Сэргэлэн таван хөвгүүн

Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр таван хүүхэдтэй байжээ. Өвгөн нэг өдөр ууланд явж байсан чинь уулын бэлд баахан үхэр хад байжээ. Хөгшин тэр үхэр хадны зарим дээр зогсож, зарим дээр нь харайж гарч яваад нэг том үхэр хад дамжин үсэртэл тэр хад нь хөдөлж босоод хөгшнийг бариад авчээ. Харсан чинь нэг чихээрээ хучиж нэг чихээ ...дэвсэж хэвтсэн мангас эмгэн байжээ. Мангас эмгэн хөгшнийг барьж аваад идэх гэжээ.
Тэгэхээр нь хөгшин, за чи намайг битгий ид миний таван хөвгүүн бий, би түүнийгээ явуулъя. Чи тэднийг барьж ид. Би одоо хариад уулнаас чулуу зөөж ир гээд нааш нь явуулъя. Худал хэлбэл чи миний гэрт очоод намайг ч ид, миний таван хөвгүүнийг эмгэнтэй нь цөмийг нь ид гэж хэлж гэнэ. Мангас эмгэн за яахав болох л юм. Харин таван хүү гэдэг чинь зөөлөн л хоол гэж хэлээд тавьжээ.
Хөгшин гэртээ их баяр хөөр болж, би арай чүү амьд мэнд ирлээ гэсэн шиг, таван хүүгээ дуудаж тавуулаа одоо уулнаас очиж сайхан тэгш дөрвөлжин цагаан чулуу олж ир гээд явуулжээ. Таван хүү ууланд гарч хадан дотор чулуу хайж явтал мангас эмгэн барьж аваад гэртээ авч харьж гэнэ. Тэгээд мангас эмгэн бөөсөө хуурч өгөхөд дөрвөн хүүхэд нь худлаа идсэн дүр үзүүлээд ар тийшээгээ цацаад байжээ.
Хамгийн бага хүү нь мангас эмгэний хажууд суучихаад ээжээ! Дахиад надад гэсээр л идээд байжээ. Хоол унд идэж уусан болоод унтах болсонд, мангас эмгэн:
- За хүүхдүүдээ та нар хаагуур яаж унтдаг билээ гэж асуужээ. Хамгийн том хүү:
- Би өрх дээр өндийн унтдаг гэж гэнэ. Хоёр дахь хүүхэд,
- Би тотгон дээр тонгойж унтдаг билээ гэхэд гурав дахь хүү
- Би завагт зарзайж унтдаг гэж гэнэ. Дөрөвдүгээр хүү
- Би ширдэг дээр ширийж унтдаг гэж гэнэ. Тавдугаар хүү нь:
- Би ээжийнхээ өвөрт унтдаг гэж гэнэ. Тэгээд тус бүрийнхээ унтдаг газартаа унтацгаа гэж хэлээд мангас бага хүүг өвөртөлж унтжээ. Удалгүй мангас эмгэн юм идээд шалир шалир гэсэн чимээ гарч гэнэ. Өрх дээр өндийж унтдаг хүү:
- Ээжээ та юу идэж байгаа юм бэ? гэж асууж гэнэ. Мангас эмгэн:
- Өө миний дотор хорсдог хуучтай, тэгээд нэг жаахан шар тос байсныг идэж байна гэжээ. Шөнө дунд болж байтал мангас эмгэн унтаад хурхирч эхэлжээ. Өрх дээр өндийдөг хүү гэрт орж ирээд ширдэг дээр ширийж унтдаг хүүхдийг сэрүүлж, чи гэр лүүгээ очоод аавын төмрийн хар хайч аваад ир гэж явуулжээ. Энэ хүү маш хурдан хөлтэй болохоор удалгүй хайч аваад иржээ. Завагт зарзайж унтдаг хүү, тотгон дээр тонгойж унтдаг хүү хоёр хар хайчийг ангайлгаж баруун зүүн хоёр тотго дээр бариулыг зөрүүлж бариад ширдэг дээр ширийж унтдаг хүүхдийг нилээд хол гаргаж зогсоогоод өрх дээр өндийж унтдаг том хүү хаалганы цаана их нүх малтаад балт сүх барьж зогсчээ. Тэгээд хамгийн том хүү:
- За би ээж ээж гараад ир би явлаа гэж хашгираад энд зогсож байя. Мангас эмгэн гараад ирвэл, ширдэг дээ ширийж унтдаг хүү би энд байна гээд зугтаа. Тотго дээр тонгойдог, завагт зарзайдаг, хоёр хүү хайчаа мангас эмгэний хүзүүгээр нь тас хайчил. Би сүхээрээ толгойг нь зад цавчъя гэж хэлжээ. Тэгээд өрх дээр өнгийдөг хүү:
- Ээж ээж гараад ир би зугтаах гэж байна гэж хашгирчээ. Мангас эмгэн сэрж нүдээ хуу татан ай юу гэнэ чи гээд үүдээ сөхөөд гарч ирж хаашаа явж байгааг нь харах гэсэн янзтай хартал үүдэн хоймор хэртэй зогсож байсан хүү би энд байна гээж ухасхийж эмгэн ч цааш хөдлөх гэтэл хоёр хүү хайчаараа аман хүзүүгээр нь тас хайчлаж, том хүү толгойг нь зад цавчиж хоёр болгожээ. Тэгээд мангас эмгэний хүүрийг нүхэнд хийж дараад гэрт орвол бага дүүг нь юу ч үгүй идээд толгойных нь ясыг үлдээсэн байжээ. Энэ ухаант дөрвөн хүү мангасыг дарж гэр орныг түймэрдээд гэртээ ирж аавыгаа тэр хайчаар хайчлаад ээжийгээ авч аглаг ууланд гараад ан гөрөө хийж амар мэнд жаргажээ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: