Аз жаргалд умбасан Ханс хүү

Эрт урьд цагт нэгэн сайхан сэтгэлт хүү ээжтэйгээ хоёул аж төрөн суудаг байжээ. Түүний нэрийг Ханс гэнэ. Хүү алс газар явж нэгэн айлд долоон жил үнэнчээр зарагдан амьдарчээ. Ханс хүү нэгэн өдөр гэрийн эзэнд хандан,
- Би долоон жил танай гэрт гадаах ажилд зүтгэлээ. Одоо би ээжийгээ санаж байгаа тул гэртээ харимаар байна. Та миний хөлсийг өгч гэртээ харихыг минь зөвшөөрнө үү? хэмээн гуйж гэнэ. Гэрийн эзэн хариу өгүүлрүүн,...
- Энэ хугацаанд чи манайд үнэнчээр зүтгэсэн. Хийсэн ажлын чинь хэрээр гомдоохгүй шан өгнө гэлээ. Тэгээд гэрийн эзэн Ханс хүүд хүний толгойн чинээ цул алт өгөв гэнэ. Ханс нэгэн алчуур гарган алтаа боон мөрөн дээрээ тавьж аваад гэрийн зүг замд гарав гэнэ. “Санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтсэн сайн заяатай хүн надаас өөр үгүй, аз нь шовойсон аавын хүү аргагүй би мөн дөө” хэмээн Ханс хүү амандаа дуу аялан алхаж гэнэ. Ханс хүүг хоёр хөлөө зөөж ядан, зөрүүлж гишгэн гэлдэрч байхад нэгэн цовоо сэргэлэн, хөөр баяртай морьтон өөдөөс нь хүрч ирэв гэнэ. Ханс түүнд хандан,
- Хөөе залуу минь, морьтой хүн гэдэг юутай сайхан бэ? Яг л сандал дээр байгаа юм шиг эмээл дээрээ тухалчихаад, чулуу өшигчиж ядрах ч үгүй, гутлаа урж элээх ч үгүй газар хорооно гэдэг мөн сайхнаа хэмээн чанга гэгчээр хэлэв гэнэ. Энэ үгийг сонссон морьтой эр саатан зогсож,
- Залуу минь чи юунд явган явж байгаа юм бэ?
– Би явган явахаас өөр аргагүй ээ. Энэ цул юмыг гэртээ аваачих болоод байнаа аа хөө. Хүнд юм мөрлөн явах гэдэг ямар төвөгтэй гэж санана аа. Бас мөр өвтгөнө гэж жигтэйхэн.
– За тэгвэл хоёулаа ингэдэг хэрэг ээ, би чамд морио өгье, чи наад хүнд ачаагаа надад өгчих ингээд л шууд сольж орхиё.
– Дуртайяа зөвшөөрөх байна. Харин чи үүнийг аваачих гэж их зүдэрнэ шүү дээ гэхэд нөгөө эр мориноосоо бууж, цул алтыг аваад, мориныхоо цулбуурыг Хансын гарт түргэхэн шиг атгуулж орхиод,

- За тэгээд цогиулмаар болбол, чангахан шиг “Чүү, чүү” гээд давирдаг юм шүү гэлээ. Ханс хүү морио унан, гэрийн зүг дураараа эрх чөлөөтэй хатируулж гарав гэнэ. Хэсэг зуур гэлдэрснээ ер нь цогиулдаг хэрэг ээ хэмээн бодоод амаа ангайн “Чүү, чүү” хэмээн сүртэй давирав гэнэ. Морь гэнэт ухасхийхэд Ханс хүү бөндгөс хийн унаж орхивоо. Нэг мэдсэн, тэр замын хажуу талын гуунд хэвтэж байв гэнэ. Энэ үед нэг үнээ туусан хүн өөдөөс нь ирж яваагүйсэн бол, бас тэр морийг нь барьж аваагүйсан бол Ханс аль хэдийн явгарах байлаа.
Ханс хүү арай чамай биеэ татан өндийжээ. Хөл гар нь хөндүүрлээд хэцүүхэн шиг босов гэнэ. Тэр үхэр туусан эрд хандан,
- Морь унах гэдэг амаргүй даваа байна. Тэгээд гэнэт ухасхийгээд унагаж орхидог ийм адсага бол хүзүү хугалж ч мэдэх юм байна. Би одоо дахиад хэзээ ч морины нуруун дээр гарахгүй. Харин үнээ бол шал өөр хэрэг. Үнээг туугаад сайхан тааваараа алхаж болно. Тэгээд бас өдөр болгон сүү, зөөхий, бяслагтай байх нь лавтай. Ийм нэг үнээтэй больё гэвэл юу өгч таарах бол? гэв. Өнөөх эр,
– Одоохон чамд энэ завшаан тохиох нь дээ. Би үнээгээ чиний мориор сольё. Тэгээд л хүсэл тань биелэх нь тэр. Ханс хүү энэ саналыг уухайн тас, баяр хоор болон хүлээн авав. Үхэрчин эр морин дээр үсэрч мордоод ум хумгүй явж одов гэнэ. Ханс хүү үнээгээ туун яаралгүй алхах зуураа ийм сайхан солио хийсэндээ бахархаж явлаа. Одоо надад нэг жаахан талх олдох юм бол мөн ч сайхан даа. Дээр нь хүссэн хэмжээгээрээ зөөхий юм уу, бяслаг тавиад идэхэд юу дутахсан билээ. Цангах юм бол үнээгээ саагаад л сүү уучихна. Ингэхэд би өөр юу хүсэхсэн билээ дээ, аз жаргалд умбах гэдэг чухам даа л энэ биз. Ханс хүү цааш явсаар нэгэн гуанзанд хүрч ирэв гэнэ. Тэнд тухлан суугаад авч явсан бүх зүйлээ гарган тавьж, нэг мөсөн баяр хөөртэйгээр идэж орхилоо. Хамаг бутархай мөнгөө хамж шимж байгаад аяга дундуур шар айраг хийлгэн уув гэнэ. Тэгээд төрөлх тосгоноо чиглэн үнээгээ тууж явлаа. Жин үд дөхөх тусам халуун шатаж, тэсвэрлэшгүй болж байлаа. Ханс хүү нэгэн уудам ногоон хөндийг туулан явав. Тэр хөндийгөөр нэг цаг орчим явахад Ханс хүү хатаж үхэх шахан, ам чийглэх шүлс ч гарахгүй болжээ. Ингэж ядарч явахаар үнээгээ саагаад сүү ханатлаа уудаг хэрэг хэмээн Ханс хүү шийдлээ. Тэгээд үнээгээ нэг нарийхан мөчрөөс уяж байгаад саах юм болжээ. Сав суулга байхгүй тул савхин малгайгаа дээш харуулж тавиад үнээнийхээ дэлэнг хичнээн хичээн шувтарсан боловч ганц ч дусал сүү гарсангүй гэнэ. Харин эв дүйгүй хөдөлсөн үү яасан үнээ хажиглан хойд хөлөөрөө түүний толгой руу ээрч мууртал нь тийрч орхив гэнэ. Ханс хүү мөргүүлж унаад хэсэг зуур ухаан балартан хэвтсэн байлаа. Аз болоход нэг шүдлэн гахай тууж

явсан яргачин эртэй тааралдлаа.
– Юу гэгчийн ширүүн таалав даа? гээд тэр эр сайхан сэтгэлт Хансыг дэмнэн босголоо. Ханс юу болсныг түүнд ярилаа. Яргачин түүнд дашмагаа өгч,
- Май, үүнээс уугаад амс хий. Энэ үнээнээс ч сүү гарч гялайлгахгүй дэгээ. Нэг муу хөгшин үнээ байна. Эдэлгээнд эсвэл нядалгаанд л арай илүү тохирох амьтан шиг байна. Ханс хүү толгойтой үсээ илээд,
- Үгүй ер, хэн үүнийг санахсан билээ. Гэртээ аваачаад эд бад хийгээд авбал ямар гэгчийн их махтай болох бол. Даанч би үхрийн маханд дургүй л дээ. Дэндүү хатуу байдаг юм. Харин ийм нэг сайхан шүдлэн гахайтай сан бол ч өөр хэрэг шүү. Амт нь ч шал өөр. Тэгээд бас хиам хийнэ гэлээ. Яргачин хэлж байна,
- Чамайг бодож би яахав сольё доо. Энэ гахайг үнээний чинь оронд чамд өгье.
– Таны сайхан сэтгэлийг тэнгэр бурхан ивээх болтугай гээд Ханс хүү түүнд үнээгээ өгч, шүдлэн гахайг тэргэнээс буулгуулж, хүзүүнээс нь уясан шидэмснээс нь барьж авав гэнэ. Ханс хүү цааш явах зуураа дотроо ийнхүү бодлоо. Бүх л зүйл сэтгэлчлэн бүтэж байна даа. Ямар нэг юм таагүйгээр эргэх бүр л түүнийг зохистой шийдвэрлэх боломж одох юм хэмээн бодож явтал нэгэн гоё цагаан галуу тэвэрсэн хүүтэй дайралдав гэнэ. Ханс хүү түүнд өөрт тохиолдсон азтай явдлын тухай ярилаа.

Тэгээд бас үргэлж л ашигтай арилжаа хийж байснаа ярив гэнэ. Нөгөөх хүү галуугаа нэгэн хүүхдийг загалмайлах ёслолын идээнд зориулан авч яваагаа ярилаа. Тэр хүү галууныхаа далавчнаас бариад,
- Өргөөд үз дээ. Ямар хүнд гэж санана. Бүр хоёр сарын турш хэрчсэн гурилаар шахан бордсон юм хойно, арга ч үгүй дээ. Энэ галууны шарсан махыг хүртэх хүн харин ч нэг азтай хүн байх болно доо гэлээ. Ханс хүү галүуг авч нэг гараараа өргөж үзсэнээ,
- Тийм ээ, өөртөө таарсан жинтэй юм байна. Миний гахай ч нас гүйцсэн мэгж биш л дээ гэлээ. Энэ үед нөгөө хүү эргэн тойрныг бодолхийлэн харж толгойгоо дохисноо ийнхүү хэллээ,
- За, чиний авч яваа энэ гахай ч нэг л бишээ. Манай тосгоны даргынх нэг гахайгаа саяхан алдчихсан юм. Чи тэр гахайг нь хөтөлж яваа юм шиг байна. Би чамд сэтгэл их зовниж байна. Тэднийх гахайгаа хайлгаж байгаа гэсэн. Чи энэ гахайгаа авч яваад баригдвал тун ч базаахгүй юм болно. Дор хаяж чамайг хар гэрт хорино шүү дээ гэв. Сайхан сэтгэлт Ханс хүү айж эхлэв гэнэ. Тэгээд,
- Ээ бурхан минь, чи л намайг хүнд байдлаас холдуулж хайрла. Чи эндхийн хүн болохоор яахыг сайн мэдэж байгээ. Тэгэхлээр миний энэ гахайг аваад наад галуугаа над өгчих хэмээн гуйв.
– Би ч бас өөртөө лай хурааж байгаа хэрэг. Гэхдээ би чамайг харсаар байж золгүй явдалд учруулсан гэмтэн болмооргүй байна хэмээн галууны эзэн хэллээ. Мань хүн гахайн хүзүүнээс уясан олсноос шүүрэн аваад, зам буруулан явж одлоо. Сайхан сэтгэлт Ханс хүү санаа зовох юмгүй болж тайвшраад галуугаа сугавчлан гэрийн зүг алхаж гэнэ.
– Сайн бодож үзэх юм бол энэ арилжаа надад бас л ашигтай боллоо. Төхөөрч орхивол үнэхээр сайхан шарсан махтай болно. Бас гурван сарын турш талханд түрхэн идэж хүрэхүйц тос гарна. Тэгээд бас зөндөө сайхан цагаан өдтэй болно. Түүгээр нь зөөлөн дэр хийнэ. Тэр дэрэн дотроо шигдсэн шигээ унтаж гарна. Ээж маань яасан их баярлах бол доо хэмээн өөртөө хэллээ. Ханс хүү гэрийнхээ наана байгаа нэгэн суурингаар орж явах зуураа тэрэг түрсэн нэг билүүчин эртэй дайралдав гэнэ. Тэр эр хутга билүүдэнгээ амандаа "Хаана хэрэг гарна би тийшээ явна, хайч хутгыг харин ч нэг ирлэж гарна” хэмээн аялж байв гэнэ. Ханс хүү зог тусан түүнийг харлаа. Тэгээд Ханс хүү тийш очин, яриа өдөн ингэж хэллээ,

- Та хутга ирлэхдээ ийм сайхан хөгжилтэй байхыг бодоход ажил тань их таалагддаг байхаа?
– Тэгэлгүй яахав, миний ажил ч орлогын хүүдий л гэсэн үг. Хутга, хайч ирлэдэг сайн билүүчин хүний халаас бол мөнгөөр тасрах гэж огт үгүй. Ингэхэд чи хаанаас ийм сайхан галуу аваа вэ? Хэмээн билүүчин эр түүнээс асуулаа.
– Үүнийг би худалдаж аваагүй юм, харин гахайгаараа арилжиж авсан юм.
– Юун гахай сан билээ?
- Түүнийг бол үнээгээрээ арилжиж авсан юм.
– Юун үнээ сэн билээ?
– Үнээг би мориныхоо оронд авсан юм.
– Юун морь сон билээ?
– Тэр морийг би толгойн чинээ цул алтаар сольж авсан юм.
– Юун алт сан билээ?
– Тэр алтыг би долоон жилийнхээ хөдөлмөрийн хөлсөнд авсан юм гэхэд билүүчин,
– Чи бол эгзэгтэй мөчид юу хийхээ мэддэг ухаантай хүү байна. Одоо чи нэг зүйл хийх юм бол өглөө босох бүрийд халаасанд чинь мөнгөн зоос хангинан орж байхыг мэдрэх болно. Жинхэнэ аз жаргалын эзэн болох мөч танд ойрхон байна хэмээн билүүчин хэллээ.
– Тэгэхийн тул яах хэрэгтэй вэ?
– Чи ерөөсөө л над шиг билүүчин болчих. Тэгэхийн тулд нэг сайн, дугуй билүү чулуутай болох хэрэгтэй. Бусад нь аяндаа л болоод явчихна. Надад бараг нэг бүтэн шахуу, яльгүй жаахан гэмтэлтэй билүү байгаа. Чи надад энэ галуугаа өгчихөд л болно. Өөр юм нэмж өгөх хэрэггүй. Тэгэх үү? гэхэд Ханс,
- Ямар яриа байхав? Тэгснээр би энэ ертөнцийн хамгийн аз жаргалтай хүн болох болно. Халаасаа тэмтрэх болгонд мөнгө тэмтрэгдэж байх болно, өөр юу хэрэгтэй юм. Ийнхүү галуугаа билүүчинд өгөөд дугуй билүүг авлаа.
– За, үүнийг бас ав, сайн хямгадаж байдаг юм шүү, хуучин муруй хадаасаа дээр нь тавин цохиж тэгшилж бай гээд билүүчин эр жирийн нэг хар чулууг хажуунаасаа авч өглөө. Чулуунуудыг хоёр мөрөн дээрээ нэг нэгээр нь тавиад сэтгэл өндөр цааш алхалаа. Түүний нүд баяр хөөр дүүрэн ажээ. – Би гэдэг хүн аз жаргалын одонд төрсөн байхаа, юу л хүснэ дорхноо бүтчихнэ. Ёстой аз нь шовойсон хүн гэж намайг хэлэх байхаа хэмээн өөрөө өөртэйгээ ярьж явав гэнэ. Өглөөнөөс аваад борви бохисхийлгүй гэлдэрч яваа Ханс хүү ядарч эхлэв. Бас ходоод нь хоржигнон хоол нэхэж эхлэв гэнэ. Үнээ худалдаж авсандаа баярлаад байдаг мөнгөөрөө тансаглачихсан Ханс хүү арай ядан цааш гэлдэрч, алхам тутамд амармаар болж байлаа. Ядахдаа хоёр хүнд чулуу хоёр мөрийг нь хайр найргүй өвтгөж байв. Энэ гайтай хоёр чулууг тээхгүй болж амарвал мөн сайхнаа гэсэн бодол толгойд нь эргэлдэж эхэллээ. Ханс хүү эмгэн хумс шиг хөдөлж ядсаар хээрийн нэгэн худаг дээр ирж гэнэ. Жаахан сууж амсхийнгээ худгийн хүйтэн ус ууж цангаагаа тайлахыг бодлоо. Тэгээд чулуунуудаа эмтэлж хэмхлэхгүй санаатай худгийн амсар дээр болгоомжтой тавьж гэнэ. Тэгээд худгийн амсар дээр суун, ус руу тонгойхдоо санамсаргүй нөгөө хоёр чулуугаа гараараа түлхэж орхисонд, хоёулаа усанд цүл пал хийн унаж орхижээ. Хоёр чулуу усанд унаад харагдахгүй болоход Ханс хүү бөөн баяр болон дороо дэвхэрч цовхчилоо.

Бөөн баяр хөөр болсон тэрээр энэ тээртэй хүнд хоёр чулуунаас харамсах юмгүй салгаж амраав хэмээн тэнгэр бурхандаа талархан мөргөж гэнэ.
– Гэрэлт орчлонд надаас жаргалтай хүн алга хэмээн тэр баярлан чарлав гэнэ. Үүрч, тээх юмгүй болж сэтгэл амарсан Ханс хүү цааш алхан гэртээ ирж хайрт ээжтэйгээ уулзан золгож, амар сайхандаа жаргаж гэнэ ээ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: