Худгийн сохор мэлхийн үлгэр

Эрт урьд цагт, энэ дэлхийн хаана ч юм бэ нэгэн өнцөгт нэг худаг байдаг юмсанжээ. Тэр худагт өрөөсөн нүд нь сохор мэлхий оршин суудаг байжээ. Гэтэл ийм үйл явдал болжээ.
Нэгэн өдөр гадаад их далайд их салхи шуурга хөдөлж түүний долгион давалгаанаар далайгаас нэгэн яст мэлхий хуурай газарт шидэгдэж орхижээ. Тэрээр очих газар үгүй, ирсэн зүгээ ч мэдэхгүй өлсөж ... цангаж, өлбөрч үхэхийн туйлд хүрч дэмий тэнэн явсаар нөгөө сохор мэлхийтэй худагт аз дайрч хүрч ирвээс худгийн сохор мэлхий мэл гайхан,цэл хөхөрч ийнхүү асуусан нь,
— Чи аль газрын хэн гэгч вэ? Хаанаас ирэв? Хаа хүрч яваа вэ? гэж шалгаажээ.
Далайн мэлхий,
— Би яст мэлхий гэгч байна. Гадаад их далайд нутагтай билээ! Сая нэг их хүчтэй салхи болж далайн долгионд дэлсэгдэн хуурай газарт шидэгдэж орхиод төөрсөөр танай энд хүрч ирэв гэхэд Сохор мэлхий,
— Чи одоо тэгээд юу гэж бодож, яахаар шийдэж байна вэ? гэхэд далайн мэлхий,
— Би одоо явъя гэвч газар хол, зүгээ мэдэхгүй, буцахын аргагүй билээ. Танай худагт хамт сууж аж төрье гэв. Тэгэхлээр нь худгийн мэлхий худагныхаа усны гуравны нэгэн хэсгийг зааж,
- Чиний тэр далай гэгчийн чинь усны их бага өдий чинээ юу? гэхэд далайн мэлхий үүнээс ихээ их! гэхэд худгийн мэлхий бас гуравны хоёр хувь хиртэй хэсгийг зааж,
— Үүнээс ямар вэ? гэв. Далайн мэлхий,
— Энэ өчүүхэн худагтай манай далайг жишиж боломгүй билээ. Үүнтэй чинь адилтгашгүй хэмжээ, хязгааргүй арвин их билээ, гэж хэлтэл худгийн сохор мэлхий галзуурсан мэт уурлан, хашгичин хэлсэн нь,
— Чиний тэр далай гэгч чинь миний энэ худагнаас хичнээн ихдээ юу базаагаа гэж. Би бүгдийг мэдэж байна. Чи муу гуйранчин, тэнүүлч бас өөрийнхөө нутаг орон далайг магтаж, над мэтийн амьтны толгойг эргүүлж, басамжлан доромжлох санаатай юу? Чи тэр их устай, хязгааргүй их далайруугаа тонил! гэж хөөрхий муу яст мэлхийг хөөсөн
юм гэнэ билээ. Тэгэхэд нь далайн яст мэлхий худгийн тэр сохор мэлхийг харж, харж,
— За, тийм байдаг байж, хэлснээр чинь болог! Ээ зайлуул, мөн ч хөөрхий амьтан юмдаа. Чи ч доль сохор биш таг сохор юмаа даа гэж гэнэ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: