Хулан хэрээ чоно гурав

Эрт урьд цагт хулан , хэрээ, чоно гурав гэмгүй сайхан нөхөрлөж гэдэс тэжээн амьдарч байжээ. Гэтэл нэгэн өдөр шинэ нутаг сэлгэхээр ярилцаж хэрээ нутаг үзэж ирээд ингэж хэлэв гэнэ.
- Бид гуравт элбэг сайхан хоолтой газар холгүй байна. Харин тэр нутагт хавх, буутай нэг сүрхий анчин байна. Түүний хавх л бидэнд аюултай юм гэж хэлэхэд нь чоно дотроо “Хэрэв тэр хавханд хулан орчих юм бол олгой гэдэс нь надад олдох юуны магад” хэмээн бодоод,
- Тийм сайхан нутагт түргэн очиж амьдаръя. ... Тэр муу анчнаас айх юу байх вэ?” гэж хэлжээ. Тэгээд гурвуулаа тэр нутагт нүүдэллэн очиж, аятай тавтай амьдран сууж байтал нэгэн өдөр хулан анзааргагүй явж байгаад анчны хавханд орчихжээ. Үүнийг мэдмэгц чоно хэрээнээс урьтаж очоод,
- Чи яагаад энэ хавханд орчихов? гэсэнд хулан,
- Яах юу байхав, явж л байсан нь ийм аюулд орчих юм. Яавал үүнээс түргэн ангижирч болох вэ? гэж чоноос асуувал,
- Чи түргэн сайн үсчээд бай. Тэгвэл үүнээс салж магадгүй гээд явжээ. Чоно “хуланг үхэхээр иднэ” гэж бодоод ойрхон отоод хэвтэж байж гэнэ. Гэтэл хэрээ нисэн ирж хуланг хармагц,
- Хулан чи яагаад үсчиж цовхчоод байгаа юм бэ? гэхэд
- Яах юу байхав? Нөгөө анчны хавханд орчихоод байхад чоно ирээд “Сайн үсчээд бай. Тэгвэл түргэн гарна” гэсэн юм. Тэгээд л би үсчиж цовхчисоор байгаад хамаг чадлаа барчих нь энэ. Хөл ч үнэхээр их өвдөж байна гэжээ. Хэрээ,
- Чи ингэж үсчиж цовхчиж болохгүй. Хэрэв ингэх юм бол хөл мөчөө хугалаад одоохон үхэх аюулд учирна. Харин чи ер хөдлөхгүй үхсэн мэт хэвтэж бай! Тэгвэл анчин чамайг үхсэн гэж санаад хавхаа салгаж авах болно. Тэгэхээр нь түргэн босоод зугтах хэрэгтэй гэж зөвлөн хэлээд өөрөө анчны гэрийн тоонон дээгүүр эргэлдэн нисэж түүнд мэдээ өгөхөөр учиргүй чанга гуаглан орилжээ. Хашир анчин “Хавханд ямар нэг юм орсон нь магадтай буй заа” хэмээн санаж тэр дороо буугаа үүрэн гарав гэнэ. Энэ үед чоно “балагт хэрээ ирж хулангийн нүдийг ухчих вий” хэмээн өндийн хартал анчин ирж яваа харагдав гэнэ. Чоно үүнийг хараад “Одоо л олгой ходоод олдох цаг болов” гэж санаад дороо хяран хэвтжээ.
Анчин хавханд хулан орсныг үзээд маш их баярлан иртэл тэр үхсэн бололтой байв гэнэ. Тэгээд хавхаа салгаж аваад тамхи татаж суутал гэнэт хулан босон харайж чонын хэвтэж байсан зүг зугтсан тул анчин сандрахдаа түүний хойноос хэд дахин бууджээ. Гэтэл “Муу санаа эзнээ отно” гэгчээр тэнэсэн сум нь хуланг бус харин хулангийн гэдэс дотроос ч бол хувь хүртэнэ гэж горьдож хэвтсэн чонын тархийг нь хага буудаж гэнэ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: