Бангаа хүү

Урьд нэг Бангаа хүү гэж байжээ. Тэр хүү ээжтэйгээ хоёулхнаа суудаг байв. Бангаа хүү ганц сүхтэй юмсанжээ. Тэр сүхээрээ унагасан модоо айлд зарж амьдардаг юм байжээ.
Нэг өдөр Бангаа хүү ууланд гарч мод огтолж байтал хонх дуугарав. Бангаа хүү энэ юун хонх дуугарав гэж бодож, хонхны дуугаар очсонд хаданд нэг лам сууж байжээ. Тэр лам за хүү чи ирэв үү? Би чамд нэг юм захих гэсэн юм. Одоо гурав хоноод нэг их ус бууна. Харин чи мод овоол. Тэгээд ус орж ирэхээр ээжтэйгээ түүн дээрээ суугаад байгаарай. ... Тэгтэл чинь усан дотор нэг чавганц, нэг могой хэдэн оготно урсаж явна. Оготно могой хоёрыг нь аваарай. Чавганцыг нь битгий аваарай гэж хэлэв.
Бангаа хүү ийм үгийг дуулж, мод унагааж овоолоод тэр модон дээрээ ээжийгээ аваад гарчээ. Тэгтэл гурав хоногийн дараа нээрээ нэг их ус бууж үер болжээ. Хүү ээжтэйгээ модон дээрээ хөвөөд л явжээ. Тэгтэл нь могой урсаж явав. Хүү түүнийг шүүрдээд авчээ. Дараа нь хэдэн оготно урсаж яваа харагджээ. Хүү мөн тэднийг гаргаж авчээ. Тэгээд л явж байтал нэг чавганц амь авраарай үхлээ гэж орилоод урсаж явжээ. Тэгэхээр Бангаа хүү зайлуул даа эхтэй минь ялгаа юу байх вэ гэж бодоод чавганцыг авчээ.
Тэгээд ч нэг их удсангүй, ус татарч алга болжээ. Тэгэхээр нь тэр амьтад бүгдээрээ явж нүднээс далд оржээ. Хүү гэрээ үүрчихсэн ууланд явж байжээ. Урдаас нь бөөн хуй босож байв. Түүнийг ширтэн харсанд нүдэнд нь нэг сүрхий арзайсан амьтан харагдах шиг болжээ. Тэгэхээр нь хүү хуйг хажуугаараа өнгөрөхөөр нь сүхээ шидээд орхижээ. Хуй ч яваад өгчээ. Хүү сүхээ авахаар очсонд сүх нь их цустай хэвтжээ. Хүү сүхээ аваад, цусыг мөрдөөд явсанд нэг их нүхэн дотор орж орхисон байжээ. Хүү нүхэн дотор нь орж хойноос нь явсанд нүх нь явсаар байгаад уулыг нь хойш нь нэвт гарсан байв гэнэ. Хүү нүхнээс гараад харсанд уулын ар хөндийд олон гэр харагдав. Тэр рүү яваад нэг гэрт орсонд зэс хушуутай, зээрэн шилбэтэй хоёр амьтан сууж байжээ. Тэр хоёр хүү рүү муухай муухай харж байв. Хүү дуугарсангүй гараад явж байтал хоёр чулуун гэр тааралдав. Гэтэл тэр хоёр гэр төмөр цоожтой байжээ. Нэг гэрт нь хүн уйлж байгаа дуулдав. Хүү тэр гэрийн хаалгыг сүхээрээ хэмх цохиод орсонд олон хүн байжээ. Бидний хаалгыг ирж онгойлгож өгдөг та юун хүн бэ? Энэ тэр гэж шуугиан муугиан болж юу ч ойлгохын аргагүй байжээ. Тэгэхээр нь хүү энэ чинь ямар газар вэ? Та нар юунд энд ингэж байгаа юм гэж асууж гэнэ.
Тэр хүмүүс энэ чинь шулмасын орон юм. Биднийг шулмасууд авчраад цусы минь сортлоо хорьж байгаа юм гэв. Бангаа хүү энэ шулмасууд чинь тэгээд хаагуур байдаг юм бэ гэсэнд:
-Тэд гадуур гэрүүдэд байдаг юм. Өчигдөр шулмасын хаан гадуур явж байгаад бэртээд ирсэн юм байх аа. Түүнийг эмчилж л байгаа юм гэсэн. Энэ гадаа байгаа хүрэл хэнгэрэг цохихоор шулмууд цуглардаг юм гэж хэлэв.
Хүү гарч тэр хүрэл хэнгэрэгийг цохисонд олон муухай амьтнууд цуглажээ.
Хүү та нар цуглаж гүйцэв үү? Гэж асуусанд тэд:
-Гүйцлээ. Ганцхан хаан дутуу байна даа гэв.
Хаан чинь яасан юм, юунд ирдэггүй юм бэ гэсэнд:
Манай хаан одоо хариугуй муу байгаа гэхээр нь хүү гараад хаалгыг нь гаднаас нь түгжиж орхиод тэр гэрийг тал талаас нь мод овоолоод шатааж орхижээ. Тэгээд нөгөө олон хүнээ аваад шулмасын хааныд оржээ.
Хаан тэднийг хараад одоо би яадаг билээ гээд орноосоо босон харайгаад унажээ. Хүү сүхээрээ хааныг цавчиж алаад орхижээ.
Тэгээд тэр шулмасын хааныхаас морины толгойн чинээ молор эрдэнэ, есөн янзын шижир алтыг цутган сийлсэн алтан бугуйвч, бас бус алт мөнгө, эрдэнийн зүйл зөндөө авч ирээд, нөгөө олон хүнийг гэр гэрт нь явуулаад, хүү гэртээ ирж ээжтэйгээ хоёулаа алт мөнгөө эдлээд дураараа болжээ.
Гэтэл уснаас гаргасан чавганц нь шатаагдсан шулмасуудын ээж юм байжээ. Гэтэл урьд Бангаа хүүгийн хааных морин толгойн чинээ молор эрдэнээ алдчихсан юм байжээ. Тэгээд чавганц хааныд очиж танай морин толгойн чинээ молор эрдэнийг Бангаа хүү хулгай хийж авсан байна гэж худлаа ховложээ.
Тэгэхээр нь хаан Бангаа хүүг барьж авчруулаад эрдэнийн юмнуудыг нь хурааж аваад хүүг маргааш нь шоронд хийжээ. Хүүг тэндээ өлсөж турж үхэх гэж байхад нь өнөө уснаас гаргасан оготнууд нь жимс, хоол, унд зөөж дэмжиж байжээ. Энэ завсар өнөөх уснаас гаргасан могой очиж, хааны хүзүүгээр нь ороож орхижээ. Хаан үхэх дээрээ хүрч яах аргагүй болохдоо хадны даяач ламыг авчирч мэргэлүүлсэн нь та нар худал үгэнд орж гэмгүй хүнийг шоронд хорьжээ. Энэ учраас таны хүзүүгээр могой ороосон байна. Хэрэв тэр хүнийг гаргавал огт зүгээр гэж лам хэлэв.
-Нээрээ одоо тэр хүү үхсэн байлгүй дээ! Гэвч үзье дээ гээд очсонд хүү үхэх байтугай, харин таргалчихсан суужээ.
-Хааныхан баярлаж хүүг гаргаж, эрдэнийн нь юмнуудыг эргүүлж өгөөд, мөн дээр нь нэмж юм өгчээ. Тэгэхээр нь могой, хааны хүзүүг тавьж хүү гэртээ ирж ээжтэйгээ хоёулаа өнөөх юмаараа баяжиж амар сайхан жаргажээ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: