Тэнгэрт өлгөөтэй бяслаг

Эрт дээр цагт ийм нэгэн явдал болжээ. Тун ч эрх дураараа гөлчгийтэй нэгэн хулгана байж гэнэ. Гөлчгий нь тэр үдэш оройн хоолоо голж заавал бяслаг иднэ гэж усан нүдэлжээ. Хөөрхий эх нь эрх үрээ аргадаж “ээж нь одоохон одоохон” гэсээр бяслагны эрэлд гарчээ.
Бэлэн зэлэн бяслаг хаанаас зам дээр хэвтэж байх билээ. Эхийгээ ирэхгүй удаад байхаар нь гөлчгий гэрээсээ гарчээ. Намуухан ...үдшийн одод түгж, жирвэс жирвэс ирмэлцэнэ. Зүүн уулын оройгоос гэгээ цацрэх нь саран мандаж буйн тэмдэг. Хором хормоор дээшлэх хорьдын тэргэл сарыг эрх гөлчгий анх удаа олж харлаа. Тэгээд, еэ гялай еэ гялай. Ямар том бяслаг вэ? Яагаад уулын орой дээр тавьсан юм бол? Ээж минь үүнийг олж ирэхээр явж дээ. Араас нь очиж ээждээ тусалдаг хэрэг. Ийнхүү гөлчгий уул өөд өгсөж гарлаа. Яваад л байж яваад л байж. Өлийгөөд нэг харвал өнөөх бяслаг маань тэнгэрт хөөрсөн байж гэнэ.
- Ёох, ёох энэ ер нь ямар хачин бяслаг вэ? Тавагнаасаа дээш хөөрдөг бяслагийг би ер нь үзээгүй юм байна гэж гөлчгий амандаа бувтнавал,
- Тэнэгхэн гөлчгий минь тэр чинь бяслаг биш сар байхгүй юу гэх хэн нэг нь хэлэх шиг болов. Гөлчгий гайхан,
- Та хэн гэгч вэ? Надад юм хэлэв үү? Гэвэл,
- Би бол бүх хулганын хаан Мануул гэгч байна. Одоо чамайг оройн зоог болгон гэх нь тэр. Айж сандарсан гөлчгийд цэхийсэн ногоон нүднээс өөр юу ч харагдсангүй. Гөлчгий,
- Та... та намайг өршөөгөөч гэсээр ухарч байтал тас гэдэргээ савж ёроолгүй мэт ангалд унах нь тэр. Хаана юунд унасныг бүү мэд. Харин нөгөө аймшигтай ногоон нүд ойр хавьд байсангүй. Хэсэг хугацаа өнгөрсний дараа харанхуй хонгилын тэртээ үзүүрээс өчүүхэн дэнгийн гэрэл наашилж буйг гөлчгий олж харлаа.
Дэнгийн гэрэл ойртох тусам гөлчгий улам айж чичирсээр байлаа. Гэвч энэ амьтан бол сайхнаас сайхан сэтгэлт шаргалхан зурам байлаа. Гөлчгий зурамны цооног нүхэнд уначихсан юм санж. Зурам хөөрхий гөлчгийг өрөвдөн хооллож ундлаад унтуулж гэнэ.
Намуухан үдшийн нам гүмийг эвдэж үглэн хайлан үр зулзагаа хайж яваа эх хулганыг олоход тийм ч хэцүү байсангүй. “Үр хүүхдээ дураар нь өсгөх, өөрт нь хожим гай болно” гэж зурам түүнд сургамжилсан юм гэдэг.

3 Сэтгэгдэл:

  1. Түвшин Says:

    Хөөрхөн үлгэр байна. Өөшөө гоё гоё үлгэр оруулаарай. Олон олон үлгэрүүдийг чинь уншдаг шүү. Баярлалаа.

  2. Anonymous Says:

    Гоё үлгэр байна баярлалаа

  3. Anonymous Says:

    Үжингуа Үжин