Тарган ооно алав.

Би урьд нэг намар говь нутагт ан гөрөө хийж явлаа. Тэгээд талд явж байсан чинь олон тарган ооно таарлаа шүү. Хөөрхий би ч яахав дээ! Сэмээрхэн гэгч нь мярайж очоод буудаад л тавьчихлаа. Ооно ч унаж л харагдана. Би ер нь буудчихаад нэг их яарч гүйж энэ тэр гэдэггүй юм л даа. Тэгээд аажуухан алхаад очтол өнөө ооно чинь гэнэт босоод л давхих нь тэр, яахав дэмий нэг шийрдэж аваад л алдлаа. Гайхаад унасан газрыг нь харсан нэг бөөн хар юм хэвтэнэ шүү. “Юу байдаг билээ?” гээд үзтэл өнөөх чинь гэдсээ хаячихаад давхиад явчихсан байхгүй юу, тэгээд л яахав дээ нэг сайхан тарган гэдэстэй болоод гэртээ харилаа. ...
Хойт жил нь өнөөх газраараа бас гөрөөлж явсан хөөрхий олон зээрний дунд нэг зэгзгэр сайхан шаргал ооно явж байна шүү. Баярласан ч гэж яриад яахав, буун харайгаад л бушуухан гээч нь салхий нь дэрлэж очоод буудаад л тавьчихлаа. Ооно ч үсрээд л явчихлаа. Алхаж очоод өнөөхийгөө үзсэн чинь тарган гэдэг нь жигтэйхэн. Тэгээд хэвлийгий нь яраад орхисон чинь гэдэсгүй юм. “Яасан хачин хэрэг билээ?” гээд үзсэн чинь улаан хоолой хошного хоёр нь зөрөөд эдгэсэн байхгүй юу.
“Яагаад энэ билээ?” гээд бодсон чинь өнөө миний ноднингийн буудсан ооно яг мөөн. Тэгж би нэг тарган ооно унагаж пологтох шахаж билээ.
“Гэдэсгүй ооно чинь гэдэстэйгээсээ илүү таргалдаг юм байдаг шүү” гээд ярьж суутал эхнэр нь гаднаас орж иржээ. Тэр хүний эхнэр нөхрөө “Худал хэлдэг” гэж зэмлэх тул эхнэрээсээ эмээдэг байжээ. Тэгээд эхнэрээ ороод ирэхээр цааш худал ярих аргагүй болохдоо хүний араар орчихоод “Сарьсан хамар дээрээ гурван хуруу өөхтэй байсан шүү” гээд мөрөн дээгүүр нь гурван хуруугаа гозойлгож байсан гэнэ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: