Илбийн морь

Эрт урьд цагт нэг сүрхий хэрцгий ноён байж гэнэ. Тэр ноёны албат нэг илбэчин хүү байжээ. Ноён нэг өдөр илбэчин хүүг ордондоо дуудууд,
- Чи их илбэтэй шидтэй хүү гэнэ билээ. Надад илбэ үзүүл гэж зарлиг буулгаж гэнэ. Хүү,
- Би яаж таньд илбэ үзүүлж чадах вэ? Та харин миний морийг унаж үз гэжээ. Ноён ууж байсан цайгаа ширээн дээрээ тавьчихаад гараад харсан чинь уяан дээр нь нэг их сайхан хар морь дүүхэлзэж байжээ. Ноён, “Энэ муу гуйлагчин хүү ийм сайхан морь унаж явах” гэж бодоод мордоод явсан чинь усан тэлмэн жороо морины ам ердөө дийлдэхгүй авч давхисаар байгаад эзгүй газар ганцхан булгиж хаячихаад явчихжээ. ... Явгарч хоцорсон ноён ийшээ тийшээ бараа туруу харж гайхаш тасарч явсан чинь нэг муу хар гэр харагдаж гэнэ. Явсаар хүрч очвол хар гэрт нэг авгай байж гэнэ. Ноёнд суух газар ч олдсонгүй. Адсага, хөмний тасархай дээр цомцойн суужээ. Тэр шөнөдөө тэндээ сууж хонож гэнэ. Ноён буцах зам олох санаатай өглөө гардаг. Авгай хэдэн ямаагаа туугаад бас гардаг байжээ. Ноён хичнээн ч явсан нөгөө хар гэртээ эргэж ирээд байжээ. Хоёр гурван жил болоход ноён аргагүйн эрхэнд нөгөө ядуу авгайтай эр эм бололцоод нэг хүүхэдтэй болжээ. Нэг өдөр ноён хэдэн ямаагаа хариулж яваад хүүхэд нь худагт унаад хойноос нь эх нь авах гээд бас унаж үхсэн байжээ. Ноён үүнийг үзээд уйлан гашуудаж “Ноён байж хичнээн их жаргаж явлаа. Гайтай морь унаж хичнээн их зовлоо. Зовох цагт учирсан ханиа бас алдлаа одоо амьд яваад яах вэ? би ч гэсэн энэ худагт унаж үхье” гээд худаг руу ухасхийж гэнэ. Тэгтэл,
-Яаж байгаа нь энэ вэ? та гээд хатан гараас нь бариад авчээ. Тэгсэн нь ноён хатныхаа хормойг сөхчихсөн “Энэд унаж үхье” гээд зүтгэж байжээ. Ноён “ёох” намайг яасан удаан зовоов гээд тавьсан цайгаа аваад уусан нь халуун байжээ. Гэрт байсан хүмүүс ноёныг шоолон инээлдэж, ноён уурлаж, хатан ичэж гэнэ. Ноёныг уурлаж загнахад хүү,
-Таны албат иргэд бид чинь тэр авгай шиг л амьдардаг юм шүү дээ гэж гэнэ. Үүнээс хойш ноён албат иргэддээ ихэд энэрэнгүй ханддаг болсон гэнэ лээ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: