Ташуур аянга болов.

Би урьд залуу байхдаа
Хүй мандал, хүрээ босгын хооронд
Өртөө хийж улаа залгуулж
Өглөө үзэш өөд уруугүй давхиж явахдаа
Тээгэн чинээ даага унаж
Тэвхэн чинээ шүдлэн зайдлаж
Гүйхээр нь тавьж
Гүзээгээр нь ороолгож
Харайхаар нь тавьж
Хавиргаар нь давирч
Буухиа даган бүрхийлгэж ...
Элч даган эрэвхийлгэж
Элдвийн юмыг үзэж явлаа.
Нэгэн өдөр манай өртөөнд
Ууртай гэдэг нь могой шиг
Уухилаа гэдэг нь бух шиг
Ширүүн гэдэг нь шуурга шиг
Сүрхий нэг ноёнтон гуай хүрч ирээд
“За би тэнгэр угсаат ноён хүн болохоор
Зааны махнаас өөрийг иддэггүй
Жороо моринооос өөрийг унадаггүй хүн” гэж залж гарлаа.
За тэгээд далан худалч нь заавал ганц морио түүнд унуулах боллоо.
Би ч улаа нэхэж гарлаа
Жороо борыг минь уначихаад ноёнтон гуай
Жолоо хумхилгүй жийж гарлаа
Зуузай холбоод л би ч давирч гарлаа
Тэгтэл ноёнтон гуай маань
Тэс хөндлөн зөрж зогсоод
“Тэнгэр язгуурт, ариун угсаат хүнтэй
Тэнэг муу зарц зэрэгцэж явах ёс байна уу хөө!
Хойноос дагаад яв” гэж хэлээд
Намайг тас хийтэл ороолгоод авлаа.
“Яасан догшин эд вэ энэ чинь
Далан худалч чамаас хариугаа авдаггүй бол
Юуны хүү болох бол доо!” гэж бодоод хойноос нь дагаад явж байтал гэнэт тэнгэр бүрхээд цахилгаан цахилаад сүйд болж эхлэв. Би ч бэлэн болчихоод л ноёны араас дагаад байлаа. Тэгтэл тэнгэр тасхийгээд ойрхон шиг цахилгаан манасхийв. Би ч ноёны далан дээгүүр ташуураар тас хийлээд авлаа.
Ноёнтон гуай ойччихлоо! Би ч бас тэнд нь буулаа. Тэнгэр цэлмэж бороо арилахад ноёнтон гуай сэхээ орж босоод ийн өгүүлрүүн:
“Тэнгэр язгуурт хүн гэсэндээ би золтой л ниргүүлсэнгүй өнгөрлөө. Тэнэг муу харц чи ч үхээ биз?” гэж асуухад нь
“Эзэн ноёнтон минь, энэ тэнгэр чинь эрээн барааныг ялгадаггүй тэнгэр байна даа! Тасхийхэд нь тархин дундуур гал манас хийх шиг болсон шүү” гэхэд
“Хэлээд яахав. Чойжин сахиус минь!” гэв.
“Ташуур ч хүртэл аянга болж мэдэх нь байна, ноёнтон минь” гэхэд
“Ташуур аянганы дэргэд юу ч биш” гэж хэллээ. Ийнхүү ташуураар аянга буулгаад морио амрааж амьсгаа дарснаас хойш омогтой ноёны омог дарагдаж олгойдсон хөлс нь сая нэг хатсан юмаа.

Шошго: |

0 Сэтгэгдэл: