Саргай цэцэг болжмор хоёр

Алсын уулнаас хотын цэцэрлэгт нэгэн болжмор нисэж ирээд,
-Танай энд сайхан байна. Жийв жийв! Саргай цэцэг бутаараа цэцэглэжээ. Жийв жийв! Өтгөн сагсгар саргай цэцэг минь чамтай найзалъя гэж гуйж гэнэ.
-Чиний магтаал над хэрэггүй. Чамтай нөхөрлөөд ч ашиггүй. Бүхэл шөнөдөө тэнгэрийн од намайг ширтэж байдаг. Сар над уруу гэрлээ тусгаж, өглөө бүр алтан гургалдай уран хоолойгоор миний дэргэд дуугаа дуулдаг. ... Тэгэхэд болжмор чи өөрийгөө юу гэж бодно вэ? Өд сөд чинь сагсайгаад ямар үзэмжгүй юм бэ? Чамаас муухай үнэр ханхалж байна. Хушуунд чинь шавхай шавар наалджээ. Фу! Фа! Цаашаа тонил! гэж саргай цэцэг болжморыг хөөв. Болжмор дахин юу ч хэлсэнгүй нисэж одов.
Саргай цэцэгтэй хамт амьдрахыг эртнээс хүссэн өөр нэг амьтан байдаг ажээ. Тэр нь бор ногоон өнгөтэй төөлүүр хорхой юм. Төөлүүр хорхойд цэцгийн дэлбээ идэхэд амтлаг, дээр нь хэвтэхэд зөөлөн байдаг гэнэ.
Саргай цэцгэн дээр төөлүүр хорхойг ирж сууснаас хойш түүний дэлбээ бараг үгүй болжээ. Нэг өдөр нөгөө болжмор цэцгийн дээгүүр нисэн өнгөрөхдөө үүнийг ажиглаж мэдээд,
-Ах дүү нар аа, нааш ирээрэй! Энэ саргай цэцгэн дээр суусан төөлүүр хорхойг устгая! Жийв, жийв! гэж жиргэн дуудав. Болжморууд дорхноо цугларч төөлүүр хорхойг нүд ирмэх зуур устгав.
-Та нарт баярлалаа. Сайн санаатнууд зовлонгоос ангижруулж ач тус болдог юм байна гээд саргай цэцэг болжморт талархал илэрхийлээд дахин ургаж эхэлжээ.

0 Сэтгэгдэл: