Хүрэл хүү

Эрт урьд цагт нэг хаан байжээ. Тэр хааных нэг усчин, нэг үсчин өвгөнтэй юм гэнэ. Усчин өвгөн, Үсчин өвгөн хоёулаа үр хүүхэдгүй юм байжээ. Усчин өвгөн орой бүхэн “Үр хүүхэд хайрла” гэж бурхандаа мөргөдөг байжээ. Гэтэл тэндэхийн ууланд тэнэж жимс ногоогоор хооллож явдаг өнчин жаал тэнэж яваад Усчин өвгөнийг бурхандаа мөргөж байхад нь гэрийн нь араас сонсжээ. Тэгээд бурханых нь араар орж байгаад хэлсэн нь,
- Маргааш өглөөний ургах нарнаар нар ургах зүгээс хормой дүүрэн жимстэй, Хүрэл нэртэй хүү танайд ирнэ. ... Тэр хүүг бурхан та нарт хайрлаж байгаа юм гэжээ. Өвгөн баярлаж бурхандаа сүсэглэхийг сонсоод хүү ууланд гарч жимс түүгээд өглөө нь хэлсэн ёсоороо хормой дүүрэн жимстэй ирж гэнэ. Эмгэн өвгөн хоёр баярлан угтжээ.
“Усчин өвгөнд бурханаас хүү хайрлаж гэнэ” гэдэг яриа улсаар нэг тархжээ. Өвгөн эмгэн хоёр ч хүүдээ их хайртай, Хүрэл хүү ч тэр хоёртоо их сайн, ажил төрөлд нь их л тус болдог байжээ.
Гэтэл гэнэт хааны хатан хүндээр өвчилж хэвтэрт орж гэнээ. Орой бүр хотын урд нэг гал гараад байдаг байжээ. “Тэр юун гал болохыг үзээд ир” гэж хааны явуулсан хүмүүс эргэж ирдэггүй алга болдог гэнэ.
Гэтэл Усчин өвгөнийг хүүтэй болсонд үргэлж атаархаж явдаг Үсчин өвгөн хаанд очиж хэлсэн нь,
- Хаантан энэ Усчин өвгөний хүүг бурхан хайрласан гэдгийг та дуулсан байх. Тэгэхээр бурханаас заяагдсан тэр хүү л галын учрыг олж ирж чадна гэжээ. Хаан үүнийг дуртай зөвшөөрч Хүрэл хүүг дуудуулжээ. Хаан хэлсэн нь,
- За Хүрэл хүү чи маргааш орой болохоор тэр урд гардаг галыг очиж үзээд ир. Манай хатныг өвчтэй болсноос хойш л ийм гал гарах болсон юм гэж зарлиг болгожээ. Хүрэл хүү гунигтайгаар ирж эцэгтээ учрыг хэлжээ. Гэтэл Усчин өвгөн хэлсэн нь,
- За яахав, хүү минь үзээд л ирнэ биз. Зовох юмгүй. Харин эгц өөдөөс нь очиж ер болохгүй шүү. Бүр холуур тойроод араас нь очоорой гээд бурханыхаа авдрыг онгойлгож нэг жижиг сүх гаргаж өгөөд,
- Энэ чамд хэрэг болж мэднэ гэжээ.

Хүрэл хүү маргааш орой нь галыг очиж үзэхээр эцгийн заавар ёсоор явж галын цаанаас нь очжээ. Гэтэл нэг өндөр хар юм шороо самарч гал гаргаад хар дарцгаар хааны орон руу дохиж байна гэнээ. Тэгэхэд нь Хүрэл хүү “Цавчлаа шүү” гээд өндөр хар хүнийг сүхээрээ цавчаад авсан чинь юу ч үгүй болжээ. Харанхуйд тэмтрээд байсан чинь гарт нь нэг хүрэм бололтой юм тааралджээ. Түүнд нь сүхээ боож бариад гэртээ иржээ. Өвгөн эмгэн хоёр сайн явж ирсэнд нь баяр хөөр болон угтжээ.
Маргааш өглөө нь үзвэл тэр хаант гүрэнд байдаггүй тийм гоё торгоор хийсэн хүрэм байжээ. Хүрэл хүү хүрмээ аваад хаанд бараалхаж болсон явдлыг яриад хүрмээ бэлэглэж гэнэ. Хаан маш ихээр баярлаж Хүрэл хүүд хааны сангаас их хишиг хүртээжээ. Үүнд нь Үсчин өвгөн улам ихээр хорсож ямар аргаар Усчин өвгөний хүүг хорлох аргыг бодож байжээ. Хааны хатан ч тэр шөнөөс эхлэн бие нь сайжирч эв эрүүл болж гэнэ.
Нэгэн өдөр хорон санаат Үсчин өвгөн хаанд очиж хэлсэн нь,
- Усчин өвгөний хүүгийн авчирсан хүрэмний торго манай гүрэнд л байхгүй торго юм. Тэгэхээр хаантан та тэр торгыг олж ирүүлэхээр Хүрэл хүүг явуулбал тэр хүү заавал олж ирж чадна гэжээ. Энэ үгийг сонссон хаан дуртай зөвшөөрч Хүрэл хүүг дуудуулжээ. Хүрэл хүүг хаанд очиж бараалхахад хаан зарлиг болгосон нь,
- Хүрэл хүү чи энэ хүрмийг хийсэн торгыг надад олж авчирч өг. Олж ирвэл чамд их шан хүртээнэ. Эс олж ирвэл толгойг чинь авна гэжээ. Хүрэл хүү уг торгыг олохын тулд нөгөө хүрмээ аваад явжээ. Гэртээ очоод учрыг хэлбэл Усчин өвгөн, эмгэн хоёр уй гашуу болон ганц шараа тэргэнд хөллөж өгөөд явуулжээ. Хүрэл хүү нөгөө сүхээ хүрмэндээ боогоод аян замдаа гарч гэнэ.
Хүрэл хүү явсаар хэдэн улс гүрэн алгасан нэгэн хааны гүрэнд хүрч ирвэл тэндэхийн хааны хатан өвчтэй үхлүүт байдаг, шөнө сахиж хоносон хүн нь өглөө үхсэн байдаг тухай сонсжээ. Үүнийг дуулаад Хүрэл хүү хаанд “Танай хатныг сахиж хоноё” гэжээ. Өөрөө үхэхээр гуйж ирж байгаа хүнд хаан их баярлан дуртай зөвшөөрчээ. Хүү хатны өвчтэй байгаа гэрт орвол янз бүрийн хоол, чихэр жимс, айраг цагаа зэрэг амттан бүхэн өрөөтэй байжээ. Хүүг гэрт оруулаад гаднаас нь цоожилжээ. Хүрэл хүү төрөл бүрийн амттанаас ханаж цадталаа идэж авч гэнэ. Тэгээд шөнө дунд болохын үед гэрлээ унтраагаад сүхээ барин дотор хаалганы ард зогсож гэнэ. Тэгсэн чинь шөнө дундаас хойхно нэг хүн сэвс гээд ороод ирэх шиг болоход нь Хүрэл хүү “Цавчлаа шүү” гээд цавчаад орхисон чинь нэг юм тон гээд унаад өгөх шиг болоход нь гэрэл гаргаад харвал зэс хошуу байжээ. Хошууг авч хатанд үзүүлэхэд хатан улам чангаар ёолж сүйд болжээ. Гэсэн ч удалгүй бие нь амарч сайхан унтаж гэнэ.
Хатныг сахиж хоносон хүний хүүрийг аваачиж хаяхаар гадаа хүмүүс ирэхэд Хүрэл хүү гэрээс,
- Наад үүдээ онгойлгооч гэж хашгирчээ. Гадаа ирсэн хүмүүс айн сандарч,
- Ямар амархан чөтгөр болчихов оо? Харь нутгийн хүн ийм түргэн чөтгөр болдог юм байх даа гэж ярилцах нь дуулджээ. Үүнийг сонсоод Хүрэл хүү,
- Юуны чинь чөтгөр вэ? Наана чинь амьд хүн байна. Үүдээ онгойлгоцгоо гэхэд нь хүмүүс үүдийг онгойлгож харийн хүн амьд хоносонд их л гайхацгаажээ. Хаан ч үүнийг дуулаад ихэд гайхаж өөрөө хүрч ирж хүүтэй уулзаж яаж амьд хоносон тухай лавлан асууж гэнэ. Хатны бие ч эрс сайжирч царай зүс орсон байжээ. Хүү шөнийн болсон явдлыг хаанд яриад,
- Хатныг чинь бүр эдгэртэл хэд хоног харж байя гэхэд хаантан баярлан зөвшөөрч гэнэ. Гурав хоноход хатан эрүүл болж хүү аян замдаа явах болжээ. Гэтэл хаантан,
- Ачтай тустай хүүг явуулахгүй охинтойгоо суулгаж хөрөнгө таслаж өгнө гэжээ. Тэгэхэд нь Хүрэл хүү өөрийн хааны зарлигаар нэгэн янзын торго олохоор яваа учрыг хэлж,
- Надад одоогоор энэ торгоноос өөр юу ч хэрэггүй гэжээ. Тийм торго тэр хаант гүрэнд байсангүй. Хаантан хатнаа аварсны шанд “Охиноо заавал бэлэг болгон өгнө” гэжээ. Тэгэхэд нь Хүрэл хүү “Буцах замдаа охиныг авья” гээд цааш явжээ. Явсаар байгаад өөр нэг хааны хотод иржээ. Хотын хамгийн зүүн хойд захын жижиг цагаан гэрт орвол их л хөөрхөн хүүхэн байж гэнэ. Хүү мэнд усаа мэдэлцэж, хүүхэн хүүд цай өгөөд гарч гэнэ. Орж ирээд идээ тавиад бас л гараад явж гэнэ. Удалгүй орж ирэхэд хүү асуужээ,
- Чи яагаад дахин дахин орж гараад байгаа юм бэ? гэхэд хүүхэн хэлсэн нь,
- Манай нөхөр өнөөдөр манайд Хүрэл гэдэг нэг айхавтар хүн ирнэ. Би нэгэн хааны хатныг авах гэж байгаад түүнд нэг хүрмээ алдсан юм өөр нэг хааны хатныг авах гэж байгаад зэс хошуугаа алдсан юм. Түүнийг ирэхээр намайг дуудаарай гэсэн юм. Тэр ёсоор нь би түүнийг дуудаад ирлээ гэжээ. Гэтэл морин төвөргөөн пижигнэж олон хүн ирэх шиг болж гэнэ. Хүрэл хүү зориг гарган,
- Аа та нар ашгүй ирэв үү? Хүрэл хүү чинь энд сүхээ бариа л хүлээж байна гэж гэрээс хашгирчээ. Гэтэл нөгөөх чимээ буцаж зугтаах шиг болоход хүүхэн гарч хараад,
- Тэд яваад өглөө. Танаас үнэхээр айдаг юм байна. Ялангуяа таны тэр сүхнээс чинь их айдаг гэсэн юм. Тэгэхээр тэр эргэж ирэхгүй. Би тэр хүний хүчинд автагдаж ирсэн юм. Одоо би танаас салахгүй, намайг авар гэж гуйжээ. Хүрэл хүү,
- Тэгвэл танайд ийм торго байх ёстой доо гээд хүрмээ гаргаж үзүүлэхэд нь тийм торго тэднийд хичнээн тэргээр ачсан ч өнгө өнгөөрөө байж гэнээ. Хүрэл хүү зорьсон хэргээ бүтээж баахан торго ачаад явах болоход хүүхэн авдарнаасаа ганц жижиг алтан хайрцаг авч гэнэ. Ингээд хоёул явсаар нөгөө охиноо өгсөн хааныд ирж авч явсан сайхан торгоноосоо нэг тэргийг хадам аав болох хаандаа бэлэглээд охины нь аваад явах болжээ. Хаан охиныхоо хөрөнгө гэж өчнөөн төчнөөн мал хөрөнгө тасдан хүмүүсээр хүргүүлж гэнэ. Ингэж явсаар хүү хоёр сайхан эхнэртэй зорьсон хэргээ бүтээгээд гэртээ ирэхэд нь өвгөн эмгэн хоёр хөл алдан баярлан уулзжээ. Хүү маргааш нь өөрийн хаанд бараалхан хүссэн торгыг нь ханатал өгсөнд хаан ч ихээр баярлаж, шан хишиг хүртээж Хүрэл хүү маш их баян болоод сайхан амьдран буух болжээ.
Үүнд нь Үсчин өвгөн улам ихээр хорсож хорлох арга бодсоор байгаад нэгэн мэргэн арга олж хаанд хэлсэн нь,
- Усчин өвгөний Хүрэл хүүг бурханаас заяасан гэдэг яах аргагүй үнэн юм. Тэгэхээр та энэ хүүгийн ачаар Тэнгэрийн хаантай холбоо тогтоож захидал илгээвэл манай хаант гүрэнд их сайхан хэрэг болно гэжээ. Хаантан баярлаж захидал яаж хүргүүлэх учрыг лавлан асуухад Үсчин өвгөн хэлсэн нь,
- Тэр тун амархан. Арван хасаг тэрэг түлээ хураагаад дээр нь арван хасаг тэрэг шар тос асгаад орой дээр нь Хүрэл хүүд захидал бариулж зогсоож байгаад түлээндээ гал оруулбал галын утаагаар жигүүрлэн Тэнгэрийн хаанд очно гэжээ. Хаан Хүрэл хүүг дуудан ирүүлээд зарлиг болгосон нь,
- Хүрэл хүү чи миний захидлыг Тэнгэрийн хаанд хүргээд хариу захиа аваад ир гэжээ. Хүрэл хүү ямар замаар Тэнгэрийн хааныд очихыг асуувал хаан,
- Тэр амархан. Гурав хоногийн дараа захидал хүргэнэ гэжээ.

Хүү гарцаагүй шатаж үхэх болсныг мэдэж уйтгар гунигаар дүүрэн гэртээ ирж эцэг, эх, хоёр эхнэртээ хааны зарлигийг хэлж гэнээ. Цөм уй гашуу болж хааны тэнэгийг гайхаж гэнээ. Харин алтан хайрцагт эхнэр нь “Санаа зоволтгүй. Тэр болно” гэжээ. Ингээд гурав хоногийн дараа захидал хүргэх өдөр болоход хүүхэн Хүрэл хүүд алтан хайрцгаа өгч хэлсэн нь,
- Чи галын утаа үнэртэх үед энэ алтан хайрцгийг хагас онгойлгоорой. Тэгээд л чи Тэнгэрийн хааныд саадгүй очоод ирэх болно гэжээ.
Тэнгэрийн хааныд хааны захидлыг хүргэх гэж байгаа бурханы заяасан Хүрэл хүүг үзэхээр түмэн амьтан цугларч зарим нь гайхаж зарим нь “Шатаж үхнэ” гэцгээж байжээ. Тэр олон дотор хорон санаат Үсчин өвгөн ирээд Усчин өвгөний хүүг хэрхэн шатаж үхэхийг үзэх гэж яарч байж гэнэ. Ингээд түлээнд гал оруулж бөөн гал утаа болж гэнэ. Хүрэл хүү эхнэрийн захисан ёсоор утаа үнэртэх үед алтан хайрцгийг хагас онгойлгоод ухаан алдаж гэнэ. Нэг ухаан ороход гэрийнхээ гадаа хэвтэж байж гэнэ. Хоёр хүүхэн нь дэргэд нь инээлдэж байжээ.
- За Хүрэл хүү Тэнгэрийн хааныд морилоод ирэв үү? гэж асуухад нь хүү юу болсныг мэдээгүй учраа хэлжээ. Гэтэл алтан хайрцагт хүүхэн хэлсэн нь,
- Танай хааны Үсчин өвгөн Усчин өвгөнийг хүүтэй болсонд атаархаж цаг үргэлж чамайг хорлохыг боддог юм байна. Энэ удаа чамайг шатааж алах арга хаанд зааж өгсөн юм. Түүнээс чамайг миний алтан хайрцаг аварлаа. Одоо тэгэхээр чи “Тэнгэрийн хаанд захидал хүргээд хариу захидал авчирлаа” гээд маргааш хаанд бараалхаж энэ захидлыг өгөөрэй” гэж. Ийнхүү алтан үсгээр биясэн захианд “Чиний илгээсэн захидлыг хүлээн авч маш ихэд баярлалаа. Энэ өдрөөс эхлэн та миний дүү боллоо. Тэгэхээр дүү минь Үсчин өвгөнөө ахдаа явуулж тус хүргээч. Манай энд үсчин байхгүй, бид бүхэн үс ноосондоо баригдаж гүйцлээ. Үүнийг яаралтай гүйцэтгэвэл их сайн байна. Тэнгэрийн хаан" гээд алтан үсэгтэй тамга даржээ. Энэ захидлыг маргааш нь хаандаа аваачиж өгсөнд хаан маш ихээр баярлан гайхаж Хүрэл хүүд их шан хүртээгээд Үсчин өвгөнийг дуудаж хаан зарлиг болгосон нь,
- Хүрэл хүү тэнгэрийн хаанд миний захидлыг хүргээд хариу захидал авчирсан байна. Тэнгэрийн хаантай ах дүү бололцсон. Тэнгэрийн хааных үсчин байхгүй, үс ноосондоо баригдаж сүйд болж байгаа гэнэ. Тэгээд надаас үсчнээ явуулаач гэж гуйсан байна. Тэгэхээр чи маргааш тэнгэрийн хааныд очно. Чамд тэнгэрийн хааны тэргүүнд хүрэх нэг хувь тавилан оногдож гэжээ. Үсчин өвгөн сандарч,
- Би яаж тэр хааныд очдог байна? гэж асуувал,
- Очдог аргыг чи өөрөө надад зааж өгчихөөд юу ярьж байгаа юм? Очиж хутгаа хурцлаж бай гэж зарлиг буулгажээ. Маргааш нь тэнгэрийн хааны үсийг авахаар явах гэж байгаа Үсчин өвгөнийг үзэхээр түмэн хүн цугларсан байжээ. Түүний дотор хорон санаат Үсчин өвгөний яаж шатаж үхэхийг үзэхээр Хүрэл хүү, эмгэн, өвгөн, хоёр эхнэрийнхээ хамт байж гэнэ. Үсчин өвгөнийг хутгыг нь бариулаад хураалттай түлээний орой дээр зогсоож байгаад модонд гал оруулахад бөөн гал утаа болж хорон санаат Үсчин өвгөн орилсоор шатаж үхжээ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: