Ухна унасан баатар

Урьд цагт нэг хаан байжээ. Тэр ганц охинтой юмсанжээ. Хаан хатан хоёр охиндоо тусгай гэр орон бэлтгэж өгөөд хаан аав нь нэг гоё сайхан залуугийн зургийг зурж орны ард хадаад “Үхдэггүй, өтөлдөггүй, үргэлжийн хорин таван настай байдаг, нэг хашгирахдаа замба тивийн түмэн амьтны зүрхийг чичрүүлж байдаг ийм сайхан баатар эртэй суугаарай” гээд гарч гэнэ. Тэдний ойролцоо хэдэн хар ямаатай нусгай бор хүү ээжтэйгээ хоёулаа... амьдран суудаг байжээ. Тэр хүү өдөртөө ямаагаа хаиулаад орой гэртээ ирдэг байж гэнэ. Нэг өдөр хүү ирээд ээждээ ийн хэлж гэнэ.
“Ээжээ та хааны охиныд оч. Тэнд цай ууж байгаад орны нь ард хадсан зураг руу гэнэт хараад “Хүүш чи юу хийж айл хэсэж яваа юм бэ? Одоо бушуу гэтээ харь!” гэж загнаад байгаарай. Тэгэхлээр чинь хааны охин “энэ чинь таны хүү биш, харин таны хүүтэй адилхан зураг байгаа юм. Хэрэв та итгэхгүй байгаа бол хүүгээ манай руу ирүүлэхгүй юу?” гэж хэлнэ. Тэгэхлээр нь “Манай хүү өдөр айлд ордоггүй. Шөнө л ордог юм даа” гэж хэлээрэй” гэв. Маргааш нь нусгай бор хүү хэдэн ямаагаа туугаад гарч. Ээж нь хааны охины руу явжээ. Хүүгийн ээж хааны охиныд ороод сууж байснаа зураг харангуутаа,
- Чи юу хийж энд дэмий тэнэж яваа юм бэ? Одоо түргэн яваад харь гэж загнахад охин инээмсэглэж,
- Энэ чинь танай хүү биш, харин түүнтэй адилхан зураг байгаа юм. Тэгэхдээ та хүүгээ манайд ирүүлэхгүй юу? гэж гуйхад эх нь,
- Манай хүү өдөр айлд ордоггүй, шөнө л айлд ордог юм даа гэхэд хааны охин хариуд нь,
- За тэгвэл өнөө шөнө ирүүлээрэй гэжээ. Ээж нь зөвшөөрөөд гэртээ харьжээ. Хүү орой ирээд асуувал,
- Чиний хэлсэн ёсоор болсон гэж эх нь хэлж гэнэ.
Хүү унхан дээрээ ус асгасаар мөс болтол хөлдөөж муу савраа барьж ухнаа унаж хатируулсаар хааны охины гадаа иржээ. “Аав ээжийн минь сургасан үхдэггүй, өтөлдөггүй, үргэлжийн хорин таван настай байдаг, нэг хашгирахдаа замба тивийн түмэн амьтны зүрхийг чичрүүлж байдаг ямар сайхан баатар эр ирэх бол?” гэж тэсэн ядан хүлээж байсанд нэгэн хүн шажигнуулан хангир жингэр гүйлгэсээр ирээд уяан дээр буужээ. Хүүхэн “Энэ хангир жингэр гэсэн тун ч сайхан эдлэл чимэгтэй морь унаж яваа хүн байна. Үүнийг үзэх юмсан” гэж хорхойтсоор хэвтжээ. Гэтэл хүү орж ирэхдээ үүдэн дээр нь муу савраа тархийтэл хаяад ороход нь хүүхэн бас л “Нум сумтай баатар эр байх нь. Нум сумыг нь үзэх юмсан” гэж боджээ. Ингээд хүү хааны охинтой сайхан нойрсож хоноод үүрийн шөнөөр явах гэхэд нь охин явуулахгүй.
“Одоо хаан аав хатан ээждээ хэлж айл гэр болъё” гэжээ. Үүнийг хүү эс зөвшөөрсөн тул үүрийн жингээр мөн л хангинуулан жингэнүүлэн хатируулсаар явжээ. Тэгэхэд нь хүүхэн аргагүй уйлагнан хоцорч гэнэ. Харин хүүхнийг “Өнөө шөнө ирээрэй” гэхэд нь хүү зөвшөөрсөн юм байжээ. Хүү гэртээ ирээд ямаагаа хариулахаар явахдаа “Ээж ээ, авдар саваа уудлаж байгаад нэг ширхэг будаа олоод байгаарай” гэж захиад явжээ. Хүүгийн орой ирэхэдээж нь ширхэг будаа олоод байж гэнэ. Хүү хааны охины руу явахдаа нөгөө будаагаа аваад явжээ. Хүүхнийд очоод унтаж байтлаа хүү гэнэт ёолж гэнэ. Хүүхэн “Юу болов, яав?” гэж сандарч асуухад нь хүү “Дороос юм нухаад” гээд эрж байгаад ганц ширхэг будаа олжээ. Хүүхэн “Миний оронд байгаа ганц ширхэг будааг андахгүй мэдэж байгааг бодоход энэ хүний унтдаг ор дэвсгэр ямар сайхан зөөлөн эд байдаг бол?” гэж их л гайхаж гэнэ. Хүүг бас үүрийн шөнөөр явах гэхэд нь хүүхэн “Хаан аав, хатан ээждээ хэлье” гэхэд нь хүү зөвшөөрсөнгүй. Харин орой ирэхээр болж гэнэ. Хүү гэртээ ирээд ээждээ “Самбай зүйгээд нэг дээл оёод байгаарай” гэж хэлээд хэдэн ямаагаа туугаад явав. Орой ирэхэд нь ээж нь сэмэрхий самбай нийлүүлсээр байгаад нэг дээл хийсэн байв. Хүү дээлээ өмсөөд хуучин ёсоороо хүүхнийд аваад очвол тэр шөнө хүүгийн дээлэнд гараа хүрвэл гар нь наалдаж байв гэнэ.
“Миний ийм зөөлхөн гар наалдаж байгааг бодоход ямар сайхан эд бол, үзэхсэн” гэж ихэд сонирхон хэвтжээ. Тэгээд хүүхэн хүүг шөнөжингөө гуйсаар байгаад өглөө болгожээ. Гэтэл хүүхэн босоод өрхөө татах гэсэн нь гэр дээр нь нэг муу савар хэвтэж байв гэнэ. “Энэ юун савар билээ?” гээд аваад хаячихжээ. Өрхөө татчихаад урагшаа харвал уяан дээр нь нэг ухна уяатай байв гэнэ. “Энэ муухай ухна яагаад энд ирээ юм бол?” гээд тайлаад хөөчихөв. Гэртээ орж ирээд хүүг харвал сэмэрхий самбай дээлтэй үзэшгүй муухай нусгай бор хүү байв гэнэ. Ертөнцөд хамгийн гоё, үхдэггүй, өтөлдөггүй, үргэлжийн хорин таван настай байдаг, нэг хашгирахдаа замба тивийн түмэн амьтны зүрхийг чичрүүлж байдаг тийм сайхан баатар эртэй сууна гэсэн нь үзэшгүй муухай нусгай бор хүү байжээ. Хүүхэн энэ бүхнийг үзээд учир зүггүй уйлж “Хаан аав хатан ээж нар намайг загнана. Чи одоо түргэн яв” гэж хүүг хөөжээ. Нусгай бор хүү явсангүй гэнэ. Өглөө бүхэн хаан аав нь охиноо эргэж ирдэг тул аргагүй айхдаа аавынхаа ирэхээс өмнө хүүг авдартаа хийгээд цоожилчихож гэнэ. Хаан аавыгаа ирэхэд охин нь уйлж суужээ.
“Чи яав?” гэж охиноосоо асуухад юу ч хэлсэнгүй уйлаад л байж. Энэ үед хүү авдрыг дотроос нь маажиж гэнэ. Гэтэл хаан аав нь “Юу билээ? Оготно хулгана ороогүй биз!” гэж асуужээ. Тэгэхээр нь улам чанга маажиж гэнэ. Түлхүүрийг нь охиноосоо авч онгойлговол нусгай бор хүү гарч иржээ. Хаан үүнийг үзээд уурлаж охиноо загнаж хоёулангий нь “миний нүдэнд үзэгдэхгүй, чихэнд сонсогдхгүй газар яв” гэж хөөжээ. Харин хатан ээж нь хоёуланг нь үнсээд “Өлсөж ядрахын цагт хэрэглээрэй” гэж тэр хоёр нэг алтан ембүү өгчээ. Хүү хүүхэн хоёр хүүгийн гэрт ирж гэнэ. Тэгээд нэг ямаагаа алж хирэндээ л хурим найр хийж гэнэ. Ингэж амьдран суусаар хэдэн ямаагаа цувруулж алж идсээр байгаад дуусгаж амьдрах аргагүй болоход хүрч гэнэ. Энэ үед хүүхэн нөхөртөө “За чи энэ ембүүгээ зах дээр хоёр гурван тэрэг будаанаас өгөөд ир” гээд явуулах гэхэд нь хүү ембүүг үзэж “Үүний чинь хэн тоож авах юм бэ?” гэж гайхан “Миний ямаа хариулдаг уул бүхэлдээ үүгээр чинь бүтсэн юм” гээд ер явж өгөхгүй болохоор нь хүүхэн арайхийж шахаж шаардсаар байгаад нөхрөө явуулж гэнэ. Алтан ембүүгээ барих газраа барьж өшиглөх газраа өшиглөсөөр дуртай дургүй очиж гэнэ. Гэтэл захын худалдаачид булаацалдан гурван тэрэг будаагаар авчээ. Хүү ихэд гайхаж буцаж иржээ. Тэд хоёр тэрэг будаагаа идэж дуусаад нэг тэргийг нь ээждээ үлдээгээд эхнэр нь хэлжээ.
“За чиний ямаагаа хариулдаг тэр ууланд чинь очъё” гэжээ. Очвол ямаа хариулдаг уул нь тэр чигээрээ алтан уул байсан тул тэр уулнаас алт авчирч зах дээр худалдаж улам баяжсаар сүүлдээ гүрний эзэн хаан болж олонд их алдар хүндтэй болж гэнэ. Тэгээд нусгай бор хүү ч үнэхээр сайхан эр болжээ. Хаан нэг өдөр хатандаа “За чи бид хоёр ядуу зүдүү өлсөж цангаж ч явлаа. Одоо ядуучуудыг цуглуулж гурван өдөр хооллуулъя” гэсэнд хатан нь түүнийг дуртай зөвшөөрч ядуучуудыг хооллох гээд олон тогооч нараар хоол бэлтгүүлээд эхний өдөр дээрээс нь эхлээд аягалаад байсан чинь сүүлчийн хоёр хүнд яаж ч болсонгүй хоол дутжээ. Маргааш нь хоол хийгээд доод үзүүрээс нь эхлээд аягалсаар байсан чинь дээд талын хоёр хүнд бас л хоол яаж ч болсонгүй дутаж гэнэ. Сүүлчийн өдөр хоёр захаас нь аваад аягалаад байсан чинь голын хоёр хүнд яаж ч болсонгүй бас л дутчихаж гэнэ. Энэ учрыг тогооч эзэн хаандаа мэдүүлсэнд “Тэр хоёр хүнийг даруй оруул” гэжээ. Гэтэл нөгөө хоёр хүн нь хүү хүүхэн хоёрыг хөөсөн хаан аав, хатан ээж нь мөн байв гэнэ. Тэгэхээр нь хаан
“Бид та нарыг хооллуулах гэж олон янзаар оролдсон боловч тун ч бүтсэнгүй. Иймд та хоёр бидний дэргэж байж хааны алтан сангаас хүртэх заяагүй улс юм байна. Энэ бол баян тарган явахдаа ядуу хоосон хүнийг үзэж чаддаггүй байснаас ийм болжээ. Одоо яая гэх вэ. Энд байж болохгүй, түргэн явах хэрэгтэй” гээд хөөжээ. Харин хатны нь “Ядууд энэрэлтэй, хэнийг ч ялгалгүй бид хоёрыг адилхан үнсэж алтан ембүү өгсөн учир хошуу захирсан эзэн болгоё” гэжээ. Ингээд ядуу байсан нусгай бор хүү хаан суугаад хатантайгаа амар сайхан жаргаж гэнэ.

Шошго: |

1 Сэтгэгдэл:

  1. Anonymous Says:

    Үлгэрүүддээ номзүй хийгээч ээ. Тэгвэл илүү ач холбогдолтой юм аа даа