Онгироо ухна ба чоно

Эрт урьд цагт нэг онгироо ухна байжээ. Нэг өдөр чононд ингэж хэлжээ. “Чоно та миний алдрыг дуулсан хойно олон дахин эргэлдсэний хэрэггүй биз” гэхэд чоно тас тас хөхрөн,
“Таны алдар ч гавихгүй юм байна.
Сэлмэн эвэрт сэлдгэр хаан,
Сахал ихт санж хаан,
Гүзээ ихт гүнд хаан, ...
Засаа ихт занхгар хаан гэлүү? Ай бүү мэд дээ, амьтны түүхийг үзвэл чамд тийм алдар нар таарахгүй байх аа!” гэж. Ухна,
“Тэгвэл чамайг би
Тархийг чинь хагартал,
Нүдийг чинь бүлтэртэл,
Хэлийг чинь унжтал мөргөнө!” гэхэд чоно доогтой
“Чи намайг бүү сүрдүүл! Мөргөх гэхэд чинь би зайлаад аргална. Би чиний жинхэнэ эрлэг чинь байна”гэхэд ухна
“Ойгоод ирвэл олгойг чинь хагална.
Дайраад ирвэл давсагийг чинь цоолно,
Гүйгээд ирвэл гүзээг чинь сүлбэнэ,
Хөөж ирвэл хөлийг чинь хуга татна” гэж хэнэг ч үгүй хэлж гэнээ. Чоно хэлсэн нь
“Би чиний эрлэг байна шүү. Бодож ярь! Чамаас өмнө чиний өвөг Янгир овогтныг бид номхруулж ирсэн түүхтэй. Чи юу ч гэж яриад нэмэргүй. Миний аманд....! тийм ээ?” гэхэд ямаа гэнэтхэн арга сүвэгчлэн,
“Чоно гуай таны хэлдэг зөв байх нээ. Гэвч та эндээ хөлөө цахдан амаа ангайгаад зогс! Би холын холоос гүйн ирээд таны ам руу шууд нисээд орох уу?” гэхэд “Тэг” гэжээ.
Чоно ч ухны хэлснээр зогсож гэнэ. Ухна ч улаан тоос татуулсаар чонын толгой руу хар эрчээрээ дайран мөргөжээ. Чоно ч ухаан алдан унаж. Ухна ч улам хурдласаар сүрэгтээ нийлжээ.
Чоно ухаан орж, эргэсэн толгойгоо сэгсчин бодсон нь:
“Амаа ангайгаад зогссон, ухна ч давхиж ирээд тагхийтэл мөргөөд ам руу орсон юм. Бас цус гоожсоныг бодвол би зажилсан бололтой гээд гэдсээ харвал хоосон байдаг мөн хачин юм аа. Амаар ороод хуниасаар гараад явжээ. Ай даа их онгирохын гай л энэ дээ. Мэдсэн бол онгироо ухныг олон үг хэлүүлэлгүй дор нь л иддэг байж. Дараа таарвал онгирохоо л больё!” гэж бодон гуйван шогшсон гэдэг.

Шошго: |

0 Сэтгэгдэл: