүү шийдмээрээ цохилцоход барьсан шийдэм нь тахийснаас төрсөн биес нь гэмтсэнгүй гэнэ.

Хоёр дахь удаагаа ухарч ухарч дайралцахдаа шагайж шагайж шидсэн жад нь хугарснаас шарх сорви олсонгүй гэнэ. Гурав дахь удаагаа ухарч ухарч дайралцахдаа хурц сэлмээ өргөцгөөв.

Иваны морь:

- Бөхий, байдгаараа бөхий! гэж хэлээд толгойгоо тонгойлгомогц Росланей сэлмээ буулгав. Росланейн сэлэм шунгинан Иваны зүүн гарыг шархдуулж, мориных нь чихийг сэт цохив.

Иван өндийн Росланейн сэлмийг цохин унагав.

Баатруудын хоёр морь цээж тулан мөргөлдөхөд Иван Росланей хоёр ч барилцаж авлаа. Хоёр баатар уулыг тал болтол, талыг там болтол, үдийн халуунаас үдшийн бүрий болтол ноцолдов. Росланей Иваныг өвдгийг нь далдартал газарт дарав. Иваны шарх янгинаж хүч нь суларч эхлэв. Иван Росланей баатрыг далайх хооронд сэхээ авч:

- Ард чинь, ард чинь! гэж хашгирч амжив.

Росланей тэсгэлгүй эргэн харахад Иван бүх хүчээ шавхан ганхаж унатал нь цохиод хором ч хүлээлгүй болд хутгаа сугалан авч дайснаа газарт цоо хатгав.

Энэ хооронд Иваны морь Росланейн морийг унаган даржээ. Эрэлхэг баатар Иван эрдэмт чун хүрэн морь хоёул энэ тулалдаанд хүчийг ихэд баржээ.

Энэ үед Иваны цэргүүд дайсны цэргийг дайран орж үлдэн хөөж байлаа. Эрэлхэг баатар Иван эрдэмт чун хүрэн морьтойгоо хоёул амрах зав эрэлхийлгүй тэр даруйхнаа тулалдааны талбар луу давхив. Үдшийн бүрийгээс үүрийн туяа гийтэл байлдав. Өглөө гэхэд Гвидоны болон сарацины цэргүүдийн хүүр талыг харалтал бүрхжээ. Салтан Гвидон хоёр үлдсэн хэдэн цэргээ аван айж зугтаасныг Иван цэргүүдийнхээ хамт шил даран хөөсөөр баривлан авчээ.

- Алба гувчуур авах гэж дайн тулаан дахин дэгдээх үү? гэж Иван асуухад Салтан Гвидон хоёр:

- Эрэлхэг хүчит баатар минь, ар гэрт минь амьд мэнд буцаа. Бид дахин аян дайн дэгдээж, хил давуулан хар хөлөө тавихгүйгээр үл барам үр хүүхэд, ач гучдаа танай улстай өнөд энхээр оршин тогтнож, үүрд алба гувчуур төлж байхыг захин үлдээнэ! гэж гуйв.

- Хэлсэн үгээ зөрчвөл гүрэн улс чинь үнс болж ор үндэсгүй устана гэж мэдээрэй!

Ингээд Иван тэднийг дуртай зүг рүү нь суллан тавиад өөрийнхөө цэргийг цуглуулан эргэх замдаа оров.

Энэ зуур худалдаачин урчууд, тариачин эрчүүд Гвидон, Салтаны цэргүүдийг бут цохин хөөж, хүчирхэг баатар Росланейг ялсан тухай мэдээ хааны сонорт хүрчээ.

Хаан хоёр хүргэн, шадар ноёд, тайж нараа дуудан:

- Манай ардууд Гвидон, Салтаны цэргүүдийг хиар цохин устгажээ. Тохойгоо хүртэл алтан гартай, өвдгөө хүртэл мөнгөн хөлтэй тэр эрэлхэг эр цэргийг манлайлжээ. Энэ эрэлхэг эр худалдаачин урчууд, тариачин эрчүүдийг цуглуулан өөрийн дураар аян дайнд мордож атаатан дайсныг ялж хаан миний болон хамгийн дотно ноёд тайж та нарын нэр хүндийг гишгэн гутаалаа.

Эзэн төрийг үл тоон, эрх дураар авирлагчийг яах вэ? гэж асуув.

Дараах жилүүдэд давтагдуулахгүйн тулд эзэн хааны нэрийн өмнөөс эрх дураар авирлагчийг цаазлагтун! гэж ноёд тайж хашгиралдав.

Гэтэл нэгэн хөгшин ноён босож, хааныг хүндлэн мэхийгээд:

- Хаантан минь, хэлэх үгийг минь сонсоно уу, хэрэв таалахгүй бол өвгөн миний толгойг бүү аваарай!

- За, бодол саналаа хэл хэл! гэж хаан тушаав.

- Худалдаачин урчууд, тариачин эрчүүд хүчээ нэгтгэн хүслээ нийлүүлэн, мөр мөрөө зэрэгцүүлэн, зэр зэвсгээ эргэцүүлэн байгаа цагт үнэн санаагаа үзүүлээд хэрэггүй. Тэднийг уриалагхан угтаж, урамшуулан магтаж, архи дарс уулгаж, алт мөнгөөр шагнах хэрэгтэй. Идэж ууж хөөрч аваад ийш тийш таран одохын цагт нэг нэгээр нь барьж авах нь нэн амар болой. Тэгээд л хааны үгийг үл сонсогчийн гарыг гавлаж хөлийг дөнгөлж авъя. Тэр цагт эзэн хаан та түүнийг дураараа шийтгэгтүн! гэжээ.

Хөгшин ноёны энэ санаа хааны сэтгэлд тун ч тохиров.

Энэ үед Иван цэргүүдээсээ тасран цэлгэр хөндий, цэнхэртэх талд очин мориныхоо эмээл хазаарыг аван:

- Эрдэмт чун хүрэн морь минь, чамд гялайлаа! Үнэнч энэ ачийг чинь үүрд санах болно. Морь нь:

- Иван минь, хааны хайр хишиг, ноёдын зөөлөн үгнээс хамгийн их болгоомжил. Гэхдээ одоо чи миний хүслийг биелүүлбэл хэтийн аюулаас би чамайг аварна гэв.

- Шударга сайхан морь минь, юу хүссэнийг чинь биелүүлнэ! гэж Иван хэлэхэд морь нь:

- Хэлсэн үгнээсээ буцахгүй биз!

- Үгүй, үгүй буцахгүй, үнэн хүслээ хэл.

- Иван, хурц сэлмээрээ толгойг минь тас цавч гэж морь нь гуйв.

- Ээх, юугаа ярина вэ! Шударга сайхан мориныхоо толгойг өөрөө тас цавчина гэдэг зүйн хэрэг гэж үү! Өөр юу л бол хүс, зөвхөн ийм юм битгий ярь. Ийм хэрэгт гар минь сэлмээ үл даана.

Морь нь толгой ганзагалан:

- Ингээд би, энэ насаараа гай зовлонгоос салахгүй нь ээ гээд уйлан, гашуун нулимсаа бөмбөрүүллээ гэнээ.

Иван хайрт хань болсон морио харан сандран зогсоно.

- Бүү ай! Толгойг минь тас цавч, тэгээд юу болохыг үзээрэй гэж морь нь дахин дахин гуйв. Иван бодож бодож, сэлмээ аван мориныхоо толгойг тас цавчив.

Гэнэт өмнө нь мориных нь оронд нэгэн эрэлхэг сайхан залуу ургах мэт гарч ирээд:

- Иванушка, чи хүслийг минь биелүүлж, намайг илбийн хүлээснээс гаргаж өглөө! Үгийг минь сонсоогүй бол би морь хэвээр үүрд үлдэх байлаа.

Алдар нэр минь Василий, энэ нутгийн хүн, тариачны хүү. Хүч чадал ихтэй байлаа. Хааны нэгэн түшмэл эцэг эхийг минь гомдооход би түүнийг халз тулалдаанд дуудан дийлсэн юм. Хаан надад хилэгнэн уурлаж, унтаж байхад минь хөл гарыг минь гинжлэн, араатан махчны идэш болгохоор аглаг хар ойд хаясан билээ.

Энэ үед мангас миний хажуугаар явж өнгөрөхдөө намайг ордондоо аваачсан юм. Мангасын гар хөл болон ажиллахаасаа дургүйцэхэд мангас намайг морь болгон хувиргаж, өлсгөж тарчилгаж байлаа. Тэгтэл чи намайг аварсан билээ.

Чи бид хоёр мангас өвгөнөөс цуг зугтсан, гүрэн улсынхаа төлөө харийн дайсны өөдөөс харвах сум шиг орж халуун цусаа хамт урсгасан билээ.

Өөрөөс чинь өөр хэн ч намайг мангасын гараас салгаж чадахгүй байсан! Морь нь эрэлхэг залуу болж хувирсныг Иван итгэж ядан харан зогсоно. Тариачны хүү Василий Иванд бөхийн:

- Хуурай ах минь болооч! гэв.

Иван баярлан дүүгээ зүрхэндээ наалдуулан тэврэв. Тэгээд хоёул цэргийнхээ араас явлаа.

Дайснаа дарсан цэргүүд төв хот руу орж ирэхэд хаан их буугаар буудаж, хэнгэрэг дэлдэхийг тушааж өөрөө шадар ноёдынхоо хамт угтан гарч ирлээ.

- Дайснаа дарсан эрэлхэг эрчүүдээ, та нартаа гялайлаа! Үл мартагдах их гавьяа байгууллаа! Хүн бүрийг шагнана! Одоо амарч цэнгэцгээ! Архи дарс, амтат идээ цөмд хүрэлцээтэй! гэж хаан өгүүлэв.

Иван тариачны хүү Василий хоёул урагш гарч:

- Ихийг амлаж, эелдэгхэн аашилснаар гэмийг дарж чадахгүй. Эрхэм хаан та шадар ноёдынхоо хамт Гвидон Салтан хоёрт эх орон, ард түмнээ боолын боол, босгоны шороо болгохоор өгөх гэж зөвшөөрснөө санаж буй биз дээ? Одоо эх орноосоо урвасныхаа горыг хүртэх болж дээ.

Хаан, шадар ноёд цөм үхсэн амьдын хооронд өвдөг чичрэн зогсоцгооход тариачны хүү Василий бэлэвсэн эхнэрийн хүү Иван хоёр тэдэнд:

- Эх нутгаас минь дуртай зүг рүүгээ тонилцгоо, энд та нарын бараа ч бүү үзэгдэг! гэв. Цэргүүд:

- Амийг хорлох хорт өвсийг шатаах мэт устгая гэж хашгиран дайрахад хаан, шадар ноёд хандсан зүг рүү зугтаан одоцгоов.

Ингээд бэлэвсэн эхнэрийн хүү Иван өөрийн хуурай дүүгийн хамт улс орноо удирдан жолоодох болжээ. Мангас өвгөний эд баялаг, ургамал жимсийг бүгдийг авчрав. Талаараа дүүрэн цэцэг жимстэй, уулаараа дүүрэн улаан алимтай болов. Худалдаачин урчууд, тариачин эрчүүдийн амьдрал тэр цагаас хойш өөдлөн дээшилж өдөр хоногийн тоогоор дэгжин дээрдэв. Улс гүрэн жилээс жилд баяжиж, урвагч хаан, тэнэг ноёдын тухай үлгэрт л хааяа нэг дурсах болжээ.

1 Сэтгэгдэл:

  1. Батхүү Says:

    Энэ сайнхан үлгэрийг үдэш бүр хүүхдүүддээ уншиг өгдөг.энэ боломжийг олгосон блогчинд баярлалаа