Өлссөн чонотой тохиолдсон нь

Би өнгөрсөн намар хонь хариулж явахдаа хонь чоно хоёрыг хоёуланг айхтар сайн хариулдаг байлаа. Намайг угаасаа хашир хоньчин гэдгийг чоно гуай мэдээд “Яасан ч үүний хониноос авч чадахгүй, хоосон горьдсонд орвол Далан худалчаас үнэнээ хэлээд гуйя” гэж шийдсэн бололтой.
Тэр нэг гуриатсан чоно над дээр шулуухан хүрч ирээд ийн өгүүлрүүн:
“Далан худалч гуай минь ээ! Би гэдэг амьтан тун тэсэхээ байлаа. Та над өршөөж нэг хонь хайрлаач ээ!” гэж гуйлаа. ...
Би буугүй явсандаа ширүүлж чадсангүй арга ядахдаа ийн өгүүлэв:
“Хэрэв чи надад зуун удаа ташуурдуулбал нэг хонь өгч болно” гэлээ. Тэгтэл өнөөх чоно маань “Хонь л олдвол зуу ташуурдуулах ч яахав” гэж ам гарав. Тэгэхлээр нь тэр чоныг модноос хүлж байгаад сүүлнээс нь бариад л ташуурдаж гарлаа. Би хорсохдоо түүнийг тоогүй олон ташуурдсан байлгүй яахав, нэг мэдэхэд өнөөх чононы маань нүцгэн бие нь арьснаасаа мулт үсрээд л гаслан гангинасаар жилийж одов.
Би завшаанд нь сайхан арьстай болж үлдлээ. Удсангүй өнөөх арьсгүй чоно маань дахин хүрч ирээд л
“Далан худалч дархан Сэнгээ минь ээ! Өчүүхэн намайг өршөөж хайрла! Би чинь сүйд боллоо, надад арьсыг минь өгч үз” гэж гуйв.
“За тэгвэл чи надад махнаас бүрмөсөн гарна гэж андгайл! Тэгвэл нэг хонь өгье” гэж хэлэхэд өнөөх чоно “Махнаас гарч үхсэнээс арьсгүй явж үхсэн нь дээр гэсэн юм даа” гэхэд Дархан хаан
“Хөөрхий буян болог! Тэр муу чоныг тэгж зовоогоод яахав, арьсыг нь өгчих байж дээ!” гэв.
“Тэгвэл ноёнтон та над хэргэм тушаалаа өгчих л дөө! Танд буян болог!” гэв.
“Юу гэнээ хөө! Тэнгэрийн зарлигаар заяасан төрийн хэргэмийг чамд бас өгөх үү? Задарсан муу нохой даварч байна шүү” гэж зандрав.
“Тэгвэл тэр чоно арьстай ч тэр, арьсгүй ч тэр заяасан юм гээд л хонийг минь идсээр байх болно шүү дээ!” гэхэд Дархан хаан
“Заяа заяагаараа болог, цааш нь ярь” гэв.

Шошго: |

0 Сэтгэгдэл: