Үнэг тогоруу хоёр (Орос)

Үнэг тогоруу хоёр нөхөрлөдөг байжээ. Бүр эртний андууд юм гэнэ. Нэг удаа үнэг тогорууг дайлахаар шийдэж түүнийг гэртээ урихаар очоод,
- Найз минь, хүрээд ирээрэй хонгор минь, манайд ирээрэй! Би чамайг дайлах болноо! гэв.
Тогоруу хэрэндээ бэлдээд үнэгийнд айлчлан очиж гэнэ. Үнэг зутан чанаж түүнийгээ тавганд хийж өгөөд ингэж хэлж гэнэ: ...
- Миний хонгор найз минь, ид дээ! Би өөрөө хийсэн юм шүү. Тогоруу хамраараа топ-топ гэж тоншсоор байсан ч аманд нь юу ч орсонгүй. Харин үнэг энэ хооронд зутангаа долоосоор байгаад бүгдийг нь идчихжээ.
Зутан дуусахад үнэг хэлж гэнэ:
- Хонгор найз минь битгий юм бодоорой! Дахиад дайлах зүйл алга байна даа.
- Найз минь баярлалаа! Манайд зочлон ирээрэй гэж тогоруу хариу урилга өгөв.
Маргааш нь үнэг тэднийд очлоо. Тогоруу буудай жигнээд урт нарийхан амсартай вааранд хийж ширээн дээр тавиад хэлэв.
- Ид дээ, найз минь! Өөр хоол даан ч алга байна даа. Үнэг ваарны хажууд эргэлдэж эхэллээ. Ингэж ч үзээд, тэгж ч оролдоод, долоогоод, үнэрлээд ч юунд ч хүрч чадсангүй. Толгой нь вааранд багтахгүй байв. Харин тогоруу тэр хооронд тоншсоор бүгдийг нь идчихээд,
- За найз минь, битгий гомдоорой! Дахиад дайлах юм алга даа! гэв.
Үнэг уурлав. Тэр уг нь долоо хоногийхоо хоолоо иднэ гэж бодож ирсэн аж. Гэвч өлөн ходоодтойгоо гэр рүүгээ буцах болов. Тэр үеэс хойш тогоруу үнэг хоёр нөхөрлөхөө больсон юмсанжээ.

0 Сэтгэгдэл: