Цагаан болжмор (Бельги)

Дээр үед тосгоны цаадах ойд нэгэн болжмор амьдардаг байжээ. Тэр болжмор цав цагаан өнгөтэй агаад зөвхөн сарвуу, хошуу, нүд нь хар байв. Цасан цагаан өнгөтэй болохоор болжморууд түүнтэй ойр дотно байх гэсэнгүй.
– Бор болжморт цагаан анд хэрэггүй! гэж жиргэлдэн түүнийг хөөв. Ийнхүү цагаан болжмор гав ганцаараа амьдардаг байв. Ганцаараа ...байх уйтгартай биз дээ? Цагаан болжмор морьтой анд болохыг хүссэн авч морь сүүлээ шарван,
- Цаашаа тонил! Чи надад ямар хэрэгтэй юм бэ? Цагаан болжмор мууртай нөхөрлөх гэсэнд муур таатай дуугарсан ч нуруугаа хөвчрүүлэхэд, нөгөө болжмор өөрийн эрхгүй холдон нисчээ. Ийм нөхөрлөл аятай юманд хүргэхгүй нь лав.
Нэг удаа цагаан болжмор зам дээр байгаа хөгшин нохойг харжээ. Нохой замын тоосон дундуур сажлах агаад, царай дүр төрх нь гунигтайгаас гунигтай байх аж. Цагаан болжмор түүнийг өрөвдөөд,
- Найз минь, хаашаа явж байна даа? гэв.
– Хандсан зүг рүүгээ л явж байна. Эзэндээ арван жил үнэнч зүтгэсэн авч нэгэнт хөгширсөн болохоор намайг хөөлөө гэж хөгшин нохой гунигтайгаар хэллээ.
– Эзэн чинь хэн байсан юм бэ?
– Кавшероны шар айраг исгэгч Тафаро.
– Мэднээ, мэднэ! Тафаро чинь харамч, тэнэг амьтан. Пингээрээ дүүрэн арвайтай атлаа айл хөршдөө туслах нинжин сэтгэл гэж байдаггүй юм. Тийм амьтнаас салсандаа гашуудах хэрэггүй. Надтай нөхөрлөмөөр байна уу? Хамтдаа байвал амар, хөгжилтэй шүү дээ.
– Чамд баярлалаа, цагаан болжмор минь. Чи сайхан сэтгэлтэй юм гэж нохой хэлэв. Ингээд цагаан болжмор маань шар айраг исгэгч Тафарогийн хөгшин нохойтой нөхөрлөх болжээ.
Нэг удаа халуунаас халуун өдөр болов. Халуунд жигтэйхэн ядарсан хөгшин нохой замын хажууханд хэвтээд унтаж байв гэнэ. Цагаан болжмор түүний дээгүүр нисэн,
- Хаана хэвтэх чинь энэ вэ? Босооч, хажуу тийш болооч! гэж жиргэв. Гэвч нохой тавтайяа хурхирч байв. Хөгширсөн болохоор чих нь яльгүй дүлийрээд болжморын жиргэхийг сонссонгүй. “За яахав, жаахан унтаг дээ. Би хамгаална” гэж цагаан болжмор боджээ. Тэгээд модон дээр суулаа. Тэндээс Кавшерон орох бүх зам сайн харагдахад түүнд айх зүйлгүй мэт санагдана. Тэгтэл зам дээр тоос босож үзэгдэв. Хартал шар айраг исгэгч Тафаро торхтой шар айраг зарахаар Кавшероноос гараад явж байгаа харагдана. Цагаан болжмор сандарч, андаа сэрээхээр яаран ухасхийв. Яаж ч болсонгүй. Хөөрхий хөгшин нохой нойрондоо зөвхөн хөлөө хөдөлгөн, юу ч сонсохгүй ажээ. Тафарогийн тэрэг улам ойртсоор. Цагаан болжмор түүний зүг нисэн очоод,
- Хүүе, хүндэт Тафаро минь! Болгоомжтой жолоодоорой! Замын хажууд эртний анд минь унтаж байгаа юм. Түүнийг бүү дайрчихаарай? гэсэн боловч Тафаро мориныхоо жолоог зориудаар мушгин хөгшин нохойн хөлийг дайруулжээ. Хөгшин нохой гасалсаар бут руу шургав. Шар айраг исгэгч Тафаро бах нь ханаж,
- Оо-хо-хо! Чамайг ингэх хэрэгтэй байсан юм. Харин багадуулчихлаа хэмээн инээж байв. Цагаан болжморын уур нь хүрч цагаан өдөө сөрвийлгөн, хар нүдээ гялалзуулан,
- Байзаарай, Тафаро! Би үүнийг чинь зүгээр өнгөрөөхгүй шүү. Андынхаа төлөө чамд хариуг нь барих л болно. Миний үгийг тогтоож аваарай! хэмээн түүний толгой дээгүүр эргэлдэх зуураа ууртайгаар хэллээ. Чиний энэ дэмий үг юу юм бэ? Битгий шаазгай шиг шахтнаад бай. Би чамайг барьж аваад шаазгай тамладаг шиг ногооны талбайд сүүлээр чинь дүүжилчихнэ шүү. Эндээс зайл! гэж Тафаро зандран, ташуураа тас няс хийлгэх аж.
Цагаан болжмор мод руу нисэж гараад гомдсондоо эгээтэй л уйлчихсангүй. Тэр үед дэргэдүүр нь шаазгай нисэж явснаа болжморыг хараад,
- Юунд царай алдаа вэ? гэв.
– Шар айраг исгэгч Тафаро миний андыг гомдоолоо. Бас намайг шаазгай тамладаг шиг ногооны талбайд сүүлээр минь дүүжилнэ гэж заналхийлж байна гэхэд шаазгай,
– Намайг ногооны талбайд сүүлээр минь дүүжлэх хэрэг үү? Би түүнд үзүүлээд өгнөө. Миний араас нисээрэй. Хурдал хурдал! Цагаан болжмор, шаазгай хоёр шар айраг исгэгчийн араас яаран нислээ. Агшин зуур тэргийг гүйцэв. Шаазгай нисэж очоод шар айраг исгэгчийн малгайг шүүрлээ. Тафаро түүний араас ташуураараа даллан гүйж “Малгайг минь өг” хэмээн хашгирна. Харин шаазгай модноос модонд нисэн бууж, Тафарог даажигнан,
- Алив, миний сүүлнээс барь л даа, бариач! гэж тохуурхана. Шар айраг исгэгчийг шаазгайтай хөөцөлдөх зуур цагаан болжмор торхны таглааг цоо тоншчихжээ. Шар айраг зам дээр асгарав гэнэ. Ядарч уурласан, бас малгайгаа алдсан Тафарог тэрэг рүүгээ буцаж ирэхэд зам дээр шар айраг нь дусал ч үлдэлгүй асгарсан байлаа. Цагаан болжмор морины нуруун дээр суугаад,
- Миний үгийг санаж байна уу? Андыг минь зовоосны төлөө энэ юу ч биш хэмээн жиргэж байв. Уурласан шар айраг исгэгч цагаан болжморыг бяц дэвслэн бахаа хангахыг хүсчээ. Ташуураа далайн байдаг хүчээрээ болжморыг цохилоо. Болжмор бултаж амжсан учир чанга цохиулсан морь галзуурсан хурдаар тэргийг нь авч оджээ. Тэрэгний нэг тал руу Тафаро, нөгөө тал руу торх өнхөрлөө. Тафаро өнхөрч өнхөрч тоосон дунд унав. Цагаан болжмор түүний дээгүүр эргэлдэн нисэж,
- Арай ч багадуулчихлаа. Чангалах хэрэгтэй байсан юм. Шар айраг исгэгч Тафаро минь, миний үгийг тогтоож аваарай! хэмээн жиргэнэ. Ингэж хэлээд тэрбээр анд руугаа нислээ. Хөгшин нохой бутан дунд хөлөө долоон сууна.
– Намайг эндээ хүлээж байгаарай. Би Тафарогоос чиний хариуг бүрэн аваагүй байна гэж цагаан болжмор жиргэн хэлээд нутгийн бүх болжмор үүрээ засдаг Воссэлийн ой руу нислээ. Воссэльд очоод цагаан болжмор,
- Болжморууд аа, анд найз нар аа! Би дүүрэн арвайтай пин оллоо. Байшин эзэнгүй байгаа. Би та бүгдийг дайлна хэмээн жиргэв. Агаарт олон мянган болжмор саарал үүл мэт хөөрч, Кевшерон руу нисэн очоод шар айраг исгэгч Тафарогийн пин дээр буужээ. Цагаан болжмор тэдэнд дээврийн цоорхойг зааж өгөөд өөрөө үүдэн дээр хүлээж суув.
Цагийн дараа шар айраг исгэгч тэргээ арайхийн гүйцэж зогсоогоод, хоосон торхтой буцаж ирлээ. Цагаан болжмор түүнийг тосоод,
- Ээ, хөөрхий Тафаро минь, цаашдаа яаж шуухан амьдрах болж байна вэ? Шар айргаа зарж чадав уу? гэлээ.
– Эндээс тонил, цагаан дээрэмчин!
– Над руу хашгирах хэрэггүй, Тафаро! Тэрний оронд пин рүүгээ шагайвал дээр. Тафаро пин рүү очоод хаалгыг нээтэл фр-р-р!!! Хийх чимээ гарч мянга мянган болжмор саарал үүл шиг хөөрчээ. Пин рүүгээ шагайвал бүх арвай алга болжээ. Харин цагаан болжмор үүдэн дээр суугаад,
- Одоо чи эелдэг болноо. Илүү ухаалаг болно. Миний үгийг тогтоож аваарай, өөдгүй муу Тафаро минь! хэмээн жиргээд, бусад болжморын араас нисэн Воссэльд ирлээ.
– Цагаан анд минь, чи сайн байна гэж олон болжмор жиргэлээ. Тэд:
- Чи хэдийгээр цагаан ч гэсэн сайн анд байна шүү. Нөхрийнхөө хариуг авч, биднийг сайн хооллолоо гэцгээж түүнд талархалтайгаар хандана. Цагаан болжмор Воссэльд төрөл төрөгсөдтэйгээ түр салах ёс гүйцэтгээд хуучин анд руугаа буцаж ирэв. Энэ үеэс хойш Кевшероны хөгшин нохой, хөгжилтэй цагаан болжмор хоёр аз жаргалтай, эв найртай амьдрах болжээ. Тэдний үнэнч үерхлийг ам дамжуулан ярьсаар түүх домогт мөнхлөн үлдээж гэнэ.

0 Сэтгэгдэл: