Шившгийн эм

Урьд нэг эхнэр өөрийнхөө эрийг голоод, өөр эрд очих гэж явтал хулгайч дээрэмчингүүд ирээд хамаг хувцас хунар элдэв юмыг нь аваад нүцгэн орхиж. Тэгэхлээр тэр эхнэр нэг их далайн захад очиж. Модны навчаар биеэ хучиж. Хэвтэж байтал нэг үнэг мах зуугаад ирж. Тэгтэл далай долгилж, далайн долгиогоор загас гадагшаа гарч. Тэгэхлээр махаа хаячихаад, загас авах гэж ухасхийж. Тэгтэл далай дахиж долгилоод загас орж явчихаж. ...Тэгэхийн хооронд махыг хэрээ зуугаад нисээд явчихаж, үнэг мах ч үгүй загас ч үгүй ийшээ тийшээ харж байж.
Тэгэхлээр эхнэр хэлж:
- Уужим санасан мах чинь тэнгэрт гарлаа, урьдаар авах билээ гэж санасан загас чинь далайн ёроолд явчихлаа. Муу өлөгчин үнэг чи хэнийг харж сэртэлзнэм? гэхэд үнэг хэлж:
"Өөрийнхөө эрийг байсаар байхад
Өөр эрд очих билээ гэж явж
Дээрэмчин хулгайчид
Дээл хувцас хамаг юмаа тонуулаад
Дэлгэр их далайн захад
Дал модны навчаар
Хамаг юмаа
Халхалж хэвтэж байгаа
Арга нь барагдсан ядуу муу шившгийн эм чамайг харнам” гэж явчихаж.
“Бусдыг хэлвэл, буцаад өөрөө хэлэгдэнэ” гэдэг энэ ажгуу.

Шошго: |

0 Сэтгэгдэл: