Хоёр найз

Хөдөө айлын сэргэлэн хүү байжээ. Хүү дөнгөж таван настай мөртлөө маш ухаалаг. Нэг өдөр үеийн нөхөртэйгээ наадаж явсаар хот айлаас зүүн тийш орших их хадны дэргэд хүрчээ. Хоёр найз наадан байтал нар нэгэнт хэлбийх дөхжээ. Ээж аав, ах эгч нар нь хөвгүүдээ эрэн зүг зүгт сандран гүйлдэв. Бяцхан хоёр хүү сая тоглохоо больж харихыг завдав. Гэнэт хадны араас нэг том чоно өнгийсөөр гарч ирээд амаа ангалзуулан бяцхан хөвгүүдийг үзмэгцээ тэдний зүг гэтэж гэнэ. ... Гэтэл томхон нэг нь түүнийг үзээд их л айн сандарч бахиран уйлж зугтан одов.
Харин балчир бага нь ганцаар хоцорч зугтах аргагүй болов. Зугтаж болохгүйг мэдэж ийш тийш самбаачлан харвал хажууд нь нэгэн бургас хэвтэнэ гэнэ. Балчир хүү түүнийг шүүрэн авмагц өмссөн цамцаа тайлж үзүүрт нь өлгөөд, зүүн гартаа атгаж дээш өргөж, баруун гарын бяцхан нударгаа зангидан хоёр хөлөө бэхлэн зогсож, амаа ангайлгаж шүдээ ярзайлгаад сүр бадруулан зогсов.
Тэрхүү чоно энэ байдлыг үзээд шууд ирж барихыг баахан сэжиглэж ангайсан амаа хамхиж хоёр нүдээ бүлтийлгэн харж, гайхсан мэт болж ширтэж байв. Тийнхүү хэн хэндээ халдаж ядсан байдал гаргаж байх чөлөө завсар нөгөө хүүгийн уйлах чимээгээр эцэг эх нь хүүгээ олж аваад тэндээс бэдрэн явсаар эрэлхэг бяцхан хүүг олжээ. Араатны аманд тулгарсан хүүгээ аав ээж нь аварч харцуул чоныг хөөж авлажээ.

0 Сэтгэгдэл: