Муу санаа эзнээ отно

Эрт урьд цагт хоёр шавьтай, их номтой нэгэн хүн байжээ. Бага шавь нь арван гуравтай, эгэл ядуу айлын хүүхэд гэнэ. Их шавь нь нэлээд баян айлын хүүхэд байжээ. Шавь дүүгээсээ хоёр ах юм гэнэ. Бага шавь нь бичиг номдоо их чармайлттай гэнэ. Багш нь хоёр шавиа адилхан хайрлан хүмүүжүүлдэг байжээ. Тэрээр нэгэн өдөр хүрээ хотод эрдэмтдийг шалгах тунхаг гарсныг сонсоод хоёр шавиа явуулахаар болжээ. Хоёр шавиа явуулахдаа багш нь хэлж,
- Их шавь өвтэй айлын хүүхэд тул морь уналгүй дээ. Бага шавь шавь ахынхаа араар сундлаад яв. ... Хэдийгээр нэг нь унаатай нэг нь унаагүй боловч та хоёулаа миний шавь тул сундлаад яв гэж дахин дахин сургаад өлзийт өдрийг сонгож алс замд мордуулжээ. Замд их шавь нь шавь дүүгээ морин дээрээ огт сундалсангүй мөртөө дотроо хар санаа тээж “Би ингэж зовж зүдэж хотод очоод шалгагдахгүй бол яах билээ. Энэ харин шалгагдаад миний нүүрийг барах мөртөө ноён суучихаж мэднэ. Ингэхийн оронд би үүнийг замд богшоож үхүүлье” гэж бодоод морио ташуурдан бага шавийг хурдан гүй! гэв. Бага шавь нь их шавийгаа ах гэж хүндэлдэг тул элдэв үг хэлэлгүй үгийг нь дагажээ. Ингэж явсаар хэдэн өдөр болсон ч бага шавьд ядарсан шинжгүй тул өөр мэх бодож олоод,
– Сайн санаа сайн уу? Муу санаа сайн уу? гэж шавь дүүгээсээ асуужээ. Шавь дүү нь,
- Сайн санаа байлгүй яахав гэж хариулав. Их шавь нь юу ч дуугарсангүй хоногийн газар хүрээд хэлжээ,
- Би урьдаар явж буудал ольё. Чи энд хүлээж бай гээд явжээ. Их шавь нь буудлын газар хүрч нэгэн хүнд нэг енбүү өгөөд хэлжээ,
– Би нэг хүнтэй сайн санаа, муу санааны аль нь сайн болохыг зам турш маргалдлаа. Удахгүй бид хоёр маргалдаад энд хүрч ирвэл та муу санаа сайн гэж хэлэх болов уу? гэж гуйжээ. Тэгээд их шавь нь дүүгийнхээ дэргэд ирээд,
- Сайн муу санааны чухам аль нь сайн болохыг хоёулаа хүнээр хэлүүлж мэдье гээд шавь дүүгээ дагуулаад сайхь дэргэд дэргэд хүрч асуужээ. Нэгэнтээ хүний мөнгийг авчихсан хүн тул бөхөс гэж очоод хэлжээ,
- Муу санаа ч бас сайн санаа болдог гэж хэлэхэд бага шавь нь маргалдаад тусгүйг мэдээд шавь ахынхаа аяыг дагаж цаашдын замаа хөөжээ. Тэд явсаар явсаар нэгэн гангын дэргэд хүрэв. Их шавь нь “одоо үүнийг үгүй хийх цаг боллоо” гэж бодоод ташуураараа шавь дүүгийнхээ хоёр нүдийг нь гуядаж сохлоод цааш явжээ. Бага шавь нь нүдээ сохлуулсан тул арга буюу тэмтчин мөлхөж явав. Мөлхсөөр байгаад гүн гангад орчихжээ. Тэгж байтал агаараар нисэх алтан гургалдайн эгшиглэх дуун сонсдов гэнэ. Чих тавин чагнавал нэг нь,
- Энэ ганганд нэгэн сохор хүн уначихсан юм байна. Үүний хөл доорхи модны навч нь хараа оруулах чадалтай шүү! гэхэд нөгөө нь залгаад хэлжээ,
– Энэ хүн лав баяжина. Тэр дэргэд нь байх модон дээр нэг уурхай мөнгө буй гэж хэлэлцэх нь сонсогджээ. Тэгээд бага шавь гургалдайн үгээр хөлийнхөө доороос модны навч авч нүдээ арчихад үнэхээр тэр дороо хардаг болов гэнэ. Дахиад өнөөх модны доогуур малтахад үнэхээр алт мөнгийн уурхай байж гэнэ. Тэгээд бага шавь нь овоо мөнгөтэй болж авгай авч айл гэрээ байгуулаад амар жаргаж суужээ.
Харин сайхи их шавь нь хотод ойртох үед нэг бүлэг дээрэмчинтэй тааралдаад бага сага юмаа бүгдийг тонуулаад шалгуулах ч аргагүй болж үмх будаа гуйж бадарчлан буцав. Яван явсаар шавь дүүгийндээ иржээ. Тэгээд хоёулаа золголдон их шавь нь асуужээ,
- Би чиний нүдийг сохолчихсон байтал чи яагаад нүдтэй болж ийм сайхан айл гэр болов? гэхэд худал хэлж чаддаггүй бага шавь нь тоочин хэлж өгчээ. Муу санаатай их шавь нь баяжиж айл гэр болох ховдог шунал нь хөдөлж нүдээ сохолж ганганд ороод хичнээн хүлээсэн боловч алтан гургалдайн дуу огт гарсангүй гэнэ. Модны навч аваад нүдээ зүлгэсэн боловч хараа орсонгүй гэнээ. Үүнээс хойш 'Муу санаа эзнээ отно' гэдэг үг гарчээ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: