Бухын үлгэр

Эрт урьд цагт нэг бух байжээ. Толгой, бөөр, бөгсөнд нь тус бүр гурван баян айл нутагладаг юм гэнэ. Толгойн баян хүн өвөлжөө хаваржаатай юм байж, бөөрний баян хүн мөн өвөлжөө, зуслан, хаваржаатай юм байжээ. Толгойн баян хүн дундахдаа хэлжээ,
- Энэ бух ойрноос өвс огт идэхгүй байна. Дундах баян нь,
- Аа энэний хүнхэр цүнхэр гэдэс нь хонхойж цонхойж байх боллоо гэж бөгсний хүнд хэл хүргэжээ. Бөгсний хүн,...
- Аа манайх энд олон жил нутагласан, ойрын төсөр энэ бух ер баагаагүй шүү. Энэ ямар учиртай вэ? гэжээ. Тэр хүн бол аргалыг нь авч түлдэг юм байжээ. Тэгсэн тэр бух үхэж хоцорсон байжээ. Бух үхчихлээр нэг үнэг гурван жил идээд дүүрчээ. Тэрний дүүрсэн хойно өнөө бухын далны яс хээр хэвтэж байжээ. Тэр ясан дээр далан цэрэг бууж далан майхан шаажээ. Тэр цэргүүдийг нүүгээд явчихлаар нэг шувуу бууж ирээд тэр далны ясыг зуугаад нисжээ.
Тэгтэл нэг өвгөн тарган цагаан ухныхаа сахал доор борооноос нөмөрдөн сууж байтал өнөө шувуу ухнын эвэр дээр сууж далны ясыг идэх гэтэл унагаад өвгөний нүдэнд оруулчихжээ.
Өвгөний нүд өвдөж тороод байхлаар ойр хавийн улс хүрз зээтүүгээр хүчилж авах гээд чадсангүй гэнэ. Тэгэхлээр нь гэртээ гүйгээд харьтал эмгэн нь далны ясыг хэлээрээ долоогоод аваад хаячихжээ. Эдний аль нь их вэ?
“Далны яс их гэвэл мунхаг хүний бодлого
Шувуу их гэвэл бүдүүлэг хүний бодлого
Өвгөн их гэвэл урт өнийн бодлоготны санаа
Эмгэн их гэвэл богино бодлоготны санаа
Ухна их гэвэл цэцэн ухаантай хүний санаа
Далан цэрэг их гэвэл олон санаатай хүний бодлого” гэжээ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: