Гээгдсэн цаг үеийн тухай үлгэр (I хэсэг)

Евгений Шварцын өгүүллэгийг миний охин Энхсаруул орос хэлнээс орчуулсан болно.

Петя Зубов гэдэг нэгэн хүү байжээ. Тэр 14-р сургуулийн 3-р ангид сурдаг ба орос хэл, математик, тэр байтугай хөгжмийн хичээлдээ хүртэл тааруухан суралцдаг байв.
- Амжина! гэж тэр 1-р улирлын сүүлээр хэлэв. 2-р улиралд та нарыг бүгдийг чинь гүйцнэ дээ гэв.
2-р улирал боллоо. Петя 3-р улиралд л хичээлээ хийсэн шиг хийе дээ гэж бодов. Ийнхүү тэр хоцорсоор хоцорсоор. Түүндээ ерөөсөө ч санаа зовохгүй, амжина даа амжина гэсээр байв. ...
Нэгэн удаа Петя сургуульдаа урьдын адил хоцорч ирээд хувцас сольдог өрөө рүү гүйв. Цүнхээрээ өлгүүрийн тавцанг цохиод:
- Наташа эгчээ! Миний пальтог аваарай! гэж хашгирав. Наташа эгч өлгүүрүүдийн цаанаас:
- Хэн бэ? гэсэнд:
- Петя Зубов байна аа гэж хүү хариулав. Наташа эгч:
- Хоолой чинь өнөөдөр яагаад сөөчихөө вэ? гэж асуув. Петя:
- Мэдэхгүй ээ. Өөрөө ч гайхаж байна аа гэв. Наташа эгч өлгүүрийн цаанаас гарч ирэн Петя руу харснаа:
- Ой хэмээн цочин хашгирав. Петя Зубов ч цочоод:
- Юу болвоо? гэж асуув.
- Юун юу гэж? Та хэлэхдээ өөрийгөө Петя Зубов гэсэн, гэтэл үнэндээ та тэрний өвөө нь байж таарна гэв.
- Юуных нь өвөө гэж? Би чинь 3-р ангийн Петя л байна шүү дээ хэмээн Петя хариулав.
- Та толинд хардаа гэж Наташа эгч хэллээ. Хүү өөрийгөө толинд хараад эгээтэй л уначихсангүй. Петя өндөр, туранхай, буурал өвгөн болон хувирсан байлаа. Нүүрээр нь дүүрэн үрчлээнүүд байлаа. Өөрийгөө хараад буурал сахал нь чичрэв. Хүү аргил хоолойгоор:
- Ээжээ гэж хашгираад сургуулиасаа гарч гүйлээ. Гүйж байхдаа “Ээж маань намайг танихгүй бол ч бүх юм өнгөрнө дөө” гэж бодов.
Петя гэртээ гүйж ирээд хаалгаа гурван удаа тогшив. Ээж нь хаалгаа тайлаад Петя руу харан дуугуй зогсоод л байв. Петя ч үг хэлсэнгүй. Эцэст нь ээж нь:
- Хэнтэй уулзах вэ өвөө? гэж асуув. Петя харин:
- Та намайг танихгүй байна уу? гэсэн чинь ээж нь:
- Үгүй ээ, уучлаарай гэв. Хүү харсан зүг рүүгээ буцан алхав. Тэрээр алхангаа “Би ямар азгүй ганц бие өвгөн бэ? Ээжгүй, хүүхэдгүй, ачгүй, найзуудгүй... Хамгийн гол нь юу ч сурж амжсангүй. Жинхэнэ хөгшчүүд чинь докторууд, зарим нь мастерууд, эсвэл академич, эсвэл багш байдаг. Харин би 3-р ангийн сурагч, хэнд хэрэгтэй гэж?...3 жил ажилласан ч тэтгэвэр өгөхгүй юм. Ажилласан ч гэж дээ муу, дунд л ажилласан. Надад юу тохиолдох бол доо? Би ч өрөвдөлтэй өвгөн юм даа!! Азгүй хөвгүүн юм даа! Энэ бүхэн юугаар төгсөх бол?” гэж бодов.
Йинхүү Петя бодол болон алхсаар хотоос хэрхэн гарч ой мод руу орсноо санахгүй байв. Харанхүй болоогүй тул тэр алхсаар байв.
- Сайхан амрах юмсан гэж Петя бодтол, гэнэт гацуурнуудын цаана нэгэн жижиг байшин цайрч харагдав. Петя байшинд ортол эзэн нь байхгүй байлаа. Өрөөний голд ширээ, түүний чанх дээр керосин дэн дүүжлээстэй байлаа. Ширээний эргэн тойронд дөрвөн мухар сандал харагдана. Ханан дээр годил цаг чаг чаг хийнэ. Харин буланд нь овоолсон өвс байа аж.
Петя өвсөн дотор гүн шурган орж чимээгүйхэн уйлан сахлаараа нулимсаа арчаад дулаацсандаа унтчихжээ. Сэртэл керосин дэн асаатай, өрөө гэрэлтэй байлаа. Нөгөө ширээг тойроод хоёр хүү, хоёр охин сууж байна. Зэсээр бүрсэн том тоонууд тэдний өмнө байв. Хүүхдүүд:
- Хоёр жил, дахиад таван жил, дахиад долоон жил, дахиад гурван.......Энийг танд Сергей Владимирович, харин энэ таных Ольга Капитоновна, энийг танд Марфа Васильевна, харин энэ таных Пантелей Захарович гээд тоолоод л бүвтнэлдээд байлаа.
Ямар сонин хүүхдүүд вэ? Яагаад эд нар баргар царайтай байгаа юм бол, яагаад тэд жинхэнэ хөгшчүүд шиг аахилаад, ёхлоод бас амьсгаадаад байгаа юм бол, яагаад бие биенийгээ овог нэрээр нь дуудаад байгаа юм бол доо, яах гэж ойн ганц жижиг байшинд ийм харанхуй шөнө цугларч байгаа юм бол.
Петя Зубов таг чиг, амьсгалахаа ч болиод үг бүрийг сонсож байв. Тэгээд сонссон бүхнээсээ айж эхлэв.
Ширээний ард сууж байсан хүүхдүүд хорон санаат илбэч нар ажээ. Хорвоо дэлхий дээр цагаа дэмий өнгөрөөдөг хүмүүс яаж хөгширч байгаагаа мэддэггүй аж. Үүнийг мэддэг хорон санаат илбэч нар тийм хүүхдүүдийг олзлон авдаг юм байж. Ингэж л тэд Петя Зубовыг бас нэг хүү, 2 охиний хамт барьж аваад хөгшин болгон хувиргажээ. Хөөрхий хүүхдүүд дэмий цагаа алдан хэрхэн хөгширч байгаагаа ч мэдэхгүй ажээ. Харин хорон санаат илбэч нар хүүхдүүдийн алдсан цагийг өөрсдөө авдаг байв. Тэгээд илбэч нар хүүхдүүд болоод, харин хүүхдүүд хөгшин болжээ.
Яаж ийм юм байж болох вэ?
Одоо юу хийх вэ?
Илбэч нар авсан цагаа тоолоод ширээн доор сампингаа хийх гэсэнд тэдний ахлагч болох Сергей Владимирович зөвшөөрсөнгүй. Тэр сампингаа аваад годилт цагны дэргэд ирэв. Тэр цагийн зүүг эргүүлж туухайг оролдоод, цагийн дүүжинг сонсоод дахиад сампингаа тас няс хийлгэв. Сергей цагийн зүү шөнө дундыг заах хүртэл тоолоод л, тоолоод л, бувтнаад л байлаа. Тэгэхэд Сергей Влапимирович сампингийн эрихнүүдийг холиод дахин өөрт нь хэдэн нас оногсоныг шалгаж үзнэ.
Дараа нь тэр илбэч нарыг дуудаад:
- Чөтгөр гэж, бид нарын хувиргасан хүүхдүүд эргээд залуу болж болох юм шүү дээ гэлээ.
- Яаж? гэж илбэч нар хашгиралдав.
- Одоо хэлж өгье гэж Сергей Владимирович өлмий дээрээ явж гараад байшинг тойрч ирээд хаалгаа дэгээгээр түгжиж модоор өвсийг эргүүлэв...

Үргэлжлэл бий...

0 Сэтгэгдэл: