Ухна ишиг чоныг айлгасан нь

Урьд нэг баян айлын хуучин өвөлжөөн дээр цагийн гачаал бэрхэд туйлдаж цасан доор дарагдаж үлдсэн нэг ухна ишиг бухан бяруу хоёр байжээ. Гэтэл удалгүй хаврын урин улирал ирж хамаг бодис шинэтэн дулаан бүлээн болоход хоёулаа цасан доороос арай чүү амьтай голтой гарч бага зэрэг тэнхэл ороод хамт явж байтал зам дээрээс нэгэн чонын арьс олжээ. Түүнийг аваад цаашаа явтал талд нэгэн цагаан гэр үзэгдлээ. ... Тэр зүг чиглэж гадна нь очоод арьсаа үүдэнд нь тавиад орж үзвэл долоон том чоно найрлан сууцгааж байна.
Эхний чоно, дээр суусан бухан бяруунаас,
- Чиний нэр хэн бэ? гэсэнд бяруу,
- Гүзээ ихт гүрний жанжин гэв. Чоно дахин ухна ишигнээс,
- Чиний нэр хэн бэ? гэсэнд ухна ишиг,
- Миний нэр сэлэм эвэрт Сэнгэ баатар гэдэг гэсэнд олон чоно баахан гайхаж бас дахин асуусан нь,
- Эрхэм та нар тухайлан ямар хэргээр явж байна? гэсэнд ухна ишиг хэлсэн нь,
- Хаан хурмастад далан сайн чонын арьсаар дах хийж өргөх албанд оногдоод явж байтал баруун жалганаас нэг муу чоно аллаа. Тэгээд наашаа иртэл харин энд долоо байна” гэсэнд эхний чоно,
- Би гарч шээгээд ирье гэж гарч одоод гаднах чонын арьсыг үзэж ихэд аюун зугтав. Дараах чононууд түрүүчийн хашир чоно эргэж ирсэнгүйд бүгд гайхаж нэг нэгээрээ шээх гэж гарч явсаар хамгийн сүүлд нэг чоно үлдсэнд ухна ишиг хамт гарвал тэр чоно гадаа байгаа арьсыг үзмэгц нэг амьсгалаар дөрөв тав харайн ухаан зулаггүй зугтав. Ухна ишиг хойноос нь амь тэмцэн хөөв.
Хөөж явтал нэг бага мөрний ус хөлдсөн мөсөн дээгүүр чоно зугтан гарахад ухна ишиг хойноос нь хөөн гартал хальтран салтаагаа хагалав. Ухна ишиг салтаагаа хагарсныг чононд мэдэгдэхгүйн тулд түүний хойноос өндөр дуугаар хашгиран,
- За чамайг би өмдний тэлээ тасраагүй бол! хэмээн их л идэрхэг эрэлхэгээр хараан сүрдүүлж заналхийлээд эргэн гэрт очиж амар сайхандаа жаргажээ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: