Төө алаг шартай эмгэн

Төө алаг шартай Тооцго эмгэн гэж байж гэнэ. Алаг шараа алж иджээ. Богино хавиргыг нь босон суун идээд ч барсангүй, өндөр хавиргыг нь өнжин хонон идээд ч барсангүй гэнэ. Хавирганы нь хугархайг гэртээ идээд ч барахгүй, гадаа идээд ч барахгүй юмсанжээ.
Тэгээд идэх хүн эрээд явжээ. Нэг шаазгай дайралдаж эмгэнийг “Чи хаачиж яваа вэ?” “Алаг шараа алж идсэн сэн. Хавирганы нь хугархайг идэж барахгүй. Идэх хүн эрж явна” гэсэнд шаазгай
“Би очиж идье” гэв. ...
“Чи юугий нь идэх вэ?” гэж.
“Би өрөөсөн нүдий нь өөхөн цөвдөлтэй нь иднэ” гэж.
“Чи идэж хороохгүй, тусгүй!” гэж цааш явжээ. Бас идэх хүнийг эрээд явжээ.
Нэг хэрээ дайралджээ.
“Эмгэн хаачиж явна?” гэж.
“Би алаг шараа алж идсэн юмсан. Хавирганы хугархайг барахгүй. Идэх хүн эрж байна.
“Би очиж идье” гэв.
“Чи юугий нь идэх вэ?” гэжээ.
“Өлөн гэдэсний нь тасархайг өрөөсөн нүдтэй нь иднэ”
“Өө, чи тусгүй, хороохгүй юмаа” гэжээ. За тэгээд цааш явжээ. Идэх хүнийг эрээд явжээ. Тэгсэн нэг мангас дайралджээ.
“Ээ хэ-хэ-хэ, эмгэн гуай хаачиж явна?” гэжээ. Тэгсэн
“Алаг шараа алж идсэн юмсан. Хавирганы нь хугархайг барахгүй. Та очиж иднэ үү?” гэжээ.
“Ээ хэ-хэ-хэ!”
Тэгээд мангасыг дагуулаад гэртээ иржээ. Нэг завьжаараа махыг, нэг завьжаараа ясыг цувуулаад идчихжээ. Тэгээд эмгэнийг үүрээд явжээ. Явж явж нэг модон дээр амарчээ. Тэгсэн эмгэн мод үүрүүлчихээд гэртээ явчихжээ. Эмгэн гэтээ буцаад явж байжээ. Тэгэхлээр нь хойноос нь яваад бариад авчээ. Бас үүрээд явжээ.
Явж явж нэг хадан дээр амарчээ. Тэгэхлээр нь хад үүрүүлчихэж. Эмгэн буцаад явжээ. Мангас нэлээд явж тэгснээ
“Эмгэн минь ийм хүн билүү? Ийм тарган сан билүү?” гээд эргээд харжээ. Хад үүрээд явж байжээ.
“Аа ингээд байгаа юу?” гэж
Хадаа хаячихаад буцаад явжээ. Эмгэнийг бариад авч, үүрээд явжээ. Гэртээ иржээ. Гэртээ ирээд
“Хэ-хэ-хэ гэж. миний хэдэн хүүхэд эмгэнийгээ болгож идээрэй!” гэж хэлээд тоононоосоо бүдүүн аргамжаар оосорлоод зүүчихжээ.
“Дороос нь их гал түлж болгож идээрэй” гэсэн. Тэгээд өөрөө гөрөөлөхөөр явжээ. Тэгсэн эмгэн хэлжээ:
“Хүүхээд, их хутгаа аваад аль” гэжээ.
“Тос нь гоожлоо” гээд л долоожээ. Тэгсэн сэн хутга аваад тас огтлож тэгээд буужээ. Мангас таван хүүхэдтэй юмсанжээ. Таван хүүхдийн нь алж нэг их тогоо гал дээр нь тавиад чанажээ, таван хүүхдий нь махыг чанаж, таван толгойгий нь орон дээр нь тавьж хөнжлөөр хучжээ. Тэгсэн баруунтай нь их хар тэвш байжээ. Тэрэнд нь махыг гаргажээ. Хүүхдийн нь цусыг нь гэдсэнд нь хийж өвөртлөөд баруун урд туурга завсар нь зогсоод байжээ. Тэгсэн орйо болжээ. Тэгтэл мангас ирж гэнэ.
“Хэ-хэ-хэ! Миний хэдэн хүүхэд эмгэнийгээ болгоод байгаа юу?” гэж.
Тэгж хэлээд махнаас нь идэж гэнэ. Эмгэн
“Ичгээ ичгээ. Хүүхдийнхээ махыг иддэг” гэж.
-Хэ-хэ-хэ! Баруун хана маань горьдож” гээд нэг хөлий нь өлгөж тэгээд бас иджээ. Эмгэн гэрийн хойно гарч
“Ичгээ ичгээ. Хүүхдийнхээ махыг иддэг” гэж.
“Хэ-хэ-хэ! Хойт хана маань горьдож” гэж нэг хөлий нь өлгөөд бас өөрөө идэж гэнэ. Эмгэн зүүнтэй нь гарч
“Ичгээ ичгээ. Хүүхдийнхээ махыг иддэг” гэжээ.
“Хэ-хэ-хэ! Зүүн хана маань горьдоо юм байх” гээд нэг хөл өлгөжээ.
Эмгэн үүдийг сөхжээ. Мангас харжээ. Хөнжлөө сөхжээ. Таван хүүхдий нь толгой ойчжээ. Эмгэнийг мангас хөөжээ. Эмгэн их мөсөн дээр зугтаажээ. Эмгэн хальтраад унаж байтал цус цутгаад гоожсон байна. Тэгэхлээр мангас
“Миний хүүхдийг чи алсан тулд би чиний цусыг иднэ” гэж өөрийнхөө хүүхдийн цусыг долоожээ. Эмгэний цус гэж санажээ. Тэгсэн мангасын хэл нь мөсөнд авцалджээ. Тэгэхлээр мангас хэлэв:
“Эмгэн, би чамайг алахгүй. Чи миний хэлийг мөснөөс салгаач” гэв. Тэгэхлээр нь Тооцгон эмгэн очив. Мангас бас хэлэв:
“Хэл мөс хоёрын завсраар цавч” гэжээ. Тооцгон эмгэн “Аман хүзүү агтан хүзүү хоёрын завсраар цавч гэн үү чи?” гээд сүхээр нь толгойгий нь тас цавчжээ. Ингээд амар сайхан жаргажээ.

Шошго: |

3 Сэтгэгдэл:

  1. оогий Says:

    Хүүхдэдээ уншиж өгөхийн аргагүй аймшгийн юм байна, арай ч дээ

  2. Төгсөө Says:

    Энэ ч арай дэндэнэ ээ. Муухан аймшгийн киноноос ч аймар юм.

  3. Anonymous Says:

    Ymr llriin utaggu vlger we