Амбан ноёныг алгадсан нь

Эрт урьд нэгэн цагт юмсан
Хулгана жилийн намрын эхэн
Сарын шинийн гурваныг
Хутагт лам ширээнд суусан
Хувьтай сайн өдөр гэж
Хурсан буяны дээж гэж
Хураасан малын хишиг гэж ...
Хүрээний амбанд айлтгал гэж
Есөн цагаан бэлэг хүргэхээр
Дайчин бээсийн хошуунаас
Далан тэмээ ачаатай
Даа хүрээний амбаныд
Далан худалч би хүрч ирсэн юм
Ачаа хөсгөө буулгаж
Амбан ноёнд хишиг хүртээж
Агт морь, атан тэмээ
Ам цагаан хонь, алт мөнгө
Амттан идээ, архи дарс
Аль байдаг есөн цагаанаа бариад
Алба багасгаж элч цөөтгөхийг гуйж
Айлчин гийчний ёсоор бууж билээ
Амбан ноёнд хүн гэгдэж
Албан ёсонд зочин гэгдэж
Архи дарс амттан идээгээр дайлуулж
Аятайхан тав хонолоо
Бид ч явах боллоо
Амбан ч царайгаа хувилгав бололтой
“Бэлгийн хариуг дараа өгнө
Бичиг захиаг хошуу ноёнд чинь хүргэнэ” гэж хэлээд
Биднийг хоосон гаргалаа
“Бэлэг хүргээд хоосон буцах муу ёр” гэж
Манай нөхөд дургүйлхэв
“За тэгвэл есөн цагааныхаа хариуд
Амбан ноёныг нэг алгадвал яана!” гэж
Би тэдэнд хэллээ
“Хэрэв амбан ноёыг алгадвал
Чиний бөндгөр чинь амбан ноёны
Үүдэн дээр үүрд өлгөөстэй байх болно”
Гэж манайхан ам алдав
“За тэгвэл Далан худалч дийлэх нь үү
Даа лам хүрээний амбан дийлэх нь үү
Үзнэ дээ” гэж ам өчиг тавив
Маргааш өглөө нь би маш эрт босч
Амбан ноёны үүдэн дээр сахин
Сууж байтал амбан ч гараад ирлээ
Би ч тасхийлгээд авлаа
Амбан ноён ч газар үхэтхийн унав
Албат нар ч бужигналдаж эхлэв
Элээ яалаа! Халаг хоохой! Энэ тэр болцгоов
Амбан ноён арай хийж өндийлгөөд
“Ай чи яаж байна?” гэж асуув
Тэгэхлээр нь би ийн хэлрүүн:
“Өршөөгөөрэй эзэн тэнгэр минь
Би гэдэг хүн архаг өвчнөөр
Арван жил өвдөөд эм дом
Эмч сувилагч элдэв дээдээр
Аргалаад эдгэсэнгүй болохоор нь
Эрхэм мэргэдээс асуувал
Тэнгэр алгадвал чиний энэ өвчин
Эдгэнэ гэж хэлсэн юмаа
Гэтэл над шиг
Муу заяат, мухар толгойт
Усан нүдэт, цусан зүрхтэд
Тэнгэр яахан олдох билээ
Арга буюу таныг манжийн хаан
Эзэн тэнгэрийн хүү тэнгэрлэг
Язгуур их тэнгэр хэмээн
Алдаршсан болохоор таныг л
Алгадахаас өөр аргагүй боллоо
Уучилж хайрлана уу!” гэхэд
Манжийн амбан ийн хэлрүүн
“Чамдаа ч би тэнгэр нь тэнгэрээ
Өвчин чинь эдгэрэх болтугай
Өш хонзон байхгүй болохоор
Хамаагүй ээ! Явбаа!” гэж хэллээ
“Эзэн тэнгэр минь ингэж намайг
Баярлуулах гэж дээ, одоо та бид
Хоёр өглөг авлага, өш хонзон байхгүй
Болохоор та ч морилж үз
Би ч явъя даа” гээд гарч одлоо
Тэгээд намайг хүрээ амбанд хүргэсэн
Есөн цагаан бэлгийнхээ хариуд
Амбан ноёныг алгадсан тухай манай
Нутгийнхан сонсоод “Чиний алга
Есөн цагаанаас үнэтэй болжээ” гэж үнэлсэн юм.
Ингэж би амбан ноёнд алга буулгаж
Явсан толгой доо! Ха, ха, ха.

Шошго: |

0 Сэтгэгдэл: