Иван баатрын тухай үлгэр(Орос) - Эхний хэсэг

Эртээ урьд цагт энхжин тогтсон нэгэн улсад өвгөн эмгэн хоёр амьдран суудаг байжээ. Хүүхэдгүй юмсанжээ. Өвгөн эмгэн хоёр хүүхдийн хүсэл болж уйтгарлан хичнээн зовсон ч хүүхэд гардаггүй ажээ. Эмгэн нэг удаа гүн ойн дундах дөлгөөн нууранд байдаг алтан хайрст загасыг идвэл хүүтэй болно гэж зүүдэлжээ. Эмгэн сэрээд өвгөнөө яаруулан,
- Тийм нэгэн газар орших тэр нуурыг олж очоод алтан хайрст загасыг бариад ирээч! Загасны шинэ шөл уумаар байна! гэжээ.... Өвгөн юмаа төхөөрч тороо аваад замд хөдөлжээ. Харанхуй их ойд эрсээр яваад нуурыг олж гэнэ. Тороо анх удаа шидтэл хоосон гарч иржээ. Хоёр дахь удаагаа хаяхад нь бас хоосон гэнэ. Гурав дахь удаагаа хаятал алтан хайрст загас баригджээ. Өвгөн тороо эвхэж, олзоо аваад харьжээ,
- За сайхан шөл хий гэж өвгөнийг хэлэхэд эмгэн амттай сайхан шөл хийж хоёюул ууцгаав. Ёстой дээд уруулд хүргэшгүй дэргэдэх хүнд өгөшгүй амттай шөл байна! гэлцжээ.
Удалгүй Иван гэдэг хүүтэй болжээ. Өвгөн өглөөнөөс үдэш болтол тариан талбайдаа ажиллаж, эмгэн гэрээ сахиж хүүгээ асрана. Хүү нь өдрөөр биш цагаар өсөж, энэ бие нь сунаж эр чадал суужээ. Гурван настайдаа айл хөршийн хүүхдүүдтэй тоглодог болов. Харин айл хөршийнхөн нь,
- Хүүгээ гадаа бүү тоглуулаач! Тоглохдоо тооноос хэтэрч, эрхлэхдээ эрхээсээ даварч хүүхдийн гараас нь барихлаараа гарыг нь, хөлөөс нь барихлаараа хөлийг нь хугалаад байх юм. Хүүхдүүд гэмтэж эрэмдэг зэрэмдэг болох нь байна! гэж гомдол хэлцгээх боллоо. Эмгэн өвгөн хоёр санаа нь зовж «Энэ хүүхдийг яах вэ?» гэж бодол болцгоов. Өвгөн,
- Би тариан талбай руу дагуулаад явж байя. Тэнд тоглож байг гэв. Дараа өдөр нь өвгөн газар хагалахдаа хүүгээ дагуулаад явжээ. Өвгөн анжсаа автал хүү нь,
- Би газар хагалъя! гэж гуйв, - Юу гэсэн үг вэ, хүү минь. Чи бага балчир байна! Том болоод ханатлаа хагалаарай! Одоо зүгээр л тогло, гүйж харай, харин хол битгий яваарай гэхэд хүү нь салахгүй гуйгаад байв. - Би газар хагалж үзье! - За за, үз гэхэд хүү анжсаа дартал газар гүнзгий шигдээд морь татаж дийлэхгүй байв,
- Хүү минь, чи их гүнзгий шигтгээд байна! Морь татаж дийлэхгүй анжсаа эвдэнэ гэж эцэг нь сургамжлав, Иван анжсаа өргөж моринд хөнгөлөн түлхэж өгөхөд анжис сайн хагалж эхлэв. Өвгөний нэг өдөр барахгүй их газрыг Иван үдийн зуур хагалжээ. - Хүү минь, зогс, морио амраая! Морь хөөсөртлөө хөлөрч усан хулгана боллоо гэж байж өвгөн хүүгээ болиулжээ. Тэгээд морио нугад бэлчээж өөрсдөө цай ундаа уув. Ундаа уучихаад өвгөн,
- Хүү минь, морио бариад ир. Хоёулаа ажилдаа гаръя гэв. Хүү нуга руу очтол морь нь алга. Ийш тийш харваас бутны цаана нэг чоно суугаад ам хамраа долоож байв. Мориноос арьс яс хоёр үлджээ. Чоно Иваныг хараад түүн рүү дайрав,
- Морийг чинь идсэн одоо чамайг иднэ дээ!
- Бардах цаг болоогүй байна!
Ингэж хэлээд Иван чонын хөлөөс шүүрч аван хүчтэйгээр газар савахад чимхийн чинээ чийг үлдэв. Газар доргиж аянга буусан мэт их дуу чимээ гарав. Эргэж ирээд эцэгтээ,
- Морийг минь чоно идчихжээ гэхэд,
- Ээ, ямар гай вэ! Чонын нүдэнд өртөөгүй чинь сайн байна. Бид хоёрыг идчихнэ шүү, бушуухан явъя! гэж өвгөн хэлэв.
Тэр цагаас хойш олон жил өнгөрч Иван насанд хүрэв. Иван үлгэрт хэлшгүй үзгээр бичишгүй ханхар сайхан эр болжээ.
Тэр үед хааны гурван охин алга болжээ. Хорт Ясан хэдрэгийн Тохойн чинээ сахалт, Хумсын чинээ биет гэдэг хочтой зээ хүү нь тэр гурвыг хулгайлсан юм гэнээ. Уулыг урвуулж усыг зогсоох нь холгүй эрсэн боловч олдсонгүй гэнэ. Тайж ноёд эрэлд яваад хэн нь ч эргэж ирдэггүй алга болдог байжээ. Хаан хот тосгон, хошуу бүрд "Охидыг олж чадсан азтай эрд амьд ахуйдаа хаант улсынхаа хагасыг өгч гурван гүнжийн аль нэгтэй нь суулгана" гэсэн зар тараав. Иван аав ээж хоёроосоо,
- Хааны охидын эрэлд явах ивээл ерөөлөө хайрлаач! гэж гуйж гэнэ. Эцэг эх хоёр нь,
- Мэдэхгуй газар хаашаагаа чи явах нь вэ? Алс замд амь насаа ч алдаж мэднэ! Хүний газар тэнэж явахаар нутаг уснаасаа гэрлэж орон гэрээ толгойлбол дээр биш үү! гэж аргадав. Харин хүү нь санаснаараа зүтгэж,
- Өнгөт орчлонг үзьө, өөрийн чадлыг соръё. Хүний газар гээд миний ухаан хорогдохгүй гэж гуйна. Ингээд алс замд төхөөрөв. Эхлээд дарханд очиж,
- Гурван зуун жин төмөр шийдэм давтаж өгөөч. Хүгарч нугарахгүй, хотойж хавтайхгүй болтол нь давтаад өгөөч гэжээ.
- Давтах ч яахав, давтах л биз. Харин гурван зуун жингийн төмрийг бид яаж өргөх вэ?
- За, та нар төмрийг нь ширгээчих өргөхийг нь би өргөж эргүүлж тойруулж өгье!
Ингээд шийдэм хийж эхэлжээ. Хоёр өдөр өдөржин давтав. Иван төмрийг эргүүлж тойруулж, зуух руу зөөж өгнө. Гурав дахь өдрөө шийдэм бэлэн болов.
- За туршаад үз. Болох нь үү, үгүй юу? Иван шийдмийг өвдөглөн таттал нахийгаад ирэв.
- Энэ шийдэм биш байна! Өөрийг давтаж өгөөч!
Гурван өдрийн дараа сайн ширээсэн өөр шийдэм давтан хийв. Тахийлгах гэтэл тахийсангүй, харин чулуун дээр цохивол хуга үсрэв.
- Энэ ч бас тохирохгүй нь!
- Гурав дахь шийдэм хийв. Тахийсан ч үгүй, чулуун дээр цохиход хугарсан ч үгүй. Иван шийдмээ дээш шидвэл нүдэнд харагдахгүй алга болоод гурван цагийн дараа исгэрэн шуугин эргэж унав. Чулуун дээр унаж тэр чулуу нь хоёр алд гүнзгий газарт шигдэв гэнэ. Надад яг тохирсон шийдэм давтаж өглөө, гялайлаа! гэж Иван талархав.
Маргааш нь Иван өглөө эртлэн босож аав ээж хоёртоо үнсүүлээд алсын замд гарчээ.
- Санаа сэтгэлээ зовоогоод хэрэггүй, аав ээж хоёр минь! Гүнж нарыг олоод та нартаа эргэн ирнээ гэж хэлээд гурван бялуу өвөртлөн шийдмээ бариад явжээ. Ээж аав хоёр нь хүүгээ тосгоныхоо зах хүртэл даган үдэв. Өглөөнөөс орой болтол ургахын улаан нарнаас жаргахын шар нартай уралдан явав. Ан амьтан үзэгдэхгүй, жигүүртэн шувуу ч жиргэхгүй, хэнтэй ч юутай ч дайралдсангүй. Дараа өдөр нь нэг хүнтэй дайралдав. Тэр эр хоёр гартаа нэг нэг царс бариад нэгийг нь нөгөөгөөр нь цохиж байх юм гэнэ.
- Амар сайн уу, Царс баатар минь!
- Би ямар баатар байх вэ! Энэ хорвоод Иван гэдэг нэг баатар байдаг гэнэ лээ. Иван гуравтайдаа хөх чоныг алсан юм гэдэг. Газар дэлхий доргиж байсан гэнэ билээ. Тэр эр ёстой баатар! Үгүй энэ чинь, чи Иван баатар биш биз?
- Миний нэр Иван. Хөх чоныг би алсан нь үнэн. Харин одоо болтол хэнтэй ч хүч чадлаа үзэлцээгүй билээ. Царс баатар,
- Намайг аваад яваач! гэж гуйжээ. Иван ч,
- Тэгье, хамт явъя гэв.
Өндөр уулыг өвөрлөн намхан газрыг нарлан явсаар Иван, Царс баатар хоёул хоёр том ууланд тулаад иржээ. Хоёр уулын хооронд нэг эр зогсчихсон хоёр уулыг харшилдуулж байна гэнэ. Их цуурай гарч байх юм гэнэ.
- Уул баатар минь, амар сайн уу?
- Би баатар гэж үү! Оросод Иван гэдэг баатар байдаг гэж сонссон. Хүүхэд байхдаа хөх чоныг нүцгэн гараараа алсан гэдэг. Газар доргиж уулс нурсан гэдэг. Тэр л ёстой баатар гэхэд Царс баатар Иваныг заан,
- Хөх чоныг алсан баатар энэ байна гэхэд Уул баатар ёслоод,
- Иван баатар, намайг аваад яваач! гэж гуйв.
- Тэгье, хамт явъя.
Ингээд гурвуул болов. Өглөөнөөс орой болтол ургахын улаан нарнаас жаргахын шар нартай уралдан явцгаав. Ан амьтан, жигүүртэн шувуу юу ч дайралдсангүй. Дараа өдөр нь гурвуул нэгэн өргөн гол дээр ирцгээв. Эрэг дээр нэг эр хэвтээд сахал дээгүүрээ хүмүүсийг гол гатлуулж байх юм гэнэ.
- Сахал баатар, амар байна уу?
- Амар байна аа, амар байна уу? Эрчүүд минь! Та нар намайг баатар гэнэ. Оросод Иван гэдэг жинхэнэ баатар байдаг гэнэ билээ. Тэр баатар балчир хүүхэд байхдаа хөх чоныг алсан гэдэг. Газар дэлхий доргиж, ус эргээсээ халин хичнээн газраар үер болов доо! Тэр Иван л ёстой баатар гэхэд Царс баатар Уул баатар хоёр Иваныг заан:
- Иван баатар энэ байна гэхэд Сахал баатар,
- Ах дүү нар минь, намайг аваад яваач дээ! гэжээ.
- Тэгье, хамт явъя.
Ингээд дөрвүүлээ цааш явжээ. Үлгэрт хэлэхэд амархан ч үйлс бүтэх нь хэцүү, эрэлхэг сайн эрчүүд эцэж цуцахгүй явсан гэдэг... (Үргэлжлэл)

2 Сэтгэгдэл:

  1. Unknown Says:

    urgeljlel n haana bnaaa

  2. Unknown Says:

    Urgeljleliig oruullaa.