Тоть гургуулыг хуурсан нь(Австрали)

Эрт цагт гургуулын цээжин хэсэг нь маш гоёмсог улаан өдтэй, биеийн бусад хэсэг нь сайхан ногоон өдтэй байсан гэдэг. Тоть түүний хурц улаан өнгөтэй өдөнд нь тун их дурладаг байв. Тоть өөрөө хэн ч үл анзаарах хүрэн өнгийн өдтэй байжээ. Тэгээд нэг удаа гургуултай уулзаад,...
- Чи ч мөн тэнэг юм даа. Наад улаан цээжээ нууж яваач! гэж их л санаа нь зовсон маяг гаргахад, гургуул,
- Яалаа гэж би улаан цээжээ нуух билээ? Бүгд л улаан өнгөнд дуртай шүү дээ гэв.
– Өө, хөөрхий тэнэгхэн минь, яана даа чамайг. Биднийг бурхан Тане л лав энэ улаан өнгийн өднөөс өөр сайхан бэлэг өгч чадах байсан даа. Бидний эх газар дэлхий ч гэсэн хүрэн өнгөтэй шүү дээ. Тийм болохоор намайг өт хорхойнууд газрын өнгөнөөс ялгаж харж чаддаггүй юм.
– Гэхдээ Тане өөрөө газар эхийг ногоон өнгөөр хучсан шүү дээ. Оройн нар жаргах үед тэнгэрийн хаяа улаан өнгөтэй болдог. Тане өөрөө улаан, ногоон өнгөнд дуртай биз дээ?
– Үүнд чинь гайхах юу байгаа юм бэ. Хэрвээ Тане чамайг хайрласан бол энэ утгагүй улаан өнгийн өмсгөлийг өгөхгүй л байсан даа. Гургуул өөрийн улаан цээжийг ичингүйрэн хараад, түүнийгээ далавчаараа халхалахыг оролдов.
– Би тэгээд энэ улаан өднөөсөө яаж салах билээ?
– Ганцхан л арга байна. Чи энэ улаан өднүүдээ надад өгчих? Би түүнийг чинь өөрийнхөө далавчин доор хэн ч олж харахааргүй нуучихъя гэж тоть хэлэв. Гургуул улаан өднүүдээ авч тотинд өгөв. Тоть өднүүдийг авч бэхлээд, далавчаа дэлгэн баяртайгаар хашгирч гэнэ. Шингэх нарны туяанд улааран гэрэлтэх тотины ямар гоё болсныг хараад гургуул сая л түүнд ямар муухай хууртсанаа мэдэв. Ингээд гургуул өөрийн өднүүдээ буцаан авах гэж тотийг аргадан гуйж өдий хүрчээ. Гэвч тэр буцаан өгөх нь битгий хэл гургуулаас зугтсаар яваад өөрийн болгосон түүхтэй гэдэг шүү.

0 Сэтгэгдэл: