Эрх хатан

Урьд нэг баян худалдаачин эрх танхи хатантай юм байжээ. Тэгээд тэр баян худалдаачин алс хол газар гурван жилийн аянд явах болж гэнэ дээ. Аянд явахдаа сайн сайхныг ерөөж, ихийг бүтээхийн бэлэг дэмбэрэл тавьцгаан, хатныгаа их юм хийж, их зүйл сураад байгаарай гэж захиад явжээ. Баян худалдаачин гурван жил болоод буцаж ирж гэнэ. Тэгээд аянд явсан энэ гурван жил хэн юу хийснийг дуудаж асуухад адуучин нь,
- Би азарга азаргаар адуу өсгөсөн гэжээ. Хоньчноо дуудаж асуухад, ...
- Би хот дүүрэн хотгор бор ирэг нэмсэн гэж гэнэ. Дараа нь үхэрчнээсээ асуухад,
- Би уулаар дүүрэн улаан үхэр өсгөсөн гэж гэнэ. Хамгийн сүүлд нь хатнаасаа,
- Чи юу хийж бүтээв гэж асуухад хатан нь ийн өгүүлрүүн,
- Гунжин үнээний махыг гурав хоног идэж үзлээ. Гуншаа дамшиг нэрийг авав. Дөнжин үнээний махыг дөрөв хоног идэж үзлээ. Дөмөг нэрэлхүү нэрийг авлаа. Дотуур цамцаа долоо хоног оёж үзлээ. Уран цэмцгэр нэрийг авлаа. Гутлаа гурван сар уллаж үзлээ. Гув шав нэрийг авлаа гэж хэлэв гэнэ. Тэр баян худалдаачин гэрийнхээ дотор байдлыг хартал гэр нь тоосонд дарагдаж үзэмжгүй болсныг ажиглаад манайх чинь ширдэгтэй байл уу? гэж асуухад,
- Таныг явахад ширээн доогуур ширмэл ширдэг, бурхны дор булган хивс, орны өмнүүр одтой ширдэг осолгүй л байсан гэжээ.
- За тэгвэл царил зээтүү аваад ир! гэж тушаагаад баян эзэн царил зээтүүгээр малтаж үзэхэд төө зузаан шорооны цаана төгөл цагаан ширдэг байж гэнэ. Яагаад энэ вэ? гэж хатнаас асуухад хатан ийн өгүүлрүүн,
- Харин би хичнээн их цэвэрлэж байсан учраас зөвхөн ширдэг нь дарагдаад бусад нь байгаа нь их хэрэг гэжээ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: