Амжилт (Болгар)

Ах дүү хоёр баян байжээ. Нэг удаа дүү нь ахдаа,
- Бүх ертөнц мөнгөн дээр л тогтож байна. Мөнгөгүйгээр амжилт байхгүй гэж хэллээ. Үгүй шүү, харин амжилт л мөнгө дагуулдаг юм гэж ах нь хэлээд, хоёул маргав.
– Үгүй дээ, та надад мөнгө өгчих! Тэгвэл амжилт өөрөө ирнэ гэдгийг танд батлаад өгье.
– Худлаа. Амжилт байхгүй бол мөнгө ч бас байхгүй. Ах дүү хоёр ийнхүү маргав. Нэг нь нэгийг хэлэхэд нөгөө нь өөрийг ярина. Тэгээд аль нь... зөв болохыг мэдэхээр шийджээ. Тэд мөнгө аваад аян замд гарлаа. Явсаар байгаад нэг тосгонд иржээ. Тэндэхийн хамгийн ядуу тариачныг заалгаж аваад түүнд тавин алтан зоос өгч,
- Энэ мөнгөөр амжилт худалдаж аваарай. Амжилт чамд сайн сайхныг зааж өгнө гэжээ. Ядуу эр баярлан гэр өөдөө явлаа. Тэгтэл урдаас нь хүрэн үст эмэгтэй ирээд,
- Хаашаа явж байгаа юм бэ? гэв.
– Амжилт худалдан авахаар явж байна. Түүнд тавин алтан зоос зарах санаатай гэж ядуу эр хэллээ.
– Амжилтыг мөнгөөр авдаггүй юм даа. Харин мөнгөөрөө хүүхдүүддээ хүнс тоглоом худалдаж авбал дээр. Үлдсэн мөнгөө малгайдаа нуугаарай гэж эмэгтэй хэлэв. Ядуу эр үдийн хоолондоо үхрийн уушги худалдан аваад, үлдсэн мөнгөө малгайныхаа нугалаасанд нууж гэнэ. Тэгээд замаар явж байтал, хаанаас ч юм нэг хэрээ гарч ирээд толгой дээгүүр нь эргэлджээ. “Гуаг-гуаг” гэж хэрээ гуаглана. Ядуу эр түүнд,
- Энэ уушги чамд хамаагүй ээ! гээд уушгиа өвөртлөж гэнэ. Гэтэл хэрээ доошлон малгайг нь шүүрээд бараа тасарчээ. Хэсэг хугацааны дараа ядуу эр мөнгөө яасныг мэдэх санаатай ах дүү хоёр баян ахиад л нөгөө тосгонд иржээ. Ядуу эр тэдэнд малгайдаа нуусан мөнгийг нь хэрээ аваад явчихсан тухай ярив. Ах дүү хоёр түүнд дахин зуун алтан зоос өгөөд,
- Энэ мөнгөөр амжилт худалдаж аваарай гэв. Ядуу эр мөнгийг аваад гэр өөдөө явлаа. Тэгтэл ахиад л нөгөө хүрэн үст эмэгтэй ирээд,
- Гартаа юуг ингэтлээ чанга атгаа вэ? гэж асуулаа.
– Алтан зоос гэж ядуу эр хэлэв.
– Алтан зоосоор яах нь вэ?
– Намайг амжилт худалдан аваарай гэж хүмүүс өгсөн юм.
– Чи ч ухаангүй хүн юм даа! Эсвэл чи амжилтыг мөнгөөр авч болдоггүй гэдгийг мэддэггүй юм байна. Мөнгөө гэртээ нуу. Тэгээд би амжилт яаж олохыг зааж өгье. Ядуу эр мөнгөө гэртээ авчирч, хивэгтэй вааранд нуужээ.
Нэг удаа ядуу эр зах руу явлаа. Энэ үед түүний гэрийн дэргэдүүр үүргийн худалдаачин өнгөрчээ. Тэрбээр,
- Алим аваарай! Алим аваарай! гэж хашгирав. Ядуу эрийн хүүхдүүд үүнийг сонсоод “Алим авч өгөөч?” хэмээн ээжээсээ шалжээ. Ээж хивэгтэй ваараа алимаар сольж авчээ. Ядуу эр гэртээ ирээд ваараа эрсэн чинь алга гэнэ.
– Ваар хаана байна, эхнээр?
– Би ваарыг чинь худалдаачинд өгөөд хүүхдүүддээ алим авчихсан.
– Худалдаачин хаана байна?
– Явчихсан. Ядуу эр уулга алдан гиншээд худалдаачинг олохоор явлаа. “Худалдаачин хаана байна? Худалдаачин хаана байна?” гэтэл хаана ч байсангүй. Яг л газрын гаваар орсон мэт алга. Гэтэл ах дүү хоёр баян ахиад л нөгөө тосгонд иржээ. Ядуу эр мөнгөө яасан тухайгаа тэдэнд ярьж өгөв. Ах дүү хоёр түүнд хоёр сум өгөөд,
- Май, энэ хоёр сумыг ав. Нэгийг нь өөртөө, нөгөөг нь амжилтанд зориулаарай гэв. Ядуу эр сумыг авлаа. Тэгээд замаар явж байтал, нөгөө хүрэн үст эмэгтэй өмнөөс нь хүрч ирээд,
- Юу аваад явж байна вэ? гэж асуув.
– Сум.
– Сумаар яах нь вэ?
– Надад хүмүүс өгсөн юм. Нэг сум нь надад, нөгөө сум нь амжилтанд оногдох учиртай.
– Сумаар амжилт олдоггүй юм даа! Үхлийн тухай бодох ч хэрэггүй. Чи миний хэлэхийг сонс. Би амжилт яаж олохыг чамд зааж өгье. Ахиад зуун сум цутга. Тэгээд урт тор сүлжээрэй. Сумнуудаа торонд хүндрүүлэгчийн оронд дүүжлэх юм шүү. Тороо тэнгист есөн өдөр тавиарай. Арав дахь өдөр чи амжилт олох болно гэж тэр эмэгтэй хэлээд алга болов.
Ядуу эр хөлсний ажил хийж жаахан мөнгө олжээ. Мөнгөөрөө тугалга, утас худалдаж авлаа. Тугалгаараа сум цутгаж, утсаараа тор сүлжив гэнэ. Торны хүндрүүлэгчийн оронд сумаа дүүжлээд тэнгисийн эрэг рүү явлаа. Есөн өдөр тороо тавьсан боловч юу ч орсонгүй. Арав дахь өдрийн орой тороо сүүлчийн удаа хаяв. Тороо гаргасан чинь юу байсан гээч. Алтан загас! Ядуу эр загасаа эхнэртээ авчирч өглөө. Эхнэр нь загасныхаа гэдэс дотрыг янзалж байтал, дотроос нь чулуу гарчээ. Чулуу нь яг л нар шиг гялтганана. Ядуу эр чулууг хармагцаа гэдрэг ухрав гэнэ. Чулуунаас хүрэн үст эмэгтэй түүнийг харж байлаа. Тэрбээр амжилт яаж олохыг түүнд зааж өгсөн сөн. Тэгтэл чулуу хүний хэлээр,
- Анд минь, айх хэрэггүй! Амжилт гарт чинь байна. Намайг хаандаа аваачиж өг гэжээ. Ядуу эр чулууг аван хааны өргөөнд очоод,
- Эзэн хаан минь та энэ эрдэнийн чулууг авч хайрла. Би тэнгисийн усанд есөн өдөр тор тавьсан билээ. Арав дахь өдөр нь алтан загас орсон юм. Загасны дотроос энэ чулууг оллоо гэжээ. Хаан чулууг аваад,
- Оронд нь юу авах вэ? гэв.
– Хаан та өөрөө л мэд дээ! гэхэд нь хаан,
- Би чамд есөн өдрийн хугацаа өгье. Чи есөн өдрийн дотор хичнээн хэмжээний газар тойрч явна, түүнийгээ аваарай. Тэгээд тэндээ ноён бол! гэлээ. Ядуу эр хааны хэлснийг ёсчлон гүйцэтгэв. Бүх юм ёсоор болж ядуу эр ноён боллоо. Ах дүү хоёр баян ахиад л ядуу эр яаж байгааг харахаар ирэв. Шинэ ноёны өргөөний хажуугаар гарч явахад нөгөө эр тэднийг цонхоороо хараад зочлохыг хүсэн дуудав. Ядуу эр ноён болсныг мэдээд ах дүү хоёр ихэд гайхжээ. Харин ядуу эр,
- Гайхах юм юу байна вэ? Миний ноён болсон явдал уу? Энэ бол миний амжилт.
– Чи амжилтыг яаж авсан юм бэ? Бидний өгсөн мөнгөөр үү? гэж дүү нь яаран асуухдаа өөрийнх нь зөв болно гэж горьдож байлаа.
– Үгүй ээ. Өөрийнхөө хөдөлмөрөөр олсон юм гэж ноён болсон ядуу эр бардмаар хариулав.

0 Сэтгэгдэл: