Нөхөрлөлийн үлгэр

Урьд нэг бамбар тугал хоёр ижилдэн дассан байжээ. Нэг өдөр бамбар нь зам дээрээс хонх олоод тугалын хүзүүнд зүүж өгөөд,
— Намайг байхгүйд чамд аюул учирвал дуугаргаарай! Би хонхны дуунаар ирж чамайг хамгаалж байя гэжээ.
Нэг өдөр бамбар ан эрж явтал хонхны дуу гарчээ. Сандран гүйж ирвэл тугал нь зүгээр л өвс идэж байв.
— Юу болов? Чамд ямар аюул учрав гэсэнд тугал,...
— Хамар дээр минь хөхтүрүү сууж, би айгаад чамайг дуудсан юм. Тэгээд нисээд явчлаа, гэжээ.
— Үүнээс хойш ийм дэмий юманд намайг дуудах хэрэггүй гээд бамбар андаа явлаа.
Тэгтэл удалгүй дахиад хонх жингэнэж сонсогдов. Бамбар бас л яаран гүйж ирвэл тугал аанай л зүгээр өвс идэж байжээ.
— Юу болов? Юунд намайг дуудаа вэ? гэсэнд тугал,
— Зүгээр! Би оодгоноод толгойгоо сэжилж байсан юм гэжээ.
Бамбар дахиад гөрөөндөө явж байтал хонх жингэнэв. «Толгой дээр нь шумуул суугаад үргээж байгаа биз» гээд бамбар энэ удаа очсонгүй.
Орой байдаг газраа эргээд ирсэн чинь хайрт нөхрий нь чоно идчихсэн байжээ. Бамбар «Надаас болж нөхөр минь амь эрсдэв» гэж ихэд харамсан гашуудаад тугалын ясан дээр хэвтсээр байгаад гуниглаж үхэв.

Бамбар тугал хоёрын ясыг хааны хоньчин олоод булж орхив. Хоёр жилийн хойно тэнд хоёр сайхан саглагар мод ургав. Өглөө бүр ургах нарнаар хоёр хөөрхөн хүү хоёр модноос баясгалантайяа бууж ирээд өдөржин наадаж харуй бүрий болохоор тус тусын модны навчинд шингэж алга болдог болов. Энэ гайхалтай явдлыг нэг өдөр хааны хоньчин үзээд гэргийдээ ярив. Гэргий нь айлынхандаа ярив. Айлын хүн, хүүдээ хөөрөв. Хүү нь ноёндоо хэлэв. Ноён хаандаа айлтгав. Хаан баг цэрэг гаргаж, тэр хүүхдүүдийг барьж ир гэж түшмэлээ явуулав. Тэд ургахын нарнаа отож байгаад нэг хүүг нь бууж ирмэгц барьж автал түшмэд,
— Нөгөө жаалын бууж ирэхийг хүлээх хэрэгтэй байсан юм. Одоо тэр нь бууж ирэхгүй биз гэж сандартал эндүүрчээ. Нөгөө жаал нөхрөө салгаж авах гэж бууж ирээд бас баригджээ. Хаан "Төр улсыг минь хамгаалах баатар цэрэг ч болох юуны магад. Одоо юутай ч болов адуу мал маллуулъя" гэв.
Тэр хоёрт Алтан хүү, Мөнгөн хүү гэж нэр өгөв. Арван жил мал хариулаад идэр чийрэг, хүчирхэг сайхан эрс болж өсөв.

Нэг өдөр цэргийн хүн ирж тэр хоёрт,
— Алтан хүүг дайнд морд гэж хаан зарлиг болов гэж хэлжээ. Дайны хэрэг давчуу яаруу тулд Алтанхүү нөхөртэйгээ салах ёс хийгээд дайнд мордов. Мөнгөн хүү нөхрөө их санах болжээ.
Нэг өдөр түүний гэрт нэг хөгшин түшмэл ирж,
— Хаан чамайг зүүн зүгт явж хар гэрт хааныд очоод аравдугаар охиныг нь хулгайлж авчир гэж зарлиг буулгав. Хаан хатнаа болгох гэнэ. Энэ гурван хүүдийтэй мөнгийг замдаа хэрэглэ гэсэн. Хааны зарлигийг зөрчвөл амьдаар чинь чанаж ал! гэж тушаав гэжээ.
— Би аравдугаар охиныг яаж таних юм билээ? гэж Мөнгөнхүү асуувал түшмэл,
— Тэр амархан. Хар гэрт хааны охид цөм хар гэзэгтэй. Аравдугаар охины нь гэзгэнд гурван ширхэг алтан үс гялалзаж байдаг юм гэжээ. Мөнгөн хүү охиныг олж ирэхээр мордлоо. Хэц дэрлэж, хээр хонож удтал явсаар нэг ядуу малчин өвгөнтэй дайралдав.
— Өвгөн ах хаа хүрнэ гэж сурвал,
— Би харгис хааны хонь хариулдаг хүн. Нэг хонь цойлуулчаад эрж явна. Олохгүй бол толгойгүй болно гэжээ.
— За тэгвэл та санаа зоволтгүй. Энэ хүүдий мөнгөөр сүрэг хонь авч өгсөн ч болно гэж хүү хавтагатай мөнгөө өгсөнд өвгөн ихэд баярлаж,
— Баатар чамд баярлав. Шилбүүрийг минь ав. Чамд хэрэг болох юуны магад! гэв. Шилбүүрийг бүсэндээ хавчуулаад цаашаа явж байтал бас нэг өвгөн харгалдсанд,
— Та хаачиж явна? гэвэл өвгөн хэлэв,
— Би хүүгийндээ очъё гэсэн чадахгүй нь шиг байна. Замдаа мориноосоо унаж явгарлаа. Явган хүрэх чадал барагдлаа гэжээ.
Зовлонгоос гэтлэхэд тань тус болох юм байна. Энэ хавтагатай мөнгийг ав! Азрага адуу авсан ч хүрнэ гэсэнд өвгөн баярлаж,
— Баатар чамд баярлалаа. Энэ хонины яс ав! Замд чинь хэрэг болох ч магадгүй гэв. Хонины ясыг богцондоо хийгээд Мөнгөнхүү мөрөө хөөж явав. Орой болоход бас нэг хөгшинтэй уулзав. Тэр хөгшин түүдгийн дэргэд суугаад галын дөлийг гунихралтайяа гөлрөн байжээ.
— Хөгшин ах та юунд дулаан гэрт галын дэргэд суулгүй, хөдөө талын жаварт бээрч суугаа билээ? гэж Мөнгөнхүү асуутал өвгөн,
— Би орон гэргүй оочих аягагүй ядуу хүн. Үзтэл бутны дэргэд буруу харах тавилантай шиг байна гэв.
— Бэлэггүй үг чинь салхинд хийсэх болтугай! Энэ мөнгөөр өргөө гэр аваарай гэж сүүлчийн хавтага мөнгөө өгөв.
Өвгөн босон харайж, цог нь унтарсан галаасаа нүүрс авч Мөлгөнхүүд өгөөд,
— Та энийг ав! Хэрэг болох ч магадгүй гэв. Мөнгөнхүү нүүрсийг өвөртлөөд зүүн зүг мөрөө хөөж явав. Тийнхүү мориноос
буулгүй олон хоног явж хар гэрт хааны ордонд хүрэв. Шөнө болохыг хүлээж байгаад хааны ордонд сэм оров. Орох гэтэл нэг том хоточ нохой хуцсанд Мөнгөнхуү өнөөх хонины ясыг гэнэт санаж, гаргаж нохойд хаясанд нохой яс мэрээд хуцахаа болив.
Ороод тас хар гэзгэндээ гурван ширхэг алтан үстэй цэвэр сайхан Оюун авхайг олж үзэв.
— Би таныг эрж ирлээ. Манай хөгшин хаан таныг хатан болгож авна гэж байна гэж Мөнгөнхүү хэлбэл охин,
— Би хөгшин хаанд очих дургүй. Чи хөгшин хаандаа намайг аваачиж өгөхөөс аварвал би насан туршид чамтай амьдрахад бэлэн гэж Оюун авхай хашгирав.
— Тэгвэл тийм болог. Би чамайг яавч газардуулахгүй гэсэнд Оюун,
— Эндээс түргэн зугтаая! Хаан эцэг минь энд таны байхыг үзвэл бид хоёуланг цаазлуулна гэв.
Мөнгөнхүү хүүхнийг мориндоо дүүрээд нисэх мэт хурдлав. Салхин хурдан мориороо өдөржин шөнөжин давхиад сая бууж амсхийв. Мөнгөнхүү Оюун хоёр бөх гээчийн унтаж орхижээ. Үүр цүүрээр сэрээд үзвэл хар гэрт хааны цэргүүд бүсэлчихсэн байжээ.
Мөнгөнхүү нум сумаа авч дайсны зүг зай завсаргүй харавсанд хааны цэргүүд халх бамбай барьж ард нь хоргодоод улам ойртов. Мөнгөнхүү мориноосоо үсрэн буугаад сэлмээрээ дайсныг цавчилсаар хорин цэрэг цавчтал хорин нэгдэхийг цавчиж чадалгүй сэлэм нь хугарчээ. Нэг булиа цэрэг түүнийг уургалж авах гэсэнд Мөнгөнхүү бүснээсээ шилбүүрээ суга татан авч ширвэсэнд хааны бүх цэрэг мэнэрэн хөсөр унацгаав.
Мөнгөнхүү энэ шилбүүрийн ид шидтэйг мэдээд бүсэндээ хавчуулж, морио унан, Оюуныгаа дүүрээд цаашаа давхижээ.
Бас давхиж давхиж нэг газар унтаад өглөө сэрээд харсан сан, хааны хүч нэмсэн цэргүүд бүслээд байжээ. Хар гэрт хаан охиноо буцааж Мөнгөнхүүг барихаар шүд зууж байгаа бололтой.
Мөнгөнхүү нумаа шүүртэл өчигдөр сумаа дуусч, сэлмээ хугалснаа санаж, бүснээсээ шилбүүрээ авах гэтэл бас алга. Морины явдалд хаягдсан бололтой.
— Би үхэхээс айхгүй таныг алдахаас айна гэж Мөнгөнхүү хааны охинд хэлэв. Ингэж хэлтэл хэнхдэг дээр нь нэг юм халж төөнөсөнд үзвэл өвгөний бэлэглэсэн нүүрс улайж цог болсон байв. Мөнгөнхүү цогт хайрагдаж сандрахдаа өвсөн дээр түүнийг авч хаясанд талын их түймэр дэгдээд салхи түймрийн галыг цэргийн зүг хөгжөөсөнд цэргийн олонхи шатаж
хагас нь зугатааж гарав. Дайсан дарагдсан хойно өнөө цог унтарч хар нүүрс болов. Мөнгөнхүү нүүрсээ өвөртлөөд шилбүүрээ эрэхээр явж бас олж аваад цаашаа явжээ.

Явж явж ойн захад ханхай гэр эзгүй байсныг тэр хоёр олж тэнд амьдрах болов. Мөнгөнхүү өдөр бүр анд явж, Оюун хоол хөц төхөөрөн найртай сайхан амьдарч байжээ. Нэг удаа Мөнгөнхүү эмдээ,
— Чи надад нэг ширхэг алтан үсээ бэлэглэ! Би үүрд өвөртөлж явъя гэв. Оюун хэлсэн ёсоор нь бэлэглэсэнд Мөнгөнхүү нандигнан өвөртөлж баясгалантайгаар андаа явжээ.
Хоёр өдөр олз омогтой агнаад гурав дахь өдөр харьж явахдаа нэг чулуун дээр амарч эмийгээ санагалзан алтан үсий нь өврөөсөө гарган үзэж бахархаж байтал салхи үсийг хийсгэж аваачив.
Мөнгөнхүү алтан үсийг салхинд алдсандаа удтал гашуудан уйлж байтал Оюуны толгойд дахиад хоёр ширхэг тийм үс бийг гэнэт санаад дахин нэгийг нь гуйж авъя гэж тайтгараад харьжээ.
Тэр салхи алтан үсийг хааны цэцэрлэгт хийсгэн авчирсныг хаан олж үзээд ихэд хилэгнэн түшмэлээ дуудуулж түшмэл үхтэл айж санд мэнд ирсэнд,
— Мөнгөнхүү хатан болох хүний минь хулгайлж, аваачсан байхад чи түүнийг олж чадахгүй байна. Хаврын сар дүүрэхээс өмнө хайртай Оюуны минь барааг надад харуулахгүй бол чамайг амьдаар чинь булна! гэж загнажээ.
Түшмэл зуун цэрэг аваад сүйт хүүхнийг эрж газар бүхнээр хэсээд олсонгүй. Тэгтэл харин хаврын сарын сүүлчээр гэнэт Мөнгөнхүү замын хажууд чулуун дээр суугаад алтан үсний ширхэг чимхээд бахархан үзэж суужээ. Муу зальт түшмэл цэргүүдээ өндөр өвсөн дотор бүгүүлээд өөрөө тонхил өвчтөний дүр үзүүлж очоод,
— Зоригт баатар минь урт наслахыг ерөөе! Хөл минь ер явж болох биш, гэртээ намайг түр амраан соёрх! гэж газар тултал мэхийн ёсолж гуйжээ.
— Ядсан амьтныг амраах гэр буянтай биздээ. Намайг дагаад яв даа! гэж Мөнгөнхүү хэлээд гэртээ аваачив. Гэртээ ортол ч араас нь сэм мөрдөж явсан зуун цэрэг дайран орж иржээ. Мөнгөнхүү илдээрээ олныг унагаасан тулд гэр нь хүний хүүрээр дүүрсэнд түшмэл Мөнгөнхүүг амьдаар олзолж чадахгүйгээ мэдээд "Тэртэй тэргүй хаан цаазална. Түүнийг харва!" гэж хашгирав. Хар хүнээ амь гарахад бэрх болов гэж мэдээд Оюун сэлмий нь булааж аваад тулган дотор чулуудсанд
Мөнгөнхүү үхэтхийн унав. Түшмэл Оюунд,
— Надтай хааныд очигтун. Өршөөлт эзэн минь чамайг хатнаа болгох гэж байна гэв. Оюуныг морь унуулаад хөтөлж одов.
Хаанд хүргэж ирэх яг тэр үед эрэлхэг зоригт Алтанхүү дайнаас буцаж ирсэн ажээ. Алтанхүү нөхрийгөө сураггүй болсныг дуулаад мориндоо үсрэн мордож эрэхээр гарчээ.
Хичнээн өдөр явж хүрсэн газар бүхэндээ уулзсан бүхнээс Мөнгөнхүүг асуувч сураг чимээгүй байжээ. Алтанхүү жолоогоо сул тавин, хоёр алгаар нүүрээ дараад "Хайрт нөхөр минь үхсэн бол миний амьд явах хэрэг юу билээ?" гэж урам хугаран
шивнэж, хичнээн газар тэгж зүг чиггүй явсныг мэдэхгүй. Гэнэт унасан морь нь яг зогсоод аяархан үүрссэнд нүүр тагласан гараа авч харвал өнчин ганц гэрийн дэргэд зогсож байжээ. Энэ гэрийн хүн сураг гаргах магадгүй гэж бодоод бууж орвол Мөнгөнхүүгийн хүүрийг олов.
Алтанхүү өвчүү чээжээ дэлдэн орь дуу тавин уйлав. Нэг уужраад харвал тулган дотор Мөнгөнхүүгийн сэлэм байв. "Нөхрийг минь алсан хүнийг энэ сэлмээр чинь заавал өшөө авч өгье" гэж шүд зуун тангараглаад сэлмийг автал Мөнгөнхүү нойрноос сэрсэн мэт ухасхийн босоод,
- Оюуны минь хааных аваачсан. Оюуныг минь авралцагтун! гэж хашгирав.
— За хоёулаа түүнийг аваръя, эсвэл хоёул хамт ясаа тавья! гэж Алтанхүү хэлэв.
Хоёул мордож ташуур эргүүлэн давхисаар өдөр шөнө цурамгүй давхиж гурав хоногийн биен дээр хааны хотын барааг харав. Ордонд орох бэрх, өмнүүр нь ямар ч морь гаталшгүй мөрөн урсдаг юм байжээ. Сал холбож гурав хоног оролдоод сая бүтээж усанд тавьтал усны ёроолоос аварга загас гарч ирээд салыг залгичихжээ. Хоёр баатар нум сумаар харвавал тусгүй хайрсанд нь хад чулуунд туссан мэт хальтарч байв. Аварга загас мөрөнд хөндөлсөөд тэднийг гол гатлах гэвэл морьтой хүнтэй нь залгих гэж хүлээж байжээ.
Алтанхүү ойрын нэг уулын оройг тас харваж хоёул мөрлөн өргөж авчраад загасны аманд хаясанд хоолойг хахаажээ. «Нүгэлт загас үүнээс хойш хүн залгих чадалгүй болов» гэж баярлаад хоёул дахин модон сал хийж тавиад голын эргээс дөнгөж хөндийртэл аварга загас сүүлээ шарван мөрний усыг дэлдсэнд уулын чинээ өндөр долгио дэгдэв. Мөрнийг гатлах арга мухардан хоёр баатар зовж байтал Мөнгөнхүүгийн өвөрт хэнхдэгийг шатаамаар нэг юм төөнөв. Өврөөс тэмтрэн гаргаж ирвэл улайссан нүүрсний цог байсанд гар халхай түлхий болж усанд алджээ. Мөрний ус дороо буцалж, аварга загас хичнээн уймавч удалгүй шалз булз түлэгдэж үхэв.
Загасыг дараад мөрнийг гаталж тэр шөнө хааны ордонд ирээд үзвэл есөн толгойтой атигар хар мангас үүдийг сахин ажээ. Хоёр баатар сэлмээ өргөж хоёр толгойг тас цавчин хаятал үлдсэн долоон толгойноос гал утаагаар тургиж гарав.
Баатруудын морь бөмбөгнөтөл чичрэн хойш ухарсанд ташуурдан урагш довтолж бас нэг нэг толгой цавчсанд мангас аймшигтай хүрхрэв. Газар дэлхий донслов. Баатрууд бас мятарсангүй дахин урагш довтолж бас хос толгой тас цавчив.
Өнөөх мангас гуравхан толгойтой үлдсэн боловч Мөнгөнхүүгийн сэлэм хугарсан тул байлдах аргагүй, иймд Алтанхүү хэлэв,
— Би мангастай тулъя. Чи түргэн хааны ордонд орж Оюуныг аварч гарга гэв. Тэгээд Алтанхүү мангасыг хашгиран довтолж дайрсанд Мөнгөнхүү давхин орж Оюуныг шүүрч аваад баяртайгаар довтлон эргэв. Тэгтэл баярласан нь эртэджээ.
Юу гэвэл энэ үед Алтанхүү үхлийн даваан дээр байлаа. Мангасын хоёр толгойг хяргаад гуравдахий нь цавчиж завдалгүй мангаст цохигдон унасанд мангас хөлөөрөө баатрыг дарж аваад алахаар завдаж байжээ. Мөнгөнхүү үүнийг үзээд амин хэргээ цөм мартаад бүснээсээ хоньчны шилбүүрийг суга татан авч мангасын толгой дундуур татав. Мангасын сүүлчийн толгой бөмбөрөн унав.
Алтанхүү, Мөнгөнхүү, Оюун авхай гурвуул ойн дэргэдэх гэртээ ялгуусан баяр хөөртэй эргэж ирээд гаслан зовлонгоос айхгүй хамтран тэмцэж амар сайхан жаргав. Үнэнч сайн анд нөхөдтэй хүнээс гамшиг зовлон зугатаан явдаг гэдэг ажээ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: