Тариачин бурханыг залилсан нь(Албани)

Ндүэ гэдэг тариачин өндөр уулын оройд амьдардаг байжээ. Хавар болоход Ндүэ өөрийн тахиа, шар хоёроо худалдахаар хот руу явжээ. Хотод очиход голын олмоор гардаг бөгөөд энэ гол борооо ховортойд ус багатай, хэрэв бороо ихтэй бол үерлэж олмоор гарах байтугай сэлээд гарахад хэцүү болдог ажгуу. Тариачиныг хот руу явахад их бороо орж байв. Голын эрэгт ирэхэд нь аль хэдийн үерлэсэн ус нь хөөсрөн шуугиж байх нь сүртэй. Тахиа, шар хоёроо заавал худалдах хэрэгтэй учраас Ндүэ буцахыг бодсонгүй. ...Тэгээд бурханд мөргөвөл ус татарч магад гэж бодоод өвдөг сөгдөн мөргөж, хүслээ олонтоо шивнэсэн боловч ус татарсангүй. Гэнэт Ндүэ бурхан гэрэлд дуртайг санаж,
- Бурхан багш минь үерийг намдааж олмоор гарахад минь туслаач? Би хотод шар, тахиа хоёроо зараад, шараа худалдсан мөнгөөр бүдүүнээс бүдүүн лаа авч танд барья. Тахиагаа худалдаад авах мөнгө маань надад болно гэж дахин мөргөжээ. Энэ мөргөлийн үг бурханд таалагдсан бололтой. Тахиа зөвхөн гурван мөнгөний үнэтэй байхад, шар зургаан зуун мөнгөн зоосны үнэтэй шүү дээ. Мөргөлийн дараа удсан ч үгүй голын ус татарч давалгаа намдахад, Ндүэ олмоор гол гатлан хот орж, зах дээр ирээд,
- Сайн санаат хүмүүсээ! Шар гурван мөнгөөр, тахиа зургаан зуун мөнгөөр худалдана. Авцгаагаарай! гэж хашгирахад хүмүүс гайхацгааж,
- Чи лав тоглож байгаа биз? гэж асуухад Ндүэ,
- Үгүй үгүй. Би тоглоогүй. Шараа гурван мөнгөөр, тахиагаа зургаан зуун мөнгөөр худалдана гэж хариулжээ. Ямар хүн шарыг гурван мөнгөөр авахаас татгалзах билээ дээ. Удалгүй хүмүүс гүйлдэн ирж,
- Шарыг чинь гурван мөнгөөр авья гэж бие биенээсээ өрсөн хашгиралдав. Тэгэхэд Ндүэ,
- Байзаарай нөхөд минь, миний шар, тахиа хоёр хамт өсөж, үргэлж хамт байсан юм. Хамтад нь худалдана гэхэд хүмүүс уурлацгаан тал тал тийшээ таржээ. Гэтэл нэг ухаантай хүн “Яагаад тахиаг авч болдоггүй юм? Хүмүүс шарыг долоон зуун мөнгөн зоосоор гуйгаад авна. Тэгэхэд би шарыг тахиатай хамт зургаан зуун гурван мөнгөөр авах нь байна” гэж бодоод шар, тахиа хоёрыг худалдан авч гэнэ. Ндүэ худалдаа хийсэндээ баярлаж гэртээ буцлаа. Дараа өдөр нь Ндүэ сүмд очиж гурван мөнгөөр лаа авч бурханы өмнө тавиад сөгдөн,
- Бурхан багш минь, би амласнаа биелүүлэхээр ирээд байна. Шараа худалдаж олсон мөнгөөрөө лаа авч танд барилаа гэж мөргөжээ. Ингэж Ндүэ тариачин бурханыг залилсан гэдэг.

0 Сэтгэгдэл: