Ховдог санаа бие барна

Эрт урьд цагт гэнэ. Нэг хоньчин залуу унах морио хулгайд алдаад, хэдэн хонио бас чилээгээд “Энэ ертөнцөд ингэж амьдрахаар үхээд өгсү би” гэж заяандаа гомдон нэг ууланд тэнүүчлэн явтал нэг Хангарьд шувуу нисэж ирээд:
- Гоо залуу битгий гут. Та хамаагүй ингэж болохгүй ээ,
_____Залуу хүний замын хүзүү урт
_____Зандан модны залгаа үе олон гэдэг шүү дээ. Намайг унаад яв!... гээд далавчин дээрээ суулгаж аваад өдөржин, шөнөжин нисээд үүр цайхын алдад алтаар бүтсэн ууланд хүрч буужээ. Ядуу залуу өврөө дүүртэл алт түүж аваад дахин Хангарьд дээр суутал тэр нь харжигнан, хүржигнэн ниссээр нутагт нь ирж буулгачаад явж оджээ. Тэр залуу нутагтаа ирж алтаараа мал худалдан аваад баяжжээ. Түүнийг ийм түргэн баяжсанд тэр нутгийн нэгэн хомхой шуналтай баян үзээд сэжиг төрж, атаархаад нэг өдөр нөгөө залуугаас яаж баяжсаныг асуужээ. Хар бор санаагүй залуу хэрхэн баяжсанаа хэлж өгсөнд улам баяжих сэтгэлдээ хөтлөгдсөн нөгөө баян уранхай салбархай хуучин муу хувцас олж өмсөөд ядуу залуугийн зогсож байсан тэр ууланд хүрээд, худлаар гомдон уйлсан дүр гаргаад зогсож байтал Хангарьд ирээд түүнийг аван нисэж үүр цайх үеэр алтан ууланд хүргэдэг юм байж. Ховдог баян өөрийн өвөр, өмдөө дүүртэл алт түүж авсанаа, авч явсан даалиндаа хийж байтал Хангарьд,
- Одоо болно оо, удахгүй нар гарна. Түүнээс өмнө явахгүй бол шатаж үхнэ шүү! гэсэнд нөгөө баян огт чихгүй юм шиг алт түүгээд байж. Хангарьд явъя гэж гурван удаа хэлсэн боловч улам ховдоглоод алт түүгээд босохгүй болохоор нь Хангарьд аргагүй “үйлээрээ бол” гэчихээд нисээд явчихжээ. Хэзээ хойно нь баян даалингаа дүүргээд өргөөд явах гэтэл бараг даагдахгүй, өвөр, өмдөөрөө дүүртэл хийсэн болохоор өөрөө ч бас хөдөлж чадахгүй шахам болоод аргаа барахдаа улмаар мөлхөх аядаж байтал ургахын улаан нар улалзан мандаж, ухаан муут ховдог баян, умалзтал шатаж үхсэн гэнэ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: