Хэрсүү бадарчин

Урьд нэг бадарчин их л өлсөж ядарч явсаар айлд ирж хоолыг нь хүлээж ядан суув гэнэ. Гэтэл ашгүй тэр айл ч хоолоо хийж эхэлж. Гэрийн дотор галаас өөр гэрэл байсангүй, ажиглавал будаатай хоол хийж байгаа бололтой.
Намрын сэрүүн салхи сэвэлзэж мөн айлын авгай хүүхэн хоёр үнээгээ саах гэж гарч орсоор байв. Эх нь орж ирээд нэг атга давс шиг юм хоолондоо хийчихээд гарав.
Удсангүй хүүхэн нь орж ирээд нөгөөдөхөөс нь хоёр гурван атгыг хоолонд хийгээд гарсанд бадарчин урам нь хугарч “За даа энэ хоолыг ч хүн амьтан амсахын аргагүй юм боллоо. Би энэ шөнө лав л хоосон хонох болов” гэж санааширсаар суув. ...
Тэгтэл эх, хүүхэн хоёр үнээгээ сааж гүйцээд орж ирмэгц хоолоо гаргаад “Алив лам гуай аягаа. Хоол хийж өгье” гэж хэлэв.
Бадарчин аягаа дурамжхан өгч “За дундуур хийгээрэй” гэлээ.
“Давсыг яана даа” гэж бодсон бадарчин уг хоолонд хошуугаа хүргэж ядан амстал их чихэр хийсэн тун амттайхан сүүтэй цагаан будаа байв гэнэ.
“Үүнийг би хэрэггүй дундуур гэж хэлэв. Ахиад идэх юмсан”гээд бадарчин дэмий л аягаа долоох дүр үзүүлж байтал ашгүй “Алив лам гуай аягаа” гэж нөгөө авгай хэлэв.
Бадарчин “Дундуур дундуур” гэж бас хэлжээ. Бадарчин ингэж “дундуур дундуур” гэсээр долоон дундуур идсэн гэнэ.

0 Сэтгэгдэл: