Хөгшин ямаа, арслан хоёр

Эрт урьд цагт эзгүй уулын энгэрт нэгэн сүрэг ямаа бэлчээрлэж нар шингэж бүрий болмогц хэвтшиндээ ирж хэвтдэг юм гэнэ. Нэгэн үдэш ямаа бүхэн хэвтшиндээ ирсэн байтал гагцхүү нэг хөгшин ямаа үгүй байжээ. Хөгшин ямаа ядрахын туйлд хүрч хотондоо харьж дийлэхгүй болоод ойр хавийн нэгэн уулын агуйд амрах гээд хүрч очсонд агуй...дотор харин нэгэн том арслан хэвтэж байсан ажээ. Хөгшин ямаа,
“Хоолойд үгүй мах шүдэнд
Хойморт үгүй заяа үүдэнд гэгчээр арсланд асар сайхан идэш хүргээд ирж, одоо үхэх нь тэр яадаг билээ? Эргэж хандаад дутаах уу? Болохгүй, ингэж чингэж аргацаах уу? Эртний үгэнд “Зоригловол зочны аманд хуруу хийнэ” гэдэгчлэн нэгэнт иймд тулчихсан юм чинь зориглохоос өөр ямар арга байх буй” гэж дотроо бодлоо. Ингээд тэрээр нэгэн ихэмсэг дүр гаргаж омогтойгоор арслангийн өөдөөс очлоо. Үүнийг үзсэн арслан дотроо “Энэ муу хөгшин ямаа ямар их зоригтой юм бэ? Энгийн ямаа надыг үзвэл ийш тийшээ зугтаадаг. Энэ юу болчихоов! Ер нь урьдаар учрыг нь мэдсэн нь дээр” гээд их л эелдгээр,
- Өвгөн гуай, та чинь хаанаас ирж, юу хийхээр явж байна вэ? гэсэнд хөгшин ямаа,
- Би бол дээд тэнгэрийн зарлигаар энэ дэлхийд бууж, дагина сахиусны хуралдаанд дээжийн идээ бэлтгэхээр арван арслан, зуун барсыг алахаар явж байгаа нь энэ билээ. Авгай та энд байсан чинь асар сайн боллоо гэлээ. Арслан үүнийг сонсоод ихэд айж "Одоо баларлаа! Зугатаахгүй бол болохгүй боллоо" гэж бодоод хөгшин ямааны өөдөөс,
- Би горхины хөвөөнд нүүрээ угаагаад буцаж ирье, та хүлээж байгаарай! гэжээ. Арслан агуйнаасаа гармагц амь тэмцэн зугатлаа. Гүйж явтал зам зуур нэгэн өлөн чонотой тааралдав. Чоно арсланы амь тэмцэн гүйж явахыг үзээд,
- Ван ноён та юунд ингэтлээ сандарч мэгдэн гүйж байх буй? гэсэнд арслан саяхан тохиолдсон учраа эхнээс адаг хүртэл тоочин хэлэв. Өлөн чоно үүнийг сонсоод инээд нь хүрч,
- Ван ноёнтоон! Та битгий айгаарай, надад арга ухаан байх. Бид хоёулаа дахин агуйдаа буцаж амттайхан нэг хоол зооглоё! гэлээ. Ингээд чоно арсланг дагуулан агуйдаа буцаж ирлээ. Хөгшин ямаа үүнийг үзээд ховдог чонын ховч арга мэхийг мэдээд,
- Чоно гуай! Би чамайг гурван арслан авчир гэж тушаасан байтал юунд ганцхан арслан авчирсан буй? гэв. Арслан үүнийг сонсоод айхын зэргээр уур нь бадарч,
- Хэлэн дээрээ чихэр наасан хэнхдэг цээжиндээ хутга нуусан муу өөдгүй амьтан чоно чи! Тэнгэрийн элчтэй харьцаа авч хаан эзнээ хөнөөх гэнэ үү? гэж хүрчигнэн уурлаж хүдэр савраараа хүчтэй нэг базсанд өлөн чоно эвхрэн унав. Ийнхүү арслан, чоно хоёрыг ноцолдож байх завсарт арга ихтэй хөгшин ямаа сэмээр агуйгаас зугадан гарч ямаан сүрэгтээ нийлэн золгож амар сайхнаар амьдарч гэнэ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: