Отгон хүүхэн

Гурван хүүхэнтэй нэг эмгэн өвгөн хоёр байжээ. Энэ айл аймаг хошуундаа нилээд бийлэгжүү айл байжээ. Азаргаар адуутай, сүргээр үхэртэй, хотондоо хонь ямаатай байсан болохоор ууган хүүхэн нь адуу адуулж, хоёрдугаар хүүхэн нь үхрээ хариулж, отгон хүүхэн нь хонь ямаагаа хариулдаг байжээ. Нэгэн өдөр эмгэн өвгөн хоёр гурван хүүхнийхээ ухааныг шалгахаар хэлэлцэж тогтов. Ингээд ууган хүүхэн нь адуунаасаа харьж ирсэнд ...хүүхнээсээ,
- За хүүхэн минь ядарч зүдрэв үү? Өлсөж ундаасав уу? гэж асуухад хүүхэн нь,
- Ядарч зүдэрч өлсөж ундаассан ч үгүй чухам сайхан байна гэхэд ээж,
- Ингэж сайхан явах чинь хэний буян болчихов доо? гэхэд хүүхэн нь,
- Аав ээжийн буян шүү дээ гэв. Үүнээс өвгөн эмгэн хоёр ууган хүүхнээ ухаан сэргэлэн сайн хүүхэн байна хэмээн шагшин магтацгаажээ. Хоёрдугаар хүүхэн нь үхэртээ яваад харьж ирсэнд аав ээж нь мөн л ууган хүүхэнтэйгээ адил ёсоор цай аягалан суулгаад анхны маягтай асуужээ. Хоёрдугаар хүүхэн нь мөн эгчийнхээ хариулсантай эгээ адилаар,
- Аав ээжийн буянд сайхан амьдарч байна гэж хэлжээ. Аав ээж нь хоёрдугаар хүүхнээ бас цэцэн мэргэн хүүхэн байна даа гэж баярлаад адилхан аргаар отгон хүүхнээ бас шалгажээ. Отгон хүүхэн нь,
- За одоо ч бол аав ээжийн буянаар ашгүй сайхан л амьдарч байна. Хожим чухам ямар болохыг хэн мэдэх буй? гэж тэдний бодсоноос гадуур хариулсанд эмгэн өвгөн хоёр тун ихээр уурлаж,
- Энэ муу хүүхэн яах аргагүй тэнэг хүүхэн байна. Хоёр эгч чинь бас энэ тэрийг бодоогүй байтал чи харин одоо айлд явахыг бодож байдаг. Явах санаатай бол эртхэн тонил! гэж хараан зандарсаар хамгийн муу яндан морио зайдан унуулж, ганцхан аяга хуурсан амуу хийж өгөөд хөөж явуулжээ. За тэгээд хөөрхий хүүхэн аав ээжээсээ салж ядан, алаг нүднийхээ нулимсыг арчиж ядан байсаар арга буюу замаа эрэхээр алсыг зорин аялжээ. Хүүхэн зорилгогүй аян замдаа өлсвөл хуурсан амуунаасаа нэг атгыг үмхэж өлөө дарж явсаар айлд орохдоо үргэлж “Хэрэв энэ миний суух заяатай нутаг мөн бол морь минь намайг орхиж яваг, хэрвээ биш бол морь минь лавтай намайг хүлээж байх биз” гэж бодоод унасан морио айлын гадаа сул тавьдаг гэнэ. Гэтэл зам турш нилээд хэдэн айлаар буусан боловч яндан морь нь мөн угийн газартаа хөдлөлгүй зогсож хүүхнийг хүлээсээр байлаа. Гэнэт нэгэн үдшийн бүрий болох үед уулын энгэрээр явж байтал уулын хажууд нэг жаахан майжиг хар гэр харагдлаа гэнэ. Хүүхэн шууд тэр гэрт очоод унасан морио гадна нь ердийн ёсоор сул тавиад гэрт оржээ. Гэрийн хоймор нэгэн настай эмгэн хоёр нүдээ таг аньж орондоо хэвтэж байх бөгөөд гэр доторх өчүүхэн эд бараа нь эрүй хуруйгүй болж хог тоосонд дарагдаж байв. Хүүхэн үүд сөхөн ороход настай эмгэн,
- Ээ, хүүхэд минь өнөөдөр яагаад өдий оройтчихов? гэж санаа алдан, халуурч хатсан сөөнгө хоолойгоор чичрэн дуугарч өвдөж өлсөхийн туйлд тулсан байдалтай хоёр үгийг шивнэхийг сонсоод туйлаас өр өвдөн, ухасхийн гарч түлээ авчирч зууханд нь гал өрдөж ус буцалгаад настай эмгэнд аягалсанд харин,
- За өнөөдөр юу олж авч ирэв дээ? Аль нэг юм үмхье гол харлаад тэсэхгүй байна гэх юм. Хүүхэн аргаа барж нааш цааш хэд харсанд эрэгнэг дээр нь хоёр эмтэрхий аяга нөхөөс халгаастай хэдэн муу хоосон царнаас өөр юу ч үгүй байв. Сандарч өөрийн даалингаа тэмтэрсэнд эхийнх нь савлаж өгсөн хуурсан амуугаас хэдэн үмх тулмын ёроолд үлдсэн байв. Хүүхэн хуурсан амуугаа буцалсан усанд дэвтээж өлсөж харласан эмгэнийг өндийлгөн түшиж хэд оочуулсанд эмгэн,
- Ёох. Одоо нэг жаахан дотор онгойлоо гэж амандаа бувтнав. Шөнийн харанхуйд үүд нээгдэн нэгэн хүн орж ирэв. Настан хэн болчихов гэсэн шиг үүд рүү нүдээ нээвэл харин идэш эвлүүлэхээр явсан цорын ганц хүү нь байв. Үүнд настан их л гайхаж өөрийг нь түшиж байгаа хүнийг эргэж харвал дун цагаан шүдтэй, торомгор хар нүдтэй, алиман улаан хацартай гоо үзэсгэлэнтэй, үл таних нэгэн эелдэг хөөрхөн бүсгүй үзэгджээ. Энэ үед настай эмгэн ухаж мэдээд хөнхийж ширгэсэн хоёр нүднээсээ буурцагийн чинээ нулимс дусалган,
- Ай хөөрхий хаанаас ирсэн хэн гэгчийн ийм сайн хүүхэн буй? гэж уяран талархан хэлэхийн сацуу хүүдээ хүүхэн түүний хэрхэн харгалзсаныг ярьсанд хүү нь хэлэх үгээ олохгүй нулимс унагав. Энэ үдэш бүсгүй үлдсэн жаахан амуугаа бүгдийг нь гөвж гурвуулаа өл залган энэ тэрийг ярилцан хоножээ. Хүүхэн өглөө эрт гэгч босч яндан хээрээ үзсэнд хэдийн бараа сураггүй арилсан байв. За тэгээд хүүхэн заяасан газар минь энэ байна даа гээд учирсан энэ залуутайгаа ураг барилдан эв найртай амьдран эхийгээ асран, үгүйгээ олж, олсоноо арвижуулан дэмий хэдэн жил болоод талаар бэлчих таван хошуу малтай, идэж өмсөхөөр элбэг дэлбэг нэгэн хангалуун айл болжээ. Бас бондгор цагаан хүүтэй болжээ. Ингэж байсаар бэр нь нэг өдөр хадам эхдээ болон эр нөхөртөө хэлж, төрсөн эцэг эхээ эргэхээр явахаар завдаад тарган хонин шүүс, таатай сайхан хоргой торгыг өдий төдий ачаад эр эм хоёулаа морджээ. Хүүхэн бага үеийнхээ хуучин нутагт ирсэнд гэр тэрэг нь бараа сураггүй мөртөө хичнээн өдөр хүн малын ул мөргүй элий зэлий болж эзгүйрчээ. Ингээд ойр орчмын айл аймгаас асууж сурагласанд хүмүүс санаа алдан,
- Ай даа юу гэж хэлэх вэ дээ? Чамайг хөөж явуулснаас хойш аав ээж эгч нар чинь өдөр турш ажил явдал гэхгүй бэлнээ идэж бүтнээ өмсөж, наадан цэнгэсээр байгаад хоёр жил болоход хот нь хоосорч, өрх нь цооров. Тэгээд хоёр эгч чинь аав ээжийн буян баржээ гээд харьд мордоод хоёр настаныг эргэж тойрох хүн ч үгүй болж, аав ээж чинь насандаа дарагдаж, ажил явдал хийж дийлэхгүй тул хоосон таарцгаа үүрч хадуур модоо тулан бадарлаж явсан. Тэгээд сураг чимээ тасарсан гэж ярьцгааж байлаа. Үүнийг сонсоод хүүхэн хүргэн хоёр эрэх газраа ч олохгүй тул зам турш сураг тавин явсаар буцаж харьжээ. Гэнэт нэгэн өдөр аав ээж хоёр нь өлсгөлөн нүцгэнээр будаа гуйж явсаар отгон хүүхнийдээ хүрээд иржээ. Хүүхэн нь бадарлан ирсэн ээж аавдаа өвдөг нугалан мөргөж хүний ёсоор зочлон гурван өдөр найр хийжээ. Ингээд эр эм хоёр хоёулаа гурван настанаа алаглалгүй асран тэжээж ажтай сайхан амьдарч айл аймагтаа магтагдан амар сайхандаа жаргажээ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: