Муур багш

Урьд цагт нэг лам бясалгал хийж суудаг байж. Тэрээр нэг муур тэжээдэг байжээ. Тэр муур нэг өдөр ламын хөөргийг нь хулгайлжээ. Лам хөөж явж хөөргөө олж авав. Бас нэг өдөр эрихийг нь хулгай хийж аваад нүхэнд орчихож. Сүүлнээс нь чангаагаад сүүлийг нь тас татжээ. Тэгээд муураа гэрээсээ хөөчихөж гэнэ. ...
Муур яваад олон оготно хулгана байдаг газар очиж. Нэг оромж барьж ламын эрхийг хүзүүндээ өлгөж суужээ. Нэг өдөр олон оготно ирж, эс халдаж. Тойрон байж. Тэгэхлээр муур хэлжээ,
- Та нар надаас бүү ай, би Муур багш байна! Амьтны амийг тэвчсэнийхээ төлөө та нарт ариун ном зааж өгье! Ирцгээ! Ирцгээ! гэжээ. Тэгэхлээр оготнууд ойртоцгоож ном заалгах болж гэнэ. Нэлээд хэдэн хоног болсон хойно тэр оготнуудын хаан Хүчин туст хэлжээ,
- Аа, энэ манай багш биднээс иддэг бололтой. Бие махбод нь машид их таргалж. Баас нь болбоос яс үс холилдон гарсан байна. Та нар айлын нутаг дээрээс нэг хонх олж ир!” гэж хэлээд хэдэн оготно явуулж. Тэд ч айлын нутаг дээрээс хонх олж ирээд “Багшид чимэг өргөе!” гээд хүзүүнд нь зүүчихжээ. Тэгээд Хүчин туст хулганууддаа хэлж,
- Энэ өдөр номоо заалгаж цөм цувж гарцгаа, хэрвээ хонх дуугарвал цөм эргэж орцгооно шүү! гэж. Ном заалгаж дуусаад цөм цувж гарч. Хонх дуугарчээ. Яаран эргэж орцгоосонд муур багш нэг оготно бариад идэж байжээ. Тэгэхлээр Хүчин туст оготно хэлж,
- Хуурамч сэтгэлт чоно мэт багшийн худал үгэнд итгэж хайран хулганууд минь цөөрч бид хохирлоо.Одоо эндээс өөр газар нүүе гэж хэлээд ондоо нутагт нүүцгээжээ. Харин муур “Би баасаа нуусан бол ийм хэрэг юунд болох вэ?" гэж ихэд гэмшин бодсоноос хойш муур баасаа үргэлж булж нуудаг болсон гэдэг.

Шошго: |

0 Сэтгэгдэл: